Д.Бадарсан: Төсөв нэмэгдсэн ч тээврийн үйлчилгээ сайжрахгүй байна

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 29

НИТХ-ын өчигдрийн /2019.03.28/ 23 дугаар ээлжит хуралдаанаар Нийтийн тээврийн үйлчилгээний салбарын санхүүжилтийн түр журам, зардлын тариф батлах тухай асуудлыг хэлэлцлээ. Улсын төсвөөс жил бүр нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч нарт татаас өгдөг. Нийтийн тээврийн хэрэгсэлд төрөөс олгодог нэг цагийн тарифыг нэмэгдүүлэх төсөл оруулж ирсэн юм. Угсраа автобусанд 54978 төгрөг, том оврын автобусанд 37789, Троллейбусанд 32468, дунд багтаамжийн автобусанд 34259 төгрөг байхаар нэмэгдүүлэхээр оруулж ирснийг олонх дэмжлээ. Угсраа автобусанд олгодог нэг цагийн тариф нь 15247 төгрөгөөр нэмэгдэх бол, троллейбусанд олгодог цагийн тарифийг 8.043 төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо. Нийслэлийн АН-ын бүлгийн гишүүдийн зүгээс энэ өөрчлөлтийг үндэслэлгүй шийдвэр гэж үзэж буй юм. НИТХ-ын төлөөлөгч Д.Бадарсангаас дээрх асуудлаар /2019.03.28/  байр суурийг нь сонслоо.


-Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой төрөөс олгох санхүүжилтад өөрчлөлт оруулахаар болж байна. Та энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-НИТХ-аар дөрвөн жилийн өмнө батлагдсан журамд өөрчлөлт оруулж, түр журам маягаар асуудлыг оруулж ирсэн. Нийтийн тээврийг илүү хариуцлагатай, үйлчилгээгээ сайжруулахыг чухалчлахаас илүүтэй 15-41 хувиар нэг цагийн тарифын үнийг нэмэгдүүлсэн байна. Шатахууны үнэ нэмэгдсэн байж болно. Шатахуун нь тээврийн зардлын 35 хувийг бүрдүүлдэг. Гэтэл нийт зардлыг 41 хувиар нэмэгдүүлж байгаа явдал бол зөв гэж харахгүй байна.

Анх таван жилийн өмнө 42 тэрбум төгрөг нийтийн тээврийн зардалд гарч байсан. Гэтэл түүнээс хойш жил бүр хэд дахин нэмэгдсээр ирсэн. 2018 оныхоос нийтийн тээврийн зардлыг 19.09%-иар өсгөж  2019 оны нийслэлийн төсөвт гэхэд 114 тэрбум төгрөг баталсан. Магадгүй ирэх жил 120, 130 тэрбум болоод явахыг үгүйсгэхгүй. Тэгэхээр энэ хэмжээгээр нийтийн тээврийн үйлчилгээ сайжирсан байх ёстой. Гэтэл бодит байдал өөр байгаа. Автомашины парк шинэчлэл хийгдэхгүй байна. Үйлчилгээний соёл, аюулгүй байдал, аваар осолгүй зорчих асуудал сайжирсан зүйл харагдахгүй байна.

-Нийслэлийн 2019 оны төсөвт зохицуулалт, нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж байна?

-Төсвийн тодотголыг зөрчөөд хүчээр хэлэлцэх гэж байна. НИТХ-ын дэгээр бол төсвийн асуудлыг хоёр удаа хэлэлцэн батлах ёстой. Тэгээд 7-14 хоногийн хугацаанд хэлэлцдэг. Гэтэл өчигдөр үдээс өмнө нийслэлийн тэргүүлэгчид хуралдаад, үдээс хойш төсвийн хороо хуралдаад өнөөдөр НИТХ-ын хурлаар оруулж ирж байна. Төсвийг хэлэлцэхдээ тодорхой хугацаанд судлах, нягтлах, тооцоолох, шаардлагатай өөрчлөлтийн асуудлыг судлах гээд олон ажлууд байх ёстой. Гэтэл өмнөх өдөр нь хуралдаад маргааш нь хэлэлцээд шийддэг байж болохгүй. Мэдээж яаралтай асуудал байж болно. Гэхдээ ингэж хүч түрч шийдэж болохгүй. Хотын удирдлагуудын тайлбарлаж байгаагаар Засгийн газрын 100 дугаар тогтоолоор бүтэц өөрчлөгдсөн. Тэр бүтцийн дагуу хүмүүсийн цалинг олгох шаардлагатай байна гээд байгаа. Долоо хоногийн дараа ном журмаар нь төслөө хэлэлцээд баталж болно шүү дээ. Албан тушаалд очих гэж байгаа дарга нар нь долоо хоног хүлээж чадахгүй яараад байгаа юм болов уу. Яг төсвийн төсөлтэй бол танилцах боломж байсангүй. Өнөөдөр л /2019.03.28/  гар дээрээ авч байна.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
уншигч(139.5.216.232) 2019 оны 03 сарын 30

УБхотын баруун урдуур нийтийн тээврийн автобуснууд байрладаг газар буюу шороо пургисан аж ахуйн хашаанууд гэж нэрийдсэн баахан нохой хуцуулж давхиулсан бохир газарууд байдаг. Юун автобус цэвэр,тохилог болгох нөхцөл ч байхгүй....

1  |  0
555(192.82.65.89) 2019 оны 03 сарын 30

БАДАРЧИН МИНЬ ТӨСӨВ НЭМЭГДЭЭД АЖИЛ САЙЖИРДАГ ГЭЖ ХЭНЭЭС ДУУЛСИЙН...90 ОНООС ХОЙШ МОНГОЛ УЛСЫН ТӨСӨВ 100 ДАХИН НЭМЭГДСЭН ХАРИН 99 ХУВЬД АЖИЛ АМЬДРАЛ 99 МУУДСАН 1 ХУВЬ ДЭЭШИЛСЭН....ЧИНИЙ НЭМЭГДСЭН ГЭЭД БАЙГАА ТӨСӨВ ТЭР 1 ХУВЬРУУ ЯВСАН БГАА..ТЭД НАРААС НЭМЭГДСЭН ТӨСӨВ ХААШАА ОРОВ ГЭДГИЙГ ХЭЛЖ МАГАДГҮЙ

1  |  0
Top