Улаанбаатар хотын зүрхэн хэсэг Сүхбаатарын талбай. Аль ч орны Төрийн тэргүүний айлчлалаас эхлээд аймаг, сумаас ирсэн иргэд жанжны талбайд зочилдог. Тиймийн учир зүрх гээд байгаа юм. Харин одоо Сүхбаатарын талбайн урд хэсэгт авто машины зогсоол байгуулчихсан байгаа.
Сүхийн талбай орчин цагийн усан оргилууртай, газар доорх үйлчилгээний төвтэй байна гээд төсөөл дөө. Гоё байгаа биз. 2006 онд яг ийм орчныг бий болгоно гээд “Ю БИ КОНСТРАКШН” компани 2.5 га газрыг 15 жилийн хугацаатай үйлчилгээний зориулалтаар эзэмшихээр авсан байдаг. Өнөөдрийг хүртэл нийслэлчүүдийн нүд сонорыг мялааж байх ёстой усан оргилуур, үйлчилгээний төвөө хүлээсээр.
Жигтэй явдлын уг гарвалыг нь хөөгөөд үзье. Нийслэлийн ИТХ-ын 2006 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн хуралдаанаар Сүхбаатар дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэр дэх Сүхбаатарын талбайн урд орчин үеийн шинэ технологи бүхий усан оргилуур, газар доорх үйлчилгээний барилгын зориулалтаар 2.5 га газрыг тухайн үеийн хурлын дарга Н.Болормаа гарын үсэг зурж баталгаажуулан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулжээ. Харин маргааш нь буюу хоёрдугаар сарын 9-ний өдөр “Газар эзэмших эрхийн сонгон шалгаруулалт явуулах тухай” нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаярын 52 дугаар захирамж гарсан.
Төсөл сонгон шалгаруулалтаар орж Нийслэлийн Засаг даргын 2006.05.10-ны 215 тоот захирамжаар тус компанид өгсөн юм. Хотын А зэрэглэлийн бүсэд усан оргилууртай доороо үйлчилгээний төв барина гэдэг чинь Аса аваргын хэлдгээр “алаан” байхгүй юу. Энэ боломжийг “Ю БИ КОНСТРАКШН” компани авсан юм. Магадгүй Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсээс үлдсэн хамгийн сүүлчийн газрыг тус компани эзэмшиж байж болох юм. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулан бүтээгдэх ёстой усан оргилуур, үйлчилгээний төв одоогоор авто зогсоол болсноос өөрөөр буурь зассангүй.
Уг 2.5 га газар нь одоо байгаа авто зогсоолоос хойш 10 орчим метр газар, урагшаа төв замын явган хүний зорчих хэсэг хүртэлх талбай юм. Энэ хэсэгт л ид бүтээн байгуулалтын ажил хийгдээд дуусчихсан, иргэд ая тухтай үйлчлүүлэх боломжтой бүтээн байгуулалтууд хийгдэх ёстой байв. Гэтэл “Ю БИ КОНСТРАКШН” компани 2017 оны зургадугаар сарын 9-нд Улаанбаатар хотын банктай бизнесийн зээлийн гэрээ байгуулжээ. №ЗГ9101/170609 тоот зээлийн гэрээгээр “Ю БИ КОНСТРАКШН” компани Улаанбаатар хотын банкнаас жилийн 18 хувь, сарын 1.5 хувийн хүүтэйгээр 500 сая төгрөгийн зээл авсан байна. Өнөөдрийн ам.долларын ханшид шилжүүлэн үзвэл 131 мянган ам.доллар болж байгаа юм. Уг зээл нь гэрээнд дурдсанаар 60 сарын хугацаатай байх ба 2022 оны зургадугаар сарын найман гэхэд төлж барагдуулах үүрэг хүлээжээ.
Гэтэл хэдхэн хоногийн дараа буюу 2017 оны зургадугаар сарын 13-нд тус компани мөн л Улаанбаатар хотын банкнаас дөрвөн сая ам.долларыг жилийн 10 хувь, сарын 0.83 хувийн хүүтэй зээл авсан нь зээлийн барьцааны гэрээнээс харагдаж байгаа. Зээлийн явдал суудал үүгээр эцэс болсонгүй.
2018 оны зургадугаар сарын 27-нд “Ю БИ КОНСТРАКШН” компани дахин Улаанбаатар хотын банкнаас дөрвөн сая сая 450 мянган ам.долларыг нэг жилийн хугацаатайгаар зээлжээ. Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газрыг нийтдээ найман сая 581 мянган ам.долларын зээлийн барьцаанд байна гэсэн үг. Энэ нь өнөөдрийн ханшаар 22.5 тэрбум төгрөг болж байгаа юм. Төрийн ордны зүүн талын хуучин Улаанбаатар хэвлэхийн тэр газар 25 тэрбум төгрөгөөр одоогийн эзэмшигчдээ очиж байсан гээд бодохоор энэ үнэнд дүйх нь гарцаагүй. Албан бус мэдээллээр 9.5 сая ам.долларын банкны барьцаанд байгаа гэх мэдээлэл байгаа ч бидэнд олдсон гэрээний хүрээнд 8.5 сая ам.долларын барьцаанд байгаа нь ил болж байгаа юм.
Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газар 2005-2007 онд Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Ц.Батбаярын захирамжаар бүтээн байгуулалт хийгдэх нэрийн доор олгогдож байлаа. Түүнээс хойших хотыг удирдсан Т.Билэгт, Г.Мөнхбаяр, Э.Бат-Үүл нарын үед уг асуудал огт хөндөгдөж байсангүй. Харин С.Батболдыг Хотын даргаар ажиллаж байхад “Ю БИ КОНСТРАКШН” компани усан оргилуур, газар доорх үйлчилгээний барилга маань авто зогсоол болон хувирсан юм. “Авто зогсоол нээлтээ хийлээ” хэмээн сүржин даржин мэдэгдэл хийж байсан ч анхны зориулалтаар нь ашиглаад явсан бол өнөөдөр хүүхэд, хөгшид нарлах хачин сайхан бүтээн байгуулалттай болж үлдэх байв. Тус компани эзэмшиж буй газрынхаа зориулалтыг өөрчлүүлэх хүсэлтээ өгсөн талаар эх сурвалж хэлсэн юм.
“Ю БИ КОНСТРАКШН” компани бүтээн байгуулалтын ажлаа хийсний дараа ашгийн 40 хувийг нийслэлд төвлөрүүлнэ гэж гэрээндээ тусгасан юм байна. Гэсэн ч өнөөдрийг хүртэл “Бид ашиггүй ажиллаж байгаа” гэдэг шалтгаанаар нэг ч төгрөг төлөөгүй аж. Гэрээ бол гэрээ. Хууль шиг мөрдөгдөх ёстой. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлах эрх нь хотын дарга С.Амарсайханд бий. Хотын шинэхэн мээр энэ асуудалд цэг хатгах уу гэдэг нь олны анхаарлыг татах нь гарцаагүй. Хугацаатай үүрэг өгч ажлыг нь хийлгэх эсхүл гэрээг цуцлах хоёр л гарц үлдээд байна. “Ю БИ КОНСТРАКШН” компанийн 15 жилээр эзэмших гэрээ 2021 онд дуусгавар болно. Тэр үед нийслэлчүүд ганц авто зогсоолтой үлдэж, хуйхаа маажаад суух уу. Нэр дурдагдаж буй компани нь баримтаар ил болсон 22.5 тэрбум төгрөгөөрөө хэсэг газрын хөрсийг хатуу хучилттай болгоод үлдэх үү гэсэн асуултын тэмдэг байсаар байгаа юм.
Авто машины зогсоол анхаарлын тэмдэгтэй явж ирсэн нийслэлийн хувьд өнөөдөр энэ зогсоол чухал байж болно. Гэхдээ ирээдүйд энэ мэтчилэн явж таарахгүй. Нийслэлийн зүрхэн хэсэгт орших газар банкны барьцаанд он он дамжиж явсаар байх юм уу. Ямарваа нэгэн компани үйл ажиллагаа явуулахын тулд зээл авч болно. Буруутгахгүй. Авсан зээлээрээ хийх ёстой ажлаа хийхгүй болохоор олны сонорт таагүй мэдээ болж хүрээд байна. Ядаж энэ авсан зээлээр юу хийв гэдэг нь анхаарахаас аргагүй сэдэв болж үлдлээ.
“Ю БИ КОНСТРАКШН” компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь Чанцал овогтой Орхон. Компани нь 2005 оны долдугаар сарын 20-ны өдөр барилгын засал чиглэлийн чиглэлээр байгуулагдсан талаарх мэдээллийг burtgel.mn сайтаас харж болно.
Анх гэрээ байгуулахдаа тус компани “Гэрээг цуцалбал оруулсан хөрөнгө оруулалтаа гаргаж авна” гэдэг заалт туссан талаар эх сурвалж хэлсэн юм. Ямартай ч 2021 он хүртэл эзэмших гэрчилгээтэй, 2022 он хүртэл төлж барагдуулах банкны зээлтэй “Ю БИ КОНСТРАКШН” компани 200 авто машины зогсоолоо хэзээ бүтээн байгуулалт болгох вэ гэдгийг үзэх, үүнд ямар арга хэмжээ авахыг С.Амарсайхан даргын шийдвэрээс харах үлдлээ.
Э.Ивээл
Бүрэн эхээр нь "ӨГЛӨӨНИЙ СОНИН"-оос унших боломжтой!
Сэтгэгдэл ( 5 )
Улаанбаатар банк дампуурч , Ю БИ КОНСТРАКШН ХХК татан буугдах төгсгөл харагдаж байна даа.
Ene nuguu aldart erdenebilegiin company baina shdee. Niisleliin gazriig avaad uuriinhuu bankind baritsaaluulaad tegeel uuriinhuu bolgood avchihna. Tolgoi bas sain ajillaj baina shuu.
Чингис Сүхбаатарын хөшөөгөө зараач хө. Юмаар бүтээчхээд мөнгөөр харуулж байя.
nuhduu !!luivarchid hymyysiig dendyy tenegeer tusuulj baina shyy!!shuudhan gazriig huraan avah heregtei!!hotiin luivarchid sundiutang shyyhed uguuchee!!ezemshleer avsan zagriig bankind baricaalah gej baihgyi shyy!!hudlaa tuurugdyylj baina!!ta byhen ezemshleer baigaa zuslangiin gazraa bamkind tavih geed yzdee!!gonjiin joo!luivarchid huurch bas neg arga hereglej baina!!!
энэ бүхэн ариа дэндэж байна аа. Үнэхээр Монголд төр байхгүй, Улаанбаатр хотын үе үеийн дарга нар газрын наймаачид гэдгийн баталгаа болж ээ.