Монгол цэргийн өдрийг тохиолдуулан "Монгол хурандаа" нар чууллаа

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 14

Монгол Ардын хувьсгалт цэргийн албан тушаалтнуудад цэргийн цолыг бий болгож хурандаа цолыг олгож эхэлсний 83 жилийн ой, хурандаагийн баярын өдрийг тохиолдуулан өнөөдөр /2019.03.14/ “Монгол хурандаа” нийгэмлэгээс хурандаа нарын уулзалтыг зохион байгууллаа. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хурандаа нарын уулзалтаар өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын тайланг хэлэлцэж, энэ онд хэрэгжүүлэх ажлынхаа талаар санал солилцсон юм.

Монголчууд өнө эртнээс цэргийг үүсгэн байгуулж, төр улс, тусгаар тогтнолоо хамгаалж ирсэн баялаг туршлагатай. Энэ үүднээс БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчид, Ардын сайд нарын зөвлөлийн 1936 оны хамтарсан хурлаас хурандаа цол олгох шийдвэр гаргаж, энэ шийдвэрийг үндэслэн Цэргийн явдлын яамны сайд, Бүх цэргийн жанжны 1936.03.02-ны зургадугаар тушаалаар Монгол Ардын хувьсгалт цэргийн албан тушаалтнуудад цэргийн цол олгохдоо хурандаа цолыг анхлан З.Жанцан, Д.Дашзэв нарт олгосон байдаг. Ийнхүү 83 жилийн өмнө олгож эхэлсэн хурандаа хэмээх цолыг өдгөө Монгол Улсын зэвсэгт хүчин болон үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгуулагуудын 3000 орчим цэргийн албан хаагч хүртээд байна.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудад алба хааж байгаа болоод чөлөөнд гарсан хурандаа цолтнуудыг эгнээндээ нэгтгэсэн “Монгол хурандаа” нийгэмлэг 2005.06.02-ны өдөр үүсгэн байгуулагдаж байжээ. Цаг үеийн байдал, хурандаа нарын хүсэлтээр тус нийгэмлэг нь шинэчлэн зохион байгуулагдаж, салбар зөвлөл, бүлэг, хэсэг, клубын системээр үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Тус нийгэмлэг ахмад, залуу үеийн холбоог бэхжүүлж, ахмад үеийнхээ ажлын дадлага туршлагыг дэлгэрүүлэх, мэргэжлийн ур чадвар, дайчин уламжлалыг нь залуу хойч үеийнхэнд өвлүүлэх зорилготой үйл ажиллагаа явуулж байгаа аж.

“Монгол хурандаа” нийгэмлэгт зэвсэгт хүчин, цагдаа, хил хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, онцгой байдлын газар, тагнуул, шүүхийн шинжилгээний байгууллагууд харьяалагддаг бөгөөд тус нийгэмлэгийн тэргүүнээр Зэвсэгт хүчний хурандаа, доктор, профессор, Ч.Баатар ажиллаж байна. Тэрбээр хурандаа нарын уулзалтын үеэр “Энд хүрэлцэн ирсэн магнайдаа соёмбо  дээдэлж, мөрөндөө одод гялалзуулсан эрхэм хүндэт хурандаа нар, үндэсний аюулгүй байдлын салбаруудын элч төлөөлөгчид та бүхэндээ Монгол цэргийн ой болон Монголд хурандаа цол бий болсны 83 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Монгол Улсын хурандаа нар нэг дор цугласныг харах сайхан байна. Өвөг дээдсийнхээ халуун амь, бүлээн цусаараа тамгалсан эрх чөлөө, тусгаар тогтнол, эх орон, газар нутгаа хайрлан хамгаалж, ямар их үнээр олдсоныг хойч үедээ ухааруулан ойлгуулж байх нь энэ цаг үеийн хурандаа нарын эрхэм үүрэг” хэмээн сэтгэгдлээ хуваалцаж байсан юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
МОРДОР(202.179.25.177) 2020 оны 08 сарын 02

40 ГЕНЕРАЛТАЙ АМЕРИКИЙН ХАЖУУД 170 ГЕНЕРАЛТАЙ МОРДОР АЙМААРАА АЙМААР.МОНГОЛЫН ХУРАНДАА НАР АМЕРИКИЙН АХЛАГЧААС ОЛОН БАЙГАА ДАА.

0  |  1
Top