Нөхөж баршгүй орон зайн эзэн

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 04 сарын 12

Өлзий-Оршихыг таних уу гэж хэн нэгнээс асуувал дугуйчин уу, гитарчин уу хэмээн лавлах нь дамжиггүй. Монголын дугуйн спортод томоос том орон зайтай эрхэм бол яах аргагүй Гавьяат тамирчин Жамсрангийн Өлзий-Орших. Түүнийг дугуйгүйгээр, дугуйн спортыг түүнгүйгээр төсөөлөхийн аргагүй. Монголын бүх цаг үеийн хамгийн шилдэг дугуйчин хэн бэ гэж асуувал хүн бүр дуу нэгтэйгээр Ж.Өлзий-Орших гавьяатыг онцлох нь маргаангүй. Тэрбээр Монголын дугуйчдын мөч зүсэгч нь байж, боломжгүй мэт байсан анхны тодотгол бүхий олон амжилтын эзэн болсон. Монгол хүн дугуйн спортоор ямар оргилд гарч болохыг тэр л бидэнд үлгэрлэсэн, анхны жимийг нь гаргасан билээ.

 1967 онд Улаанбаатар хотод төрсөн Ж.Өлзий-Орших гавьяат багаасаа дугуйчин болохыг мөрөөдөн, хорхойссон нь 16 насандаа Н.Нармандах багшийн шавь болсноор биелжээ. Түүний амжилт, ур чадвар өдрөөс өдөрт ахисаар 1986 онд үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтав.

1990-ээд оны зах зээлийн ороо бусгаа үед спортдоо үнэнч үлдсэн хуруу дарам тамирчны нэг нь яах аргагүй тэр мөн. Бусдын адил амьдрахын эрхэнд наймаанд явж, өөр салбарт зүтгэх боломж түүнд байсан нь мэдээж. Гэвч тэр тэгээгүй, тэгэхийг ч хүсээгүй. Улсаас тамирчдаа дэмжихээ болиход ч, шигшээ багийг татан буулгахад ч, үеийнх нь дугуйчид спортоо орхиход ч тэрбээр шийдвэрээ өөрчлөөгүйгээр нь Монгол түмэн одоо ч бахархдаг.

Тууштай хүнийг амьдрал шагнадаг гэдэг. Дугуйн спортоор амжилт гаргахын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэн, тууштай хөдөлмөрлөснийхөө үр шимийг Ж.Өлзий-Орших гавьяат 1997 онд хүртэхдээ ДАШТ-ий хүрэл медалиар энгэрээ мялаав. Монгол дугуйчин дэлхийн дэвжээнээс анх удаа медаль хүртсэн нь тэр. Тэрбээр ДАШТ-д Төрийнхөө далбааг мартаад очсон тул тэмцээний өмнөх өдөр өөрөө хоёрыг оёсон гэдэг. Тэмцээн болсон ордны гадна нэгийг нь, медалиа гардахдаа нөгөөг нь мандуулжээ. Улаанбаатар хотын болон спартакиадын аварга шалгаруулах тэмцээний 24, УАШТ, Монголын бүх ард түмний спартакиадын 42 түрүүтэй Ж.Өлзий-Орших 2002 онд ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэн, дэлхийн дэд аварга болсон. Дэлхийн шилдгүүдийн өрсөлдөөн дундаас торойж, ДАШТ-ий хос медальтан болсон түүний амжилт өдгөө ч анхдагч хэвээрээ байна.

“Барселона-1992” олимпод хурд сорьсон тэрбээр амжилт, ур чадвараараа бусад орныхны, ялангуяа мэргэжлийн спортынхны хараанд өртөх болов. Улмаар монголчуудаас анх удаа АНУ-ын Village Peddlar мэргэжлийн дугуйн багт 1997-1999 онд, Голландын мэргэжлийн дугуйн Marco Polo Cycling Team багт 1999-2001 онд, Тайванийн GIANT Asia Racing Team багт 2001-2002онд , “Discovery Channel Marco Polo” багт 2002-2007 хүртэл уралдаж, мэргэжлийн спортод өрсөлдсөн нь яах аргагүй түүхэн амжилт. Тэгж монгол дугуйчны ур чадвар дэлхийд анх удаа үнэлэгдсэн түүхтэй.

“Биеийн болон сэтгэлийн хүчийг хослуулж чадсан нь аварга болдог” гэж хэлэх дуртай байсан Ж.Өлзий-Орших 2001 онд Гавьяат тамирчин цол хүртэж, Монголын шилдэг тамирчнаар гурван удаа (2001, 2003, 2006) шалгаран, 2002 онд МҮОХ-ны тэргүүн дээд шагнал “Бөртэ чоно”-ын эзэн болжээ. Үүний сацуу Олон Улсын Дугуйн Холбооны дээд шагнал “UCI MERIT”-ээр 2010 онд шагнуулсан ба Ази тивээс шагнуулсан анхны тамирчин болсон юм. МҮОХ-ны “Алтан од” шагналын эзэн Ж.Өлзий-Оршихын ур чадвар, хөдөлмөрийг дэлхий хүлээн зөвшөөрсний илрэл тэр байлаа.

