Данзангийн гэгдэх  МОНГОЛ ДОЛЛАР-ыг хэлмэгдүүлэлтийн үеэр устгажээ

2019 оны 03 сарын 21

Ардын хувьсгал ялсан 1921 онд  доллар хэмээх мөнгөн тэмдэгтийг ЗХУ-д Москва хотын Госзнак хэвлэлийн үйлдвэрт хэвлэжээ. Данзангийн доллар гэж нэршсэн цаасан дэвсгэртийг уламжлалт хээ угалзаар чимэглэхдээ тасралтгүй мөнхөд үргэлжлэхийн бэлгэдэл хас, үргэлжид түгэн дэлгэрэхийн бэлгэдэл таван нүдэн хээг дүрсэлсэн байдаг аж.

Тухайн үед ардын Засгийн газраас үндэсний мөнгөн тэмдэгтээ аль болох түргэн  гүйлгээнд оруулж эдийн засгийн амьдралыг зохицуулахыг зорьж байжээ.  Улмаар ЗХУ-ын талтай Монгол Улсын Үндэсний мөнгөн тэмдэгт гаргах асуудлаар хэлэлцэж 1921 оны арваннэгдүгээр сарын 24-нд “Монгол Улсын мөнгөн тэмдэгт хэвлүүлэх тухай гэрээ” байгуулжээ.

 Мөнгөн дэвсгэртийн хэлбэр хэмжээ, өнгө зураг, мөнгөн тэмдэгт цаасыг үйлдэх дэвсгэр, цаасны яс чанарыг хоёр хувь үйлдэж хэвлүүлэн үзэж батлаад, баталсан маяг хэлбэрийг хэвлэлийн үйлдвэрт баримтлан тушаах, нийт зургаан төрлийн дэвсгэртийг хоёр хувааж, дөрвөн сарын дотор хэвлэх, эхний ээлжинд 1, 3, 10-тын дэвсгэртийн эх загварыг хүлээн авснаас хойш гурван сарын дотор хэвлэн гаргахаар тохиролцжээ.

 Тэмдэгт цаасны хэв загварыг марзан хэмээх Шарав урласан бөгөөд бат оршихын бэлгэдэл хас тэмдэг, махбодыг дүрсэлжээ. Гэрээний дагуу 50 мөнгөний тэмдэгт цаас 1 сая, нэг төгрөгийн тэмдэгт цаас 1 сая 50 мянга, гурван төгрөгийн дэвсгэрт 250 мянган, таван төгрөгийн дэвсгэрт 100 мянган, арван төгрөгийн дэвсгэрт 40 мянга, 25 төгрөгийн тэмдэгт цаас 12 мянган хуудас буюу нийт 2 сая 452 мянган ширхгийг Зөвлөлтөд хэвлүүлжээ.

Уг мөнгөн тэмдэгтийг Сангийн яамны тэргүүн сайд С.Данзангийн нэрээр “Данзангийн доллар” гэх болжээ. Үндэсний мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд оруулахад зайлшгүй байх гол нөхцөл, үндэсний банк, хяналт шалгалтын нэгдсэн тогтолцоо, эдийн засгийн бусад үйлчилгээ хараахан үүсч бүрэлдээгүй байснаас дээрх мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргаагүй болохыг  “Монголбанкны мэдээлэл” товхимолд өгүүлсэн байна.

Монгол, Зөвлөлтийн Худалдаа аж үйлдвэрийн банк байгуулсны дараа үндэсний мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд оруулахаар завдсан боловч баталж үйлдүүлсэн тэмдэгт цаасны дотор аравт гуравтыг солилцуулан буруугаар үйлдсэн зэрэг техникийн  зарим шалтгааны улмаас энэ ажил хойшлогджээ. Энэ завсар С.Данзан хувьсгалт засаг төрд тэрсэлсэн хэргээр хэлмэгдсэн тул түүний нэрээр үйлдсэн мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргалгүй устгасан ажээ.

 

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.26.193.81) 2019 оны 03 сарын 22

Одоо ,энэ долларыг ,гаргавал ,улсын ,зам ,мөр ,тэгшрэнэ. Бид ,өөдгүй ,лидерүүд ,тэжээж ,хохирсон ,нэгэн ,бүтэн ,үе ,байлаа. Шинэ ,үедээ ,амжилт ,хүсье. Луйварчин ,зальтангууд аа ,цээрлүүлээрэй. Баяртай.

0  |  1
зочин(103.26.193.81) 2019 оны 03 сарын 22

Одоо ,энэ долларыг ,гаргавал ,улсын ,зам ,мөр ,тэгшрэнэ. Бид ,өөдгүй ,лидерүүд ,тэжээж ,хохирсон ,нэгэн ,бүтэн ,үе ,байлаа. Шинэ ,үедээ ,амжилт ,хүсье. Луйварчин ,зальтангууд аа ,цээрлүүлээрэй. Баяртай.

0  |  1
Top