Энэ жил Баянхонгорчууд Монголын бурхны шашны түүхэн зүтгэлтний нэг Ламын гэгээний мэлмий гийсний 380 жилийн их ойг тэмдэглэнэ. Энэ талаар аймгийн Засаг дарга, Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах комиссын дарга Г.Батжаргалаас тодрууллаа.
-Ламын гэгээний мэлмий гийсний 380 жилийн их ойг тэмдэглэх нь их хөрөнгө, цаг хугацаа шаардсан том ажил. Бэлтгэл ажилдаа орчихсон биз дээ?
Монголын бурхан шашны гурван зулын нэг, Эрдэнэ Бандида хутагт Хамба номун хан Ханчинчойжил, ламын гэгээн Лувсанданзанжанцангийн түмэн өлзий гийсний 380 жилийн ой, Ламын гэгээний наймдугаар дүр Данзанжамбалчойжийшинэнд даншиг өргөх их наадам, Ардын хувьсгалын 98 жилийн ой, төвийн бүсийн их хурд наадмыг бид зохион байгуулна. Нэрнээсээ эхлээд энэ наадмын утга учир, цар хүрээ ямар том бэ гэдэг нь харагдаж байгаа байх.
Ламын гэгээн бол бурхны шашны түүхэн зүтгэлтэн, Их эзэн Чингис хааны алтан ургийн удам залгасан хүн. Уламжлалт эм, эмчилгээний салбарыг нээн хөгжүүлсэн, одон зурхайг нээсэн гэх зэрэг түүхэн үүрэгтэйгээр амьдарсан бие хүн юм билээ. 1999 онд Засгийн газрын тогтоол гарч энэ хүний хийж бүтээсэн зүйлийг сурталчлах зорилгоор анх 360 жилийн ойг тэмдэглэж байсан бол энэ жил 380 жилийн ой тохиож байна. Энэ ой их онцлогтой болж байгааг та бүхэн мэдэж байгаа. Ламын гэгээний наймдугаар дүр доторч, бурхны номд шамдан суралцаж байгаа. Гэгээнтэн маань морилон ирэх учраас бид ёслол хүндэтгэл төгөлдөр зохион байгуулах ёстой. Нөгөө талаар Монгол төрийн ноён оргилд хонгорчууд зонхилогчийн үүрэг гүйцэтгэж байна. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга сонгогдсон энэ аймгийг сонирхох иргэд, жуулчдын тоо нэмэгдэж байна. Тийм учраас улс төр, оюуны салбарын шилдгүүд төрсөн уугуул нутаг шүү гэсэн агуулгыг харуулах хэмжээний томоохон баяр зохион байгуулна.
-Даншиг наадам, ойн баяр хэдийгээр болох вэ?
Даншиг наадмыг зохион байгуулах ажлын хэсгийн анхдугаар хуралдаан болж хйих ажлынхаа төлөвлөгөөг гаргасан. Ойг долдугаар сарын 26-29 –ны өдрүүдэд зохион байгуулъя гэсэн саналаа Засгийн газарт өгсөн. 380 бүтээлч ажлыг өрнүүлнэ. Гадна дотнын зочид төлөөлөгчид Баянхонгор аймагт хүрэлцэн ирээд танай сайхан нутгаас төр, нийгэм, урлаг, соёлын томчууд тодрохгүй яахав дээ гэсэн бодол төртөл сэтгэл ханамжтай, таатай байх хэмжээнд зохион байгуулалтын ажил өрнүүлэх ёстой. Баянхонгор аймаг бол түүхийн, соёлын, төр нийгмийн зүтгэлтнүүдийн, ажил амжилтаараа бахархсан, бусад хүмүүсийн үндсэрхэг үзлийн омогшлыг харуулсан тийм агуулгыг тод харуулахыг хичээж байна. Энэ хүрээнд Ламын гэгээний үүсэл гарах, түүний бүтээсэн, бурхны шашин дахь оролцоог дэлхий дахинд сурталчлах зорилгоор олон улсын эрдэм шинжилгээний симфузим зохион байгуулна. Мөн ойн хүрээнд иргэдийнхээ аж амьдралд бодит өөрчлөлт оруулах төрийн үндсэн ажил, арга хэмжээг хийхээр төлөвлөж байна. Тухайлбал 380 жилийн ойгоор 380 бүтээлч ажлыг санаачилан хийх болно.
Сэтгэгдэл ( 0 )