Дэлхийн шигшээ багт Ази тивийг төлөөлж 2010 онд уралдсан тэрбээр Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний түрүүтэй (2002), Азийн АШТ-ий гурван мөнгө (1990, 2000, 2001), нэг хүрэл (1989) медальтай. 1999 онд Японд болсон ДАШТ-ий багийн 100 км-ийн сорихдоо улсынхаа дээд амжилтыг шинэчилж байв.

1998 оноос зодог тайлтлаа “Авто зам” клубт харьяалагдсан Ж.Өлзий-Орших гавьяатын Монголын дугуйн спортод оруулсан хувь нэмэр, гавьяа асар их. 23 жил амжилтын төлөө зүтгэж, эх орныхоо Төрийн дууллыг тив, дэлхийн дэвжээнд эгшиглүүлэхийн төлөө хөдөлмөрлөсөн тэрбээр шилдэг тамирчин төдийгүй чадварлаг дасгалжуулагч, спортын зүтгэлтэн байлаа. Монголын дугуйн холбооны Ёрөнхий Нарийн Бичгийн Даргаар ажиллаж байхдаа хийсэн ажил, гаргасан санаачлагыг нь мэргэжилтнүүд өндрөөр үнэлдэг.

2006 онд Азийн наадамд оролцсоныхоо дараа жил зодог тайлж, дасгалжуулагчийн албанд шилжсэн ба түүний цөөнгүй шавь нар Монголын дугуйн спортын нүүрийг тахалж, гадаадын мэргэжлийн багт зүтгэж явна. Түүний шавь нараас найман ОУХМ, 15 спортын мастер цолтон төржээ. Ж.Өлзий-Орших гавьяатын шавь, Азийн АШТ-д түрүүлсэн Монголын анхны эрэгтэй дугуйчин Б.Марал-Эрдэнэ ОУХМ цолтой. Оюутны ДАШТ-ий мөнгө, Азийн АШТ-ий хошой хүрэл медальтай, 23 хүртэлх насны ангиллын Азийн аварга тэрбээр Азийн шилдэг дугуйчин (2015) Азийн шилдэг уулын дугуйчин (2016)-аар шалгарч байв. Үүний сацуу Зүүн Азийн наадмын дэд аварга, Азийн шилдэг дугуйчнаар 2013 онд шалгарсан, ОУХМ А.Алтансүх, Азийн оюутны дэд аварга, Бээжингийн уралдааны шар цамцны эзэн, Азийн шилдэг дугуйчин шагналын эзэн, ОУХМ Э.Мөнхтулга, Азийн оюутны аварга, УАШТ-ий олон түрүүтэй, ОУХМ Э.Болор-Эрдэнэ, Азийн сурагчдын дэд аварга, насанд хүрэгчдийн Азийн АШТ-д хоёр удаа IV байрт шалгарсан, ОУХМ Э.Билгүүнжаргал, Зүүн Азийн наадмын хүрэл медальт, Вьетнамд болсон олон улсын тэмцээний түрүүтэй, ОУХМ Т.Төгөлдөр, сурагчдын Азийн аварга, өсвөр үе, залуучуудын УАШТ-ий олон медальтай, Франц улсын дугуйн клубт уралдахаар болсон, спортын мастер Б.Гантөмөр тэргүүтэй шилдгүүд багшийнхаа амжилтыг үргэлжүүлж явна. Ж.Өлзий-Орших гавьяат хэдэн жилийн өмнө хэвлэлд ярилцлага өгөхдөө “Монголын шилдэг тамирчид надаар битгий дуусаасай” гэж санаа алдан өгүүлсэн. Харин үүнээс харахад тэрбээр санаа зовохооргүй, хэний ч өмнө нүүр бардам хэлэх үг, хийсэн зүйлтэй амьдарчээ. Бүхий л насаараа дугуйн спортын төлөө зүтгэж, амьдралаа зориулсан тэрбээр өөрийнхөө гаргаж чадаагүй амжилтад шавь нараа хүргэхийн төлөө хөдөлмөрлөж явсан ч хэд хоногийн өмнө тамирчдаа Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцуулахаар бэлтгэлийг нь хийлгэж яваад бурхан болсон нь харамсалтай. Монголын дугуйн спортод түүний орон зай үгүйлэгдэх нь гарцаагүй. Магад хэн ч нөхөж чадахгүй байж ч мэднэ.


Нийтлэлд Ж.Өлзий-Орших гавьяатын ДАШТ, Азийн АШТ-д гаргасан амжилтыг дурдсан. Тиймээс олон улсын А зэрэглэлийн тэмцээнд хэрхэн өрсөлдсөнийг нь сонирхуулъя.
 

