Хэнтийн нөхөн сонгуулийг “нөхөх” нэр дэвшигчид хэн байх вэ!

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 14

Өнгөрөгч оны зургадугаар сарын 14-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Д.Гантулгыг өөрийнх нь хүсэлтээр гишүүнээс чөлөөлж, төрхөмд нь буцаасан. Түүнээс хойш УИХ-ын 42 дугаар тойрог тэр дундаа 10 гаруй мянган сонгогч сарвайх эзэнгүй сулдаа ганхаж байна. Тус тойрогт Хэнтий аймгийн Жаргалтхаан, Мөрөн, Хэрлэн сумд багтдаг. Монгол Улсын Их Хурлын чуулганы 2019 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн хуралдаанаар УИХ-ын 42 дугаар тойрогт явуулах нөхөн сонгуулийг 2019 оны хоёрдугаар сарын 10-ны өдрөөс товлон зарлаж, нөхөн сонгуулийн санал авах өдрийг энэ оны зургаадугаар сарын 30-ны өдөр явуулахаар тогтоод байгаа. 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэл ирэх тавдугаар сарын 5-наас зургадугаар сарын 7-ны хооронд явагдах юм.

Нэг жилийн хугацаанд парламентад төлөөлөлгүй яваа тус тойргийг төлөөлж УИХ-ын гишүүний суудалд тонгочих заяатай хүн хэн байх вэ гэдэг хүний эрэлд “хатаж” байна.

Өдгөө парламентад 64 суудалтай МАН-д нэг суудлын ялгаа огт байхгүй. Хоёр гишүүнээ намаасаа явуулж, бүлэггүй болох хэмжээнд хүрсэн Ардчилсан намын тухайд наймуулаа болж Л.Болдыг гуйхгүй дахин бүлэг байгуулах боломж бүрдэнэ. Нөгөө талаасаа 2020 оны Их хурлын сонгуулийн өмнөх том сунгаа тул улс төрийн намууд анхаарал хандуулж эхэлсэн. Улс төр судлаачдын зүгээс ирэх оны парламентын сонгуулийн ерөнхий өнгийг харж болох хамгийн ойрын судалгаа гэж онцлоод байгаа.

Эрх баригч намын гишүүдийн зарим нь намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг өөрийн тойрогтоо очиж нэр дэвш гэдэг шахалтыг өгч байсан. Харин У.Хүрэлсүх “Би нэр дэвшихгүй. Надад хангалттай ажил байна” гэдгээ бүлгийн хурал дээрээ хоёр удаа мэдэгдсэн. Тиймээс дургүй ламыг дарж сахил хүртээхгүй. Эрх баригч намын нэр хүнд гэрлийн өмнө нь байгаагүй хэмжээнд унаж байна. Ийм хүнд нөхцөлд У.Хүрэлсүх нэр дэвшиж азаа үзвэл намын дарга, Ерөнхий сайд ч үгүй болох эрсдэл өндөр. Тиймээс Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямбын нэрийг дэвшүүлэх асуудал яригдсан ч засаг ноён “Засаг даргынхаа ажлаа л хийж байя” гээд гэдийчихсэн. Гэдийчихсэн ч гэж дээ өөртөө итгэлгүй байгаа гэдгээ хэлчихсэн. Тэгвэл Хэнтийн нөхөн сонгуульд нэг жил гаруй өөрийгөө бэлдсэн хуульч Л.Батжав эрх баригч намын нэр дээр нэр дэвшихээр болсныг албан ёсны эх сурвалж хэлсэн юм. Нэг үгээр хэлбэл намын дарга У.Хүрэлсүх Л.Батжавыг “таалсан” гэсэн үг.

