Арилжааны банкуудын өрсөлдөөний тоймыг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс /ЭЗБӨЧС/ гаргаснаар өмнө нь мэдээлсэн. Капитал банкийг оруулалгүй тооцсоноор 13 банкны нийт актив 32.7 их наяд төгрөг байгааг тайланд өгүүлсэн байсан. Тэгвэл “Монголын банкуудад итгэж болох уу?” гэдэгтэй холбогдуулан Монголын банкны холбооны дэргэдэх судлаачид байр сууриа илэрхийлээд байна. Арилжааны банк бол мөнгөн хөрөнгийн илүүдэлтэй байгаа хэсгээс хөрөнгийг татаж, дутагдалтай байгаа хэсэгт шилжүүлэн, харилцагчдын итгэл дээр суурилсан санхүүгийн зуучлалын үйл ажиллагаа үзүүлдэг, харилцагчдын хоорондын төлбөр тооцоог хийж гүйцэтгэдэг. Эцсийн зорилго нь санхүүгийн үйлчилгээгээр дамжуулан ашиг олоход чиглэдэг, итгэлцэл дээр суурилдаг онцлог бизнес байдаг.
Эдийн засаг дахь санхүүгийн зуучлалын үүргийг банкны салбар дангаараа үүрч буйг үзүүлэлтүүд илэрхийлнэ. Тодруулбал, манай ДНБ-тэй харьцуулахад банкны нийт актив 90 хувь, нийт зээл 50 хувь, иргэдийн зээл 31 хувь, ЖДҮ-ийн зээл 10 хувьтай тус тус тэнцэж байна. Энэ хэрээр банкны секторын тогтвортой байдал чухал байдаг. Тэрчлэн банк, санхүүгийн тогтвортой байдлыг засаглал болон санхүүгийн үзүүлэлтүүдээр дүгнэдэг. Тухайн банк хэвийн тогтвортой үйл ажиллагаа явуулж буй эсэхийг санхүү, төлбөрийн чадварын үзүүлэлтээр хардаг байна. Тэгвэл Монголын банкуудын чадавхыг дараах үзүүлэлтүүдээс харна уу.
Өөрийн хөрөнгийн харьцаа
Санхүүгийн болон үйл ажиллагааны эрсдлээс сэргийлж банкны хувьцаа эзэмшигчид тодорхой хэмжээний хөрөнгийг Монголбанкинд бэлнээр байршуулдаг. Өөрийн хөрөнгийн хувь нь активын 14 хувиас доошгүй байх шаардлагатай. Тэгвэл Монголбанкны мэдээлэлд тулгуурласан дараах зурагт энэ харьцааг бүх банкууд хангаж байна.
Хөрвөх чадварын харьцаа
Харилцагч богино хугацаанд их хэмжээний мөнгө шаардлагатай болоход тухайн цаг мөчид нь гаргаж өгч чадах уу? гэдэг нь банкуудын хувьд чухал байдаг. Тиймээс энэ эрсдэлээс сэргийлэхийн тулд активын 25 хувиас их байх хэрэгтэй. Уг шаардлагыг бүх банкууд хангаж байгаа аж.
Хадгаламж 7.8 хувь өссөн
Харилцагчид банкинд итгэж мөнгөө хадгалуулдаг. Банк тэрхүү хадгаламжаар ААН, иргэдэд зээл олгодог. Иргэдийн банкинд итгэх итгэл хэр түвшинд байгааг банкуудын хадгаламжийн өсөлт илэрхийлдэг. Тэгвэл 2018 онд банкны салбарын хадгаламж 13 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх оноос 7.8 хувиар өссөн үзүүлэлт.
Сэтгэгдэл ( 2 )
Mongoldoo bol HHB, Golomt 2 itgeltei tom banknuud. Er ni itgehgui geed yahav dee, bankind munguu hadgaluulahgui gertee hadgalaad hulgaid aldaj baisnaas bankind huu ni usuud hevtej l baig.
З