-БИДНИЙГ ТЭЗҮ-ТЭЙ ЗУУРАЛДАЖ БАЙХАД
ЭЛЕГЕСТЭЙН НҮҮРС ХЯТАДЫН ЗАХ ЗЭЭЛИЙГ ЭЗЛЭХ НЬ-
ЭЛЕГЕСТ ОРД ТАВАНТОЛГОЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫГ БУУРУУЛАХ УУ?
Бид энд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн нэгж хувьцаанд ногдох ногдол ашгийг 25 төгрөгөөр тогтоосон талаар ярьж байх зуур ОХУ-ын Тувагийн Элегест ордын нүүрсийг өмнөд хөршид, цаашлаад олон улсын зах зээлд хүргэх төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг “РЖД”, “ТЭПК Кызыл - Курагино” нийгэмлэгүүд хамтран гүйцэтгэх гэрээг байгуулчихлаа. Кызыл-Курагино төмөр замын төсөл бол гурван улсын “Эдийн засгийн коридор” байгуулах санаачилгыг хэрэгжүүлэх хөтөлбөрт багтсан төслүүдийн нэг юм. Тэгвэл Элегест ордын нүүрсийг БНХАУ-д хүргэх энэ төмөр замын төсөл манай Тавантолгой ордын өрсөлдөх чадварт хэрхэн нөлөөлөх вэ гэдэг асуудал анхаарал татах нь зүйн хэрэг. Учир нь Кызыл – Курагино төмөр замын төсөл газарт бууснаар ганц Элегест биш Элга зэрэг нөөц арвин ордуудын нүүрс тээвэрлэгдэх юм. БНХАУ-ын зүгээс уг төмөр замын төсөлд оролцох сонирхлоо гурван жилийн өмнөөс илэрхийлж байсныг дурдах хэрэгтэй байх.
Тавантолгой нөөцөөрөө дэлхийн хэмжээний орд болох нь баталгаажлаа гэсэн мэдээллийг өнгөрсөн жилийн есдүгээр сард албаны хүмүүс өгч байхтай зэрэгцэн Монголын нүүрс экспортын гол өрсөлдөгч нь ОХУ гэдгийг “Coal Mongolia-2018” чуулганд оролцсон Хятадын үндэсний нүүрс ассоциацийн Эдийн засаг хариуцсан ерөнхий захирал Ян Сианфенг хэлж байсан билээ. Тэгвэл бидний “өрсөлдөгч” хойд хөрш Элегест ордыг эргэлтэд оруулах алхмыг тун ажил хэрэгч түвшинд ийн баталгаажуулж, 4-5 жилийн дотор төмөр зам барьж байгуулах нь ээ.
БИД ӨРСӨЛДӨГЧДӨӨ ШАХАГДАХ УУ?
Тавантолгой ордыг дэд бүтцийн бодитой шийдэлтэйгээр, бүрэн утгаар нь эдийн засгийн эргэлтэд оруулах тухай сэдэв халуун хэвээрээ арвангурав дахь жилээ замнаж байна. Улс төр, эдийн засгийн хүрээний анхаарлыг анх татаж эхлэх үед нөөц нь 6 тэрбумаар хэмжигдэж байсан бол жорк стандартын дагуу нөөцийн хэмжээ бүрэн баталгаажвал 8 хүртэлх тэрбум тонноор хэмжигдэхээр байгаа билээ. Нөөцийн хэмжээ өсч бүртгэгдэнэ гэдэг мэдээж сайн мэдээ. Гэхдээ ордын бодит үнэ цэнийг бүрэн тодорхойлоход дан ганц нөөцийн хэмжээ хангалттай биш гэдгийг шинжээчид хэлдэг. Төслийг цогц утгаар нь ажил хэрэг болгоход улс төрийн тогтвортой, ончтой шийдэл хэрэгтэй. Эрэлтээ бодитой тодорхойлж, идэвхтэй урагшлах боломжоо зөв тооцоолох ёстой. Мэдээж дэд бүтцийн асуудал томоохон сорилт болсоор байгаа. 2018 оны сүүлчээр БНХАУ нүүрсний худалдан авалтаа хумихад, бид энд төсвийн орлого тасалдах нь гэж багагүй сандарсан. Товчхондоо бол Монголын эдийн засгийн бүтэц эмзэг, тэр хэрээр дархлаа нэхсэн өдрүүд байсан. 2019 он гарснаас хойшх нөхцөл байдлын тухайд Австралид үер болсноос гадна тус улс болоод БНХАУ-ын хооронд үүссэн асуудал цаашид хэрхэн өрнөх вэ? БНХАУ боомтуудынхаа үүдийг цоожилсон бодлогыг барих уу? гэхчлэн асуултууд анхаарал татаж буй. Энэ болгоны цаана Монголын нүүрсний экспорт нэмэгдэх үү гэдэг нь бидэнд чухал.
