Увс: Таван сум инженерийн шугам сүлжээнд холбогдоно

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 25

Увс аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх "Манай Увс" үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах “Инженерийн шугам сүлжээний зураг төсөл”-ийг хэрэгжүүлнэ. Төслийг “UDC group” ХХК гүйцэтгэж байна.

Гэр хорооллын дэд бүтцийн ажилд нийтдээ 46 тэрбум төгрөг төсөвлөснөөс энэ онд есөн тэрбум төгрөгийн ажил хийх аж. Энэхүү төсөл нь Улаангом сумын 4, 5, 6, 7, 11-р багт хэрэгжих бөгөөд нийтдээ 1919 хашаанд амьдарч буй 3796 өрхийг хамруулах юм. Эдгээр өрхийн 74 хувь нь буюу 2814 өрх дулаан, цэвэр, бохир усны шугамд холбогдох хүсэлтэй байгаагаа судалгаагаар илэрхийлжээ. Уг төслийг хэрэгжүүлж, дээрх өрхийг инженерийн шугамд холбосноор хүйтний улиралд нүүрсний хэрэглээ багасч, Улаангом хотын утаа багасах аж. Мөн бохирын сүлжээнд холбосноор ил бие засах газрууд байхгүй болж хөрсний бохирдлыг арилгахаас гадна өрхийн гишүүн бүрт амьдрах ая тухтай, таатай нөхцөл бүрдэх юм байна.

Төслийн хүрээнд ус дамжуулах долоон төвийг шинээр барьж, өмнө нь байсан ус, дулаан дамжуулах төвүүдийг сэргээн засварлаж, нэвтрэх сувгийг 8 хэсэг хонгил байхаар төлөвлөжээ. Эдгээр нэвтрэх сувгийн өндөр нь 2,25 метр, өргөн нь 2,5 метр бөгөөд нийт урт нь 4260 метр байх ажээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top