Баянзүрх дүүргийн 25-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Singapore school of Mongolia” сургуульд өнгөрсөн баасан гаригт /2019.04.05/ хоолны хордлого гарч, олон хүүхэд хордсон талаар мэдээлсэн билээ.
Дөнгөж сая авсан мэдээллээр хордлогын өвчний хам шинжтэй 84 хүн бүртгэгдээд байгаа бөгөөд тэдний 44 нь ХӨСҮТ-д хэвтэн эмчүүлж байна. Өвчтөнүүдийн 30-аас нь шегелийн нян илэрсэн нь тогтоогдсон гэж эх сурвалж мэдээлэв.
ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхэлсэн дэд захирал М.Тунсагийн хэлснээр хүүхдүүдийн биеийн байдал эмнэлгийн тусламж авахаар ирсэн үеэс сайжирсан байна.
Зарим эх сурвалжийн ярьснаар хүүхдүүдийн дийлэнх нь “Singapore school of Mongolia” сургуулийн цайны газарт тахианы махтай хоол идсэн байна.
Хүүхдүүдэд хоолны хордлогын шинж тэмдэг илэрсэн даруй эмч нарын баг сургууль дээр ажиллаж, тус сургуулийн 186 багш, сурагчдаас асуумж судалгаа авахад 84 хүнд эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн гэх мэдээлэл бий. Ингээд 44 хүнийг ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж эхэлсэн ба 40-ийг нь өрхийн эмчийн хяналтад шилжүүлжээ. Харин хоёр хүүхдийг эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлэн, шаадлагатай эмчилгээгээр ханган ажиллаж байна.
Эрүүл мэндийн яамнаас ийнхүү олон хүүхдийн эрүүл мэнд, амь насыг эрсдэлд оруулж байгаа нь тухайн байгууллагын хоол хүнсний аюулгүй байдал, хяналт алдагдсантай холбоотой гэж үзэж буйгаа мэдэгдээд байна.
Мэргэжлийн байгууллагууд ямар хоол, хүнснээс хордлого авсныг одоогоор албан ёсоор зарлаагүй байгаа юм.
Сэтгэгдэл ( 1 )
dynjingarab xydaldaani tob buyu yndesnii tsetserlegt xvreelend baidag