Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өчигдөр /2019.03.30/ нийслэлийн Захирагчийн албаны өргөтгөсөн хурлыг хуралдуулж, 2019 онд Улаанбаатар хотод хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явцын талаарх мэдээлэл сонсож, холбогдох албаны хүмүүст ажил эрчимжүүлэх үүрэг даалгаврыг өглөө.
Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр Хотын захирагчид хүргэсэн танилцуулгадаа “2019 онд нийслэл хотод 83.4 мянган ам.метр талбайд явган хүний зам тохижуулах ажилд 4.0 тэрбум орчим төгрөг, хог хаягдлыг зөөх, боловсруулах, булах зориулалт бүхий машин, техник тоног төхөөрөмж худалдан авахад 7.5 тэрбум төгрөг төсөвлөж худалдан авах санал боловсруулсан. Мөн Богдын музей, Согинохайрхан дүүргийн Цагдаа толгойд цэцэрлэгт хүрээлэн байгуулах, 2 гудамжид хийгдэх ногоон байгууламжийн тохижилтын ажлын худалдан авах ажиллагаа явагдаж байгаа тухай мэдээллийг хүргэлээ.
С.Амарсайхан хог хаягдал зөөвөрлөх техник хэрэгслээс гадна нийслэлийн ногоон байгууламжийг услах, тоосжилтыг бууруулах ус цацруулагч машин 10 ширхэг, замын дагуух хог сорогч бага оврын машин 20 ширхэгийг худалдан авах ажлыг тавдугаар сард багтаан зохион байгуулж үйлчилгээнд гаргахыг чиглэл болгов.
Хотын захирагчийн зүгээс Маршалын гүүрнээс Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хүртэлх газар цэцэрлэгт хүрээлэн байгуулах, дугуйн зам тавих, нийслэлийн есөн дүүрэгт стандартад нийцсэн хөл бөмбөгийн талбай байгуулах, Чойжин ламын сүм музей орчмын талбайг тохижуулах, Сайн ноён Намнансүрэнгийн хөшөөний орчмыг засаж сайжруулах, нийслэлийн хэд хэдэн дүүрэгт унадаг дугуйн зам шинээр байгуулах, Гандантэгчилэн хийдийн гадна талбайг тохижуулах зэрэг ажлыг санаачилан, эдгээр ажлуудыг яаралтай зохион байгуулж хийж гүйцэтгэхийг холбогдох албаны хүмүүст үүрэг болголоо. Ингэснээр нийслэлийн иргэдийн амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газрын тоо хүртээмж нэмэгдэх юм.
Тэрээр төлөвлөгдөж буй бүх бүтээн байгуулалтын ажил нэгдсэн стандартын дагуу, чанарын өндөр гүйцэтгэлтэй байх ёстой гэдгийг албаны хүмүүст анхаарууллаа
Сэтгэгдэл ( 0 )