Аль дүүргүүд өрсөлдөх чадвараараа ТЭРГҮҮЛЭВ?

2019 оны 03 сарын 21

Улаанбаатар хотын болон 9 дүүргийн өрсөлдөх чадварыг хэмжих, үнэлэх, цаашлаад иргэдийн оролцоог хангасан, өргөн хүрээтэй мэдээллийн сан бий болгох зорилгоор Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс /ЭЗБӨЧСТ/ судалгаа хийдэг. Дүүргүүдийн өрсөлдөх чадварыг 2017 оноос анх судалж эхэлсэн ба судалгааг хоёр жил тутамд боловсруулж, өрсөлдөх чадварын өөрчлөлт, чиг хандлагыг судалж байгаа аж. Энэ хүрээнд хоёрдахь тайлангаа Азийн сангийн дэмжлэгтэйгээр гүйцэтгэснээ, өнөөдөр /2019-03-21/  танилцууллаа.

Дүүргүүдийн өрсөлдөх чадварыг хэмжихдээ амьдралын чанар, амьдрах орчин, аюулгүй байдал, засаглал, эдийн засаг гэсэн таван үндсэн бүлгийн хүрээнд нарийвчлан тодорхойлсон нийт 150 шалгуур үзүүлэлтээр хэмждэг байна. Эдгээр шалгуур үзүүлэлтүүдийн мэдээллийг цуглуулахдаа Улаанбаатар хотын 9 дүүргийг хамарсан түүвэр судалгааг явуулж өрхийн асуулгаар мэдээлэл цуглуулсан ба дүүргүүдийн албан ёсны статистик мэдээллийг мөн ашиглажээ.

Дүүргүүдийн өрсөлдөх чадварын шалгуур үзүүлэлтүүдийг ашиглан өрсөлдөх чадварын индексийг Улаанбаатар хот болон 9 дүүрэг тус бүрийн хувьд тооцдог. Дүүргүүдийн өрсөлдөх чадварын индекс нь 0-1 хооронд утга авахба 0 бол өрсөлдөх чадвар сул, 1 бол өрсөлдөх чадвар өндөр гэж ойлгож болно.  Энэ удаагийн судалгааны үр дүнгээр Улаанбаатар хотын өрсөлдөх чадварын ерөнхий индекс 0.557 оноотой үнэлэгдсэн байна. Өрсөлдөх чадварын оноогоор Хан-Уул, Баянгол, Баянзүрх дүүргүүд тэргүүлж байгаа бол алслагдсан дүүргүүд болох Багануур, Багахангай, Налайх дүүргүүд бусад дүүрэгтэй харьцуулахад өрсөлдөх чадвар сул байна.

Өрсөлдөх чадварын индексийн өмнөх судалгаатай буюу 2017 оны судалгааны үр дүнтэй харьцуулж харвал Улаанбаатар хотын өрсөлдөх чадварын ерөнхий индекс 0.520-оос 0.557 буюу 7.1 хувиар сайжирсан.

Судалгааны тайлангаас дүүргүүдийн өрсөлдөх чадварын ерөнхий индексээс гадна өрсөлдөх чадварын 5 бүлгийн индексүүд, Улаанбаатар хот болон дүүрэг тус бүрийн өрсөлдөх чадварын төлөв байдал, давуу, сул тал, тулгамдаж буй асуудлууд зэргийг харах боломжтой. Мөн өрсөлдөх чадварын индекс тооцоход ашигласан 150 шалгуур үзүүлэлтийг Улаанбаатар хот болон дүүргүүдээр нарийвчлан харж болох юм байна. Уг нь судалгааны зорилго нь дүүргүүдийг өрсөлдүүлэхэд бус харин хөгжлийн ялгаа хэр их байна, өрсөлдөх чадварын өнөөгийн түвшин ямар байна, давуу болон сул тал нь юу вэ гэдгийг гаргаж ирэхэд чиглэжээ. Нөгөөтэйгүүр тайланд багтсан 150 шалгуур үзүүлэлт бүрийг нарийвчлан авч үзэж тухайн үзүүлэлтийг сайжруулахын тулд юу хийх ёстой талаар бодлого боловсруулагчид, хувийн хэвшил, иргэд санал, санаачилга гарган ажиллах нь зүйтэй гэж ЭЗБӨЧСТ үзэж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top