Ардчилсан намаас тус тойрогт өөрийгөө сойж буй хүн нь УИХ-ын гишүүн асан Батхүүгийн Гарамгайбаатар. Нэр дэвших бодолтой байгаа гэдгээ хэвлэлээр ил цагаан зарлачихсан. Өөрийнх нь үндсэн тойрог. Гэсэн ч Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Б.Гарамгайбаатарыг нэр дэвшүүлэх бодолгүй байгаа гэдгийг намынхан нь хэлж байна. Нөгөө талд нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 42 дугаар тойргийг давхар “онилсон” гэдэг мэдээлэл байгаа юм. Экс Ерөнхийлөгч улс төрд эргэн эрэлтийг хийх том боломж нь Хэнтийн нөхөн сонгууль гэж тооцжээ. Харин Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс Б.Гарамгайбаатар, Ц.Элбэгдорж хоёрыг бус эмэгтэй хүнийг нэр дэвшүүлэх хэрэгтэй гэдэг саналтай байгаа гэнэ. Ардчилсан намын дарга С.Эрдэнэ хуульч Л.Батжавтай мөн уулзсан гэнэ. Хоёр том намын дарга түүнтэй уулзах болсон шалтгаан нь тэрбээр 42 дугаар тойргийг бүрэн усласан ганц хүн гэдгээр нь тойглоод байгаа аж.

МАХН-ынхан “Н.Энхбаяр дарга нэр дэвшинэ” гэдгийг удаа дараа мэдэгдээд байгаа. Хоёр том намын унасан рейтинг дээр МАХН-аас нэр дэвшигч гэрлийн хурдаар гараад ирэх магадлал өндөр. Гэхдээ Н.Энхбаяр нэр дэвшихгүй гэдэг яриа ч бас байна. МАХН-ын дад дарга С.Ганбаатар 2016 оны сонгуульд нэр дэвшин унах хүртлээ Монголын хамгийн өндөр рейтингтэй улс төрчөөр нэрлэгдэж байсан. Хамгийн өндөр рейтингтэй улс төрчийг хүртэл байранд нь тавьчихдаг сонгогчид байдаг тул Н.Энхбаяр өөрөөрөө эрсдэл гаргахгүй байж мэднэ. Тэгээд ч ганцхан жилийн настай парламентын гишүүн төрийн бүхий л өндөр албан тушаалыг хашиж байсан хүнд жулдаж мэднэ.

Нөгөө талд нь УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН дотор МАХН байгуулсан тул бас нэг хүний нэр яриад ороод ирэх нь гарцаагүй. Таван хүний санал халаасандаа хийсэн улс төрийн бусад хүчнүүд хүн нэр дэвшүүлнэ гэж орж ирээд томоохон намуудын аль нэгэнтэй тохиролцоо хийснээр энэ улс төрийн хүчнийг дэмжиж орохоор боллоо гэж улс төр хийх магадлал өндөр.

Ямартай ч өнгөрөгч долоо хоногт 42 дугаар тойрогт явуулах нөхөн сонгуулийг зохион байгуулах Хэнтий аймгийн Сонгуулийн хорооны гишүүд томилогджээ. Сонгуулийн хороог тус аймгийн ЗДТГ-ын дарга Ж.Ганбаатар даргалах бол нарийн бичгийн даргаар аймгийн ИТХ-ын Ажлын албаны ажилтан Ш.Эрдэнэжаргал, гишүүдээр Эрдэм баян Хэрлэн дөрөвдүгээр сургуулийн захирал Б.Жавхланбаяр, аймгийн Татварын хэлтсийн мэргэжилтэн М.Мөнхнаран, ИТХ-ын нарийн бичгийн дарга С.Бат-Эрдэнэ, ЗДТГ-ын Санхүү, Төрийн сангийн хэлтсийн дарга С.Нямдаваа, “Насан туршийн боловсрол” төвийн мэргэжилтэн Д.Борхүү, ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Л.Бат-Октябрь, Эрүүл мэндийн газрын дарга Ц.Гэрэлмаа гэсэн есөн хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.68) 2019 оны 04 сарын 19

Батжав гээд мал энд тэндгүй мөнгөөр худлаа мэдээлэл цацаад явах юм

0  |  0
Иргэн(202.179.31.84) 2019 оны 03 сарын 22

Шал худлаа прогноз байна

0  |  0
Л. Батжав(66.181.186.207) 2019 оны 03 сарын 22

Хууль тогтоох байгуулага мэргэжлийн хүнээр дутаж байна хэнтийн унаган хүү эх нутагтаа ээлтээ

1  |  0
Top