АН-ын залуус 60 тэрбум, ЖДҮХС-ийн хэргийг шалгахыг шаардлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 15

Ардчилсан залуучуудын холбоо /АЗХ/-ноос өнөөдөр /2019.03.15/ нийгэмд тулгамдсан асуудлууд болох "Эрдэнэт" үйлдвэрийн асуудал болон 60 тэрбум, ЖДҮ, ШХАБ-тай холбоотой асуудал, МАН хийгээд АН-ын лидерүүдийн талаар байр сууриа илэрхийллээ.

2016 оноос эхлэлтэй 60 тэрбумын хэргийг хуулийн дагуу шалгаж ажиллахыг сөрөг хүчний залуус шаардаад ЖДҮХС-гаас 120 орчим тэрбум төгрөгийг МАН-ын албан тушаалтнууд авч, жирийн иргэдийн боломжийг булаасан гэмт хэргийг шалгахыг шаардлаа.

Түүнчлэн “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийн асуудлыг дахин шалгах хэрэгтэй гэлээ. “Эрдэнэт”-ийн 51 хувийг “Стандарт” банкинд барьцаанд тавьснаас болж өдөрт 100 сая төгрөг, сард 1 сая гаруй ам.долларын хүү төлж байна. Улсад учруулж буй хохирлыг барагдуулахын тулд хууль ёсны дагуу шалгах хэрэгтэй гэсэн юм. 

АЗХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэболд хэлэхдээ “МАНАН бүлэглэл 2004 оноос эхлэлтэй. 2004 онд Ерөнхий сайдын суудлаар эхэлсэн МАНАН, 2008 онд 5 хүний эрдэнэт амь эрсэдсэний дараа шадар сайдын суудлыг тухайн үеийн АН-ын даргад өгснөөр бэхэжсэн байдаг. Ийнхүү урт хугацаанд хоёр намын эрх ашгаар сүлбэлдсэн хүмүүсийн харилцаан дээр МАНАН бий болсон. Өнөөдөр АН-ын залуус МАНАН-гийн аливаа нэгэн харилцааг залгамжилж авч үлдэхийг хүсэхгүй байна. Мөн үүнээс нь болж хэн нэгнийг хамгаалж, хэн нэгнийг буруутгахдаа улс төрийн явцуу ашиг сонирхолд хөтлөгдөхгүй байхыг эрмэлзэж байна.  Тиймээс хэн нэгнийг үгүйсгэхийн тулд залуучууд гар хөл болохгүй байхыг уриалж, цаашид АН бодлого суурьтай, үзэл баримтлалтай зарчмаар ажиллана” гэсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top