1989 он

  • Польш улсад болсон ах дүү армийн аварга шалгаруулах тэмцээний дэд аварга болжээ

1990 он

  • Польшид зохион байгуулсан ах дүү армийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн
  • Киргизийн “Cup of Frunze” олон улсын тэмцээнд түрүүлэв

1992 он

  • Италид зохион байгуулсан “Адолф Леоны” нэрэмжит уралдаанаас алтан медаль авсан
  • Италид болсон уулын дугуйн “Jero de Regioni” уралдаанд гуравдугаар байрт шалгарчээ.

1993 он

  • “Tour de Taiwan” уралдаанаас хүрэл медаль авсан

1994 он

  • Украины улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд түрүүлэв

1995 он

  • ОХУ-д болсон олон өдрийн “Пять Колец” уралдаанд аман хүзүүджээ

1997 он

  • БНХАУ-д хийсэн “Tour of South China Sea” уралдаанд түрүүлэв

1998 он

  • Малайзын “Jelajan Johor” уралдааны дэд аварга болжээ.

1999 он

  • Италийн олон өдрийн “King Nicola Path” уралдаанд түрүүлэв

2000 он

  • Малайзын нээлттэй тэмцээнээс алтан медаль авлаа
  • Малайзын “Tour de Malaysia” уралдаанас гурван алтан медаль хүртжээ
  • Малайзын “Tour of Pahang” уралдаанаас дөрвөн мөнгөн медаль авсан.

2001 он

  • Голланд улсын хатан хааны нэрэмжит уралдааны дэд аварга болов
  • “Германы Дортмунд хотод болсон  олон улсын уралдаанд гуравдугаар байрт шалгарсан
  • Төвдөд зохион байгуулсан “Tour de Tibet” уралдаанд түрүүлсэн
  • Тайванд хийсэн олон улсын тэмцээнээс алт, хүрэл медалиар энгэрээ мялаав
  • Тайванд болсон “Tour of International Road race” уралдааны гурван зайд түрүүлжээ
  • БНСУ-д зохион байгуулсан “International Road Race Sang Geo” уралдаанаас алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн
  • БНХАУ-ын “Тour of Xing Jang” уралдааны хоёр зайд түрүүлэв
  • “Tour de Pahang” уралдаанаас хоёр алтан медаль авлаа
  • “Tour of South China Sea” уралдаанаас хүрэл медаль хүртэв

2002 он

  • Түвдэд болсон “Tour of Tibet” уралдаанд түрүүлсэн
  • Малайзын нээлттэй тэмцээнээс алтан медаль авсан
  • Японд болсон гурван өдрийн олон улсын уралдаанд түрүүлсэн
  • БНХАУ-д зохион байгуулсан “Tour of Beijing” уралдаанд нийлбэр дүнгээр хоёрдугаар байр эзэлсэн.

2003 он

  • “Tour of Beijing” уралдаанд гуравдугаарт байрт шалгарав.
  • Германд болсон “Cup of Gelsenkirchen-Buer” тэмцээний дэд аварга болсон
  • Германд хийсэн “Cup of Stadt Gelsenkirchen” уралдаанаас мөнгөн медаль хүртсэн

2004 он

  • “Tour de Korea” уралдаанд түрүүлжээ
  • “Tour de Sri Lanka” уралдаанд нэгдүгээр байр эзэлсэн
  • ОХУ, Монголын нутагт болсон “Дорнын салхи” олон өдрийн уралдаанд түрүүлсэн

2005 он

  • Тайландад  зохион байгуулсан “Tour of Siam” уралдаанаас хоёр мөнгөн медаль авав
  • “Tour de Korea” уралдаанд гуравдугаар байрт шалгарлаа
  • Индонезод болсон “Tour of East Java” уралдаанаас хоёр мөнгөн медаль хүртэв

2006  он

  • Тайландад зохион байгуулсан “Tour of Siam” ууралдаанаас алт, мөнгөн медал авчээ
  • Японд болсон олон улсын гурван өдрийн уралдаанд түрүүлэв
  • Индонезод зохион байгуулсан олон улсын тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль авсан
  • БНХАУ-д хийсэн “Great Wall Bicycle Festival 2006” уралдааны дэд аварга болжээ
  • Малайзад болсон гран при ангиллын олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн.

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Болормаа(192.82.64.138) 2019 оны 04 сарын 16

Эрхэм хүндэт ах та минь энэ ертөнцөд маш их учир утгыг бүтээхийн тулд мэндэлсэн бөлгөө. Эх орондоо болон тив дэлхийн олон уралдаан тэмцээнээс хэний ч чадаагүй амжилтыг гаргаж дэлхийн өнцөг булан бүрт нэр алдараа цуурайтуулсан таны минь төлөө харамсан гашуудаж байна. Ах дүү, анд нөхөд болон шавь нар чинь таны минь эхлүүлсэн аугаа их үйл хэргийг үргэлжлүүлж ,цаашид хийхийг хүсч зорьж байсан үйл хэргийг тань үргэлжлүүлэх болно.Ум сайн амгалан болтугай

1  |  0
Top