Азийн хөгжлийн банкны зээлээр хэрэгжиж буй Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам барих төслийн хүрээнд авто замын засвар, арчлалтад шаардлагатай машин, механизмыг Зам тээврийн хөгжлийн яамнаас замын засвар, арчлалт хариуцсан төрийн өмчит 15 байгууллагад өнөөдөр /2019.04.13/ гардуулан өглөө.
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт олон улс, хот хоорондын болон орон нутгийн чанартай авто замын сүлжээн дэх хатуу хучилттай авто замын сүлжээг өргөтгөж, бүх аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбож дуусгах, Мянганы замын хэвтээ тэнхлэгийн хэсгийг үргэлжлүүлэхээр тусгагдсаны дагуу 2016 оноос эхлэн Улсын төсөв, гадаад, дотоодын зээлийн хөрөнгө оруулалтаар авто замын бүтээн байгуулалтын ажлууд эрчимтэй хийгдэж байгаа юм. Энэ хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2019-2020 онд багтаан Завхан, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн төвийг Нийслэл Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбохоор ажиллаж байна.
Архангай, Говь-Алтай, Дархан-Уул, Хөвсгөл, Налайх, Өвөрхангай, Төв, Завхан, Булган, Хэнтий, Сүхбаатар аймагуудын, Төв аймгийн Баянчандмань, Эрдэнэсант, Өвөрхангайн Хархорин сумдын, Багануур, Налайх дүүргийн Авто зам засвар, ашиглалт /АЗЗА/-ын ТӨХК-д авто замын засвар, арчлалтад шаардлагатай машин, механизмыг /автогрейдер, ачигч, экскаваторын аль нэгийг нь/ хүлээлгэн өглөө.
Тус арга хэмжээнд оролцсон Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “Монгол Улсын авто замын сүлжээний нийт урт 49 179.4 км, үүний 14 918.3 км авто зам нь олон улс, улсын чанартай авто замын ангилалд багтдаг бөгөөд жилийн дөрвөн улиралд авто замын өдөр тутмын бэлэн байдлыг төрийн өмчит 20, хувийн хэвшлийн 8 байгууллага хариуцан ажиллаж байна. Олон улс, улсын чанартай авто замын бэлэн байдлыг жилийн дөрвөн улиралд цаг агаарын хүнд нөхцөлд ард иргэдээ аюул осолгүй авто замаар зорчуулах эрхэм үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллаж байдаг зам хариуцагч та бүхэндээ талархаж байна.
Авто замын засвар, арчлалтыг хариуцан ажиллах зам хариуцагчийн хүчин чадлыг сайжруулах, үйлдвэрлэлийн баазыг бэхжүүлэх зорилгоор зам засварын машин, механизмыг замын засвар, арчлалт хариуцсан төрийн өмчит 15 байгууллагад хүлээлгэн өгч байна” гэлээ.
Авто замын засвар, арчлалтад шаардлагатай машин, механизм хүлээн авсан АЗЗА ТӨХК-иудын төлөөлөл өнөөдөр орон нутгийг зорино. Дашрамд дурдахад, сүүлийн жилүүдэд замын салбарт ийм олноор машин, механизм өгч байгаагүй юм байна.
Сэтгэгдэл ( 0 )