БНХАУ-д зөвхөн Австрали манайх хоёр нүүрс нийлүүлдэггүй. Эдийн засагч Л.Наранбаатар хэлэхдээ “Бидэнтэй Индонез, Австрали, Канад, Орос, Америк өрсөлдөж байна. Биднийг цаг алдаж байхад ОХУ Зүүн Сибирээр БНХАУ-тай нарийн царигийн төмөр замаар холбогдож, 2 тэрбум тонн нүүрсний нөөцтэй, жилийн 20-25 сая тонны хүчин чадалтай баяжуулах үйлдвэр байгуулан, аж үйлдвэрийн цогцолбор хэлбэрээр Хятадын зах зээлд нүүрс нийлүүлээд эхэлчихлээ. ОХУ өнөөдөр 400 сая тонн нүүрс олборлож, 200 сая тонн нүүрс дэлхийн зах зээлд экспортлосноо магтан сайшааж байна. Тэгж магтан сайшаах бүрт Монгол Улс зах зээлээс шахагдаж байна. Дэд бүтэцгүй өрсөлдөх чадвар муутай хэдэн уурхайнуудаараа мэдэрч байна” гэж байв. Тэгвэл ОХУ нүүрсний салбар дахь өрсөлдөх чадвараа ахиулсаар байгаа нь эхэнд өгүүлсэнчлэн Элегест ордын мэдээллээс харагдаж байна.
Өнгөрсөн жилүүдийн нөхцөл байдлыг эргэн санахад хойд хөрш Тувагийн Элегест ордыг эргэлтэд оруулах хүрээнд Элегест-Кызыл-Курагино чиглэлийн 410 км төмөр замыг барих компаниар “СГК-трансстройЯмал”-ыг шалгаруулж байсан юм. Ингэхдээ уг төмөр замыг манай улсын газар нутгаар дайруулан өмнөд хөрштэй холбох бодлого Кремльд бийг ОХУ-ын хэвлэлүүд бичиж байсан. Манай нүүрсний үндсэн гол зах зээл рүү нүүрсээ гаргахдаа манай газар нутаг дээгүүр дамжуулах нь манайд эдийн засгийн аюулгүй байдал талаасаа асуудал дагуулах эсэх нь анхаарал татаж байв. Тэгвэл өдгөө яригдаж буй чиглэл нь Курагино – Кызыл – Цагаан толгой – Эрдэнэт – Бээжин – Тяньжин, Курагино – Кызыл – Цагаан толгой – Өрөмч гэсэн чиглэлүүд яригдаж буй аж. Аль аль чиглэлийг нь харахад Монголын газар нутгаар дайрахаар байгаа юм. Өмнө нь Кызыл-Курагино төслийн хүрээнд яригдаж байсан чиглэлүүдийг харахад Курагино – Кызыл – Цагаантолгой – Арц суурь – Ховд–Такашикэн–Хами муж–Цонжийн хотон үндэстний өөртөө засах тойрог– Өрөмч болон Курагино – Кызыл – Цагаантолгой – Арц суурь – Овоот – Эрдэнэт – Салхит – Замын-Үүд – Эрээн – Улаанцав – Жанчхүү – Бээжин– Тянжин гэсэн маршрутууд яригдаж байсан.
ОХУ болон БНХАУ уг төмөр замын төсөлд хамтрах уу, бидний ашиг сонирхлыг хэрхэн авч үзэх вэ гэдэг асуудал анхаарал татаж байна. Манай нүүрсний салбарын гол өрсөлдөгчийн байр сууриа улам тод болгож буй хойд хөршийн Кемерова мужаас Владивосток хүртэлх бүх л нүүрсний уурхай, цахилгаан станцуудын хяналтын багцыг эзэмшдэг СУЭК корпораци нь Улан- Үдэд барьсан нүүрс угаах үйлдвэр болоод Владивостокийн Мухта хойгт барьсан шилжүүлэн ачих байгууламжиндаа оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөхийн тулд хятадын зах зээлийн үнийг буулгахгүй байх шаардлагын улмаас Тавантолгойтой холбоотой асуудлуудад тээг гацаа тавих бодлогыг барьж өдийг хүрсэн гэх өнцөг ч бий.
ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫГ ӨНГӨЛӨХ ТӨМӨР ЗАМЫН ТЭЗҮ-Г ШИНЭЧИЛЖ БАЙНА
Хэчнээн өрсөлдөх чадвар яриад, тоон үзүүлэлтүүд дурдлаа гээд гол нь цаасан дээрх төсөөллүүдээ газарт буулгадаг байх хэрэгтэйг Тавантолгой-Гашуунсухайтын 267 км төмөр замын төслөөс харж болно. 2010 оноос хойшх 9 жилийн үйл явцыг энд дурдаж багтахгүй бол яг өнөөдөр Засгийн газар ямар байр суурьтай байгааг тодруулан хүргэе.
Засгийн газрын 2018 оны 242 дугаар тогтоолоор Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг эрчимжүүлэх үүрэг бүхий төрийн өмчийн 51-ээс доошгүй хувийн оролцоотой “Таван толгой төмөр зам” ХХК-ийг байгуулаад байна. Уг тогтоолоор “Монголын төмөр зам” ТӨХК-иас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замд зарцуулсан хөрөнгөд хөндлөнгийн аудит хийлгэж, дүгнэлт гаргуулсны үндсэн дээр “Таван толгой төмөр зам” ХХК-д шилжүүлж, “Монголын төмөр зам” ТӨХК-д хувьцаа эзэмшүүлэх, төмөр замын барилгын ажлыг үргэлжлүүлэхэд шаардагдах хөрөнгийн тодорхой хэсгийг санхүүжүүлж, хувьцаа эзэмшихийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д даалгасан аж. Тавантолгой нүүрсний орд газраас Гашуунсухайтын хилийн боомт хүрэх төмөр замын урт 267 км, барилгын ажлын гүйцэтгэх хугацаа 3-4 жил, урьдчилсан тооцоогоор төсөвт өртөг 1.1 тэрбум ам.доллар. Нэвтрүүлэх хүчин чадал жилд 15-30 сая тонн, төмөр замын царигийн өргөн 1435 мм байхаар, тооцоо судалгааны ажил бүрэн хийгдэж, санхүүжилт шийдэгдсэнээр ТЭЗҮ зураг төсөлд шинэчлэлт хийж, 2019 онд багтаан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ТЭЗҮ болон Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг шинэчлэн боловсруулж дуусгахаар ажиллаж байгаа гэсэн мэдээллийг өгч байна.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийн барилгын ажилд нийт 197.3 сая ам.долларын санхүүжилт хийгдсэн бөгөөд төслийн газар шорооны ажил 86.6 хувь, гүүр, хоолой 52.76 хувь, нийт барилгын ажил 51.84 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.
Тэгэхээр засгийн мэдээллээс үзэхэд төмөр замын дэд бүтцийг байгуулах ажил гацаагүй аж. Гэхдээ ес дэх жилдээ “гацахгүйгээр” гацаж байгаа гэдгийг нь сануулж хэлэхэд илүүдэхгүй болов уу. 1072 хувьцаатай иргэдэд нэгж хувьцаанд 25 төгрөг буюу нийт 26 800 төгрөгийн ногдол ашиг хуваах тухай ярьж байхын оронд төмөр замын дэд бүтцээ байгуулахад нэмэрлээд, дорвитой алхам хиймээр.
Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"
Сэтгэгдэл ( 8 )
batlan hamgaalahaas tulhuu horongo orj ireh bolomjtoi uchir tserguudeer tz aa bariulah n zuv ajilgui irgedeer bariulahaar zalhuuraad
tavan tolgoi ruu orgon tsarigiin tz tavih n tz taviaguitei agaar neg
ТӨМӨР ЗАМДАА ИРГЭДЭЭ 26800 ТӨГРӨГӨӨР НЬ ХУВЬ ЭЗЭМШҮҮЛЭЭД ТӨМӨР ЗАМАА ЯАРАЛТАЙ ДУУСГАХ ХРТЭЙ ЭНЭ БАЙДЛААРАА ЭНЭ ОНДОО ТЭЗҮ ХИЙГЭЭД Л ИРЭХ ОНТОЙ ЗОЛГОХООР ХУДЛАА ТУУЗ ХАЙЧЛААД ТӨМӨР ЗАМЫН АЖИЛ ЭХЭЛСЭН НЭРХЭМЭЭЖ ХУЛИХ АЖИЛЛАГАА ХИЙЖ СОНГУУЛЬТАЙ ЗОЛГУУЛЖ БНА.
Танк Женкогоос асуу!!!
Томор замаа хурдан барих хэрэгтэй байна юун хувьцааны ногдол ашиг тараах вэ хэдэн жилийн дараа илуу их ногдол ашиг авахаа боддоо миний ард тумэн
Гөлөгнүүд хоорондоо хэрүүл хийж зодолдоод байх юм. яаж ийж байгаад хурдан төмөр замаа бариачээ
hurdlaachee
Ajlaa hurdan hiimeer bh yam manai uls turchid turd shurgalah daraa daraagiin huvilbaraa bodoj huvia hicheegeed uls orniig uud tatah yam yach hiihgfui bn olson heden munguu taraaj uguud uursduu songogdohiig l bodohoos uur zuil hiihee baij tavan tolgoin olson jaahan mungunuus horin myangan tug ugsund orvol naad tumur zamaa hurdan bariachee uneheer novshnuud yam aa