Санхүүжилтийг “алт” болгох тогтолцоо байна уу гэдгийг харах ёстой

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 04 сарын 24

Хариуцлагатай уул уурхайн үнэлгээний аргачлалаар компанийн үйл ажиллагааг үнэлэх ажлыг “Эрдэнэс Монгол” ХХК хийж буй аж. Тэгвэл энэ нь компанид ямар ашигтай вэ? гэдэг асуултад “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Дотоод хяналт, мониторингийн албаны дарга Б.Мэндбаяр дараах тайлбарыг өгч байна.


-“Эрдэнэс Монгол” компанийн нэг чухал үүрэг бол охин хараат компаниудынхаа  менежментийг сайжруулж үр ашгийг дээшлүүлэх юм. Тухайлбал, Багануурын уурхайн менежментийг сайжруулахын тулд хөрөнгө оруулж, зээл олгох нь бидний үүрэг гэж ойлгож болох ч, санхүүжилтийг “алт” болгох тогтолцоо тухайн компанид байна уу гэдгийг эхлээд харах ёстой. Өөрөөр хэлбэл, шаардлагатай санхүүжилтийг хийсэн ч,  тэр нь цоорхой уут шиг байвал ямар ч үр ашиггүй, тухайн компанид өр авчрахаас цаашгүй. Тэгэхээр нэн түрүүнд тухайн компанийн менежмент ямар түвшинд байна, ирээдүйд хаана очих вэ, ямар үйл ажиллагааг сайжруулах вэ гэдгийг хэмжиж үнэлэх нь маш чухал. Хэмжиж чадахгүй бол удирдаж чадахгүй ээ. Аливаа байгууллагыг амьд организмтай зүйрлэдэг болсон. Энгийнээр тайлбарлавал, тухайн компанийг бие хүн гэж ойлгоё л доо. Тэгвэл элэг, зүрх нь сайн ажиллагаатай байсан ч, мэдрэлийн систем нь асуудалтай гэж оношилбол түүн рүү чиглэсэн эмчилгээг хийхгүй бол бусад эрхтэн рүү нөлөөлнө. Тэгэхээр оношоо зөв тавиагүй бол эмчилгээ үр дүнгүй болдогтой ижилхэн компанийн үйл ажиллагаа хаана доголдож буйг тогтоож, түүн рүү чиглэсэн арга хэмжээг авах шаардлагатай гэсэн үг. Үүний тулд бид Хариуцлагатай уул уурхайн шаардлагыг илүү нарийвчилсан үнэлгээний аргачлалаар тухайн компанийн тогтолцоог үнэлсэн гэж тайлбарлаж болох юм. Энэхүү аргачлалыг НҮБХХ-ийн Байгалийн нөөцийн тогтвортой удирдлагыг хангах байгаль орчны засаглал төслөөс гаргасан бөгөөд уул уурхайн компаниуд өөр өөрсдийн хэрэгцээнд тохируулан авч ашиглах бүрэн боломжтой.

Олон улсад олон аргачлал, стандарт хэрэгжиж байна. Компанийн хөгжлийн түвшин, ажлын байрны нөхцөл, салбараас хамаараад олон улсын стандартын үнэ өртөг харьцангуй байна л даа. Тэдгээрийг харьцуулж судлаад хамгийн өртөг багатай, Монголд тохирох стандартыг сонгож, тус аргачлалаар үнэлгээ хийсэн. Багануурын уурхай хариуцлагатай ажиллах боломж байна уу гэдгийг урьдчилан харсан гэсэн үг. Үнэлгээгээр их сонин дүр зураг ажиглагдсан. Тиймээс бид Багануурт эхлээд чиглүүлэх сургалт явуулж, үнэлгээнд нь зөвлөмж өгч, дараа нь хамтраад төлөвлөгөө гаргана. Дээрх ажлын хүрээнд хэд хэдэн үр дүн гарсан. Тухайлбал, “Багануур” ХК-ийн Байгаль орчин болон ХАБАЭ-ийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг эхний ээлжинд гаргаад байна. Мөн тус компани ТӨК-иудаас анх удаа 2018 оны иж бүрэн үйл ажиллагааны тайланг олон нийтэд ил тод болгоод байна. Бид үүнээс ч илүү үр дүнг ирээдүйд хүлээж байгаа бөгөөд хамтдаа илүү их үнэ цэнийг бий болгож ажиллах болно. Ер нь бол байгууллага, компаниуд өнгөрсөн жилийнхээ алдааг үнэлж чадахгүй тохиолдолд тухайн алдаа дараа жил нь давтагдана л гэсэн үг. Тиймээс энэ үнэлгээний аргачлал үүнээс сэргийлэх тогтолцоог бүрдүүлнэ. Өөрөөр хэлбэл, тухайн компанийн дархлааг сайжруулж, асуудлыг хүндрүүлэхээс өмнө урьдчилан сэргийлэх дохио өгч буй гэсэн үг” гэж байна. Мөн тэрбээр уул уурхайн салбарт  ямар асуудал тулгамдаж байгаа вэ гэдэг асуултад хариулахдаа “Хийж буй ажилтайгаа холбон хариулахад өнгөрсөн 10 жилийн хугацаанд уул уурхайн салбарын сөрөг талыг их ярьдаг байсан, байх хэрэггүй хаах тухай ч яригддаг байсан. Тэр үетэй харьцуулахад уул уурхайн талаарх иргэд, төр, ТББ-уудын ойлголт ч үлэмж сайжирсан байна. Үүнийг “Сант Марал” судалгааны байгууллагаас гаргадаг нийгэм, эдийн засгийн барометерээс харж болно. Тандалт судалгааны үр дүнг ажиглахад иргэд уул уурхай хэрэггүй гэж тэмцэхээсээ илүүтэй уул уурхайг зөв эрхлээч ээ гэдгийг шаарддаг болсон байна... Төр муу менежер гэсэн ойлголт одоо ч иргэдийн дунд байна. Гэхдээ энэ цаг үетэй харьцуулахад төрийн өмчит компаниуд ашигтай ажиллаж, үйл ажиллагаагаа бизнесийн зарчмаар явуулаад эхэлсэн. ТӨК-ийг ажиллуулах улсын бодлого гэж бий. Энэ нь тухайн байгууллагыг ашигтай ажиллуулахаас гадна хувийн компаниудаас төрийн авдