Аливаа төсөл хөтөлбөрүүдийг өндийлгөхөд хөрөнгө оруулалт хамгийн чухал. Харин хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, бодлого чухал. Манай улсад 2018 онд орж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 1 тэрбум 867 сая ам.долларт хүрсний дийлэнх нь уул уурхайн салбарт, мега төслүүдийн хөрөнгө оруулалтад төвлөрөөд байна. Эдийн засаг нэг салбараас хамаарах нь эрсдэлтэй тухай бид олон жил ярьж байгаа. Хөрөнгө оруулалт ч мөнөөх л нэг салбарт төвлөрч байгаа нь, энэ чиглэлд бодлого боловсруулж, шийдвэр гаргагчид илүүтэй анхаарах ёстойг илтгэж буй.
Тэгвэл Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир хөрөнгө оруулалттай холбоотойгоор дараах байр суурийг илэрхийлж байна. Тэрбээр:
-Эрсдэлийг дурдахаас өмнө төлбөрийн тэнцлийн ерөнхий дүр зургийг авч үзье. 2018 оны төлбөрийг тэнцлийн алдагдал 141.2 сая ам.доллар байна. Энэ алдагдлыг бий болгож байгаа гол хүчин зүйл нь урсгал тэнцлийн алдагдал юм. Энэ нь 1.9 орчим тэрбум ам.доллар. Үүнтэй тэнцүү хэмжээний гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирсэн нь гадаад валютын захыг тогтвортой байлгах, гадаад валютын улсын нөөцийг өсгөхөд чухал нөлөө үзүүлсэн. Гэхдээ 1.9 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалтыг бүтцээр нь задалж, зөв ойлгох хэрэгтэй. Үүнийг дотор нь, мега болон мега бус төслүүдэд орж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт гэж хоёр хувааж болно. Мега төслүүдэд 1.75 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн бол 150 орчим сая ам.доллар нь уул уурхайн мега бус төслүүдэд зориулсан хөрөнгө оруулалт юм. Мега төслүүдэд орж ирж байгаа 1.75 тэрбум ам.долларыг дотор нь задлаад үзвэл 300 орчим сая ам.доллар нь толгой компаниас тухайн мега төсөлд өгсөн зээлийнх нь хуримтлагдсан хүү байгаа юм. Тэгэхээр нийт 1.9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг 300 сая ам.доллараар цэвэрлээд харвал 1.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт биетээр орж ирсэн байна. Үүнээс 150 орчим сая ам.доллар нь уул уурхайн мега бус төслүүдэд. Үлдэж байгаа 1 тэрбум 450 орчим сая ам.доллар нь мега төслүүдэд орж ирсэн хөрөнгө оруулалт. Мега төсөлд орж ирсэн хөрөнгө оруулалтыг дахиад дотор нь ангилж үзвэл, зээл, зээлийн бус гэж ангилна. Үүний 50 орчим хувь нь зээлээр орж ирсэн хөрөнгө оруулалт бол үлдсэн нь өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх хэлбэртэйгээр орж ирсэн. Мэдээж гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирж байгаа нь эдийн засгийн идэвхжилийг дэмжиж, валютын захын тогтвортой байдлыг хадгалахад чухал нөлөө үзүүлж байгаа. Гэхдээ бүтцээр нь аваад үзвэл зээл багагүй дүнг эзэлж байгаа юм. Тухайлбал, зээл, зээлийн хүүний төлбөрүүд 1 тэрбум орчим ам.долларыг бүрдүүлсэн. Тэгэхээр цаашдаа үүнд хүүний төлбөрүүд гарна. Өөрөөр хэлбэл, дээрх 1 тэрбум ам.доллар нь Монгол Улсын гадаад өрийг өсгөсөн гэсэн үг. Гадаад өр маань гадаад валютаар илэрхийлэгдэж байгаа. Иймд анхаарах зүйл нь гадаадын шууд хөрөнгө оруулалт богино хугацаанд ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийн идэвхжилийг дэмжихэд чухал хэдий ч өрийн хэмжээг өсгөж байна. Тэгэхээр өрөөр санхүүжиж буй хөрөнгө оруулалтыг үр ашигтай зарцуулах нь чухал. Тухайн авсан зээлээсээ илүү үр ашигтай, орлого олж ирэх зүйлд зарцуулах нь чухал. Тэгэхгүй бол дунд, урт хугацаандаа эргээд л эдийн засгийн тогтворгүй байдлыг бий болгох эрсдэлтэй” гэж байна.
Хөрөнгө оруулалтын газрын зураг хэрэгтэй
Гадаадын хөрөнгө оруулалтыг төрөлжүүлэх чиглэлд Төв банкны зүгээс хэрхэн ажилладаг талаар:
-Гадаадын шууд хөрөнгө оруулалт нь өөрөө онцлогтой. Нэгдүгээрт, тухайн улсын эрсдэлийг бүхэлд нь харж байж орж ирэх эсэх нь тодорхойлогддог. Хоёрдугаарт, тухайн улс дотроо эдийн засгийн ямар салбар нь эрсдэл багатай вэ, хөрөнгө оруулахад таатай салбар нь аль вэ гэдгийг нягталж, эрсдэлийг давах хэмжээний өгөөжтэй салбар хаана байгааг харна. Монголын эдийн засгийн өнөөгийн бүтэц, бэлэн байгаа баялаг, онцлогийг харахаар яах аргагүй уул уурхайн салбар л хөрөнгө оруулагчдын нүдэнд тусч байгаа. Гэхдээ том зургаараа эдийн засгийн төрөлжилтийг бий болгох зайлшгүй шаардлагатай. Эдийн засгийг төрөлжүүлэхэд эх үүсвэр хэрэгтэй. Эх үүсвэр нь гадаад болон дотоодоос бий болох боломжтой. Дотоод эх үүсвэрийн хувьд банкуудын зээлжүүлэлт болон хөрөнгийн зах зээл дээр бий болж буй IPO болон бусад хөрөнгө оруулалтууд. Монголын хувьд банк төвтэй санхүүгийн системтэй учраас банкны салбараас гарч байгаа зээлийг эдийн засгийг төрөлжүүлэх, уул уурхайн бус салбарт чиглүүлэх нь чухал. Монголбанкнаас хэрэгжүүлж эхэлсэн макро зохистой бодлогын арга хэмжээнүүд нь энэ зорилт руу хүргэхэд тодорхой түвшинд нөлөөлнө. Харин гадаад эх үүсвэрийн хувьд Монгол Улсын Засгийн газар буюу төр өөрийн тодорхой стратегиа хөрөнгө оруулагчдад зарлах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын газрын зураг гэдэг зүйлийг гаргаж ирээд, уг газрын зургийн дагуу бид дунд, урт хугацаандаа энэ салбарыг түлхүү хөгжүүлнэ, үүний тулд төрийн зүгээс ийм дэмжлэг үзүүлнэ, ингэснээр өгөөж ингэж нэмэгдэнэ гэдгийг харуулах шаардлагатай. Тэгэхээр хувийн хэвшил энэ салбарт хөрөнгө оруулснаар ийм үр дүнд хүрнэ гэдэг том газрын зургаа гаргаж ирж байж, гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирнэ. Түүнээс биш дан ганц хувийн сектор энэ бүх эрсдэлийг үүрч, хөрөнгө оруулалт татна гэдэг хэцүү” гэж байр сууриа илэрхийлж байна.
Сэтгэгдэл ( 1 )
эрчим хучний ганц ч ажил урагшилсангуй ээ. шуналын тулам ц.Даваасурэнг яаралтай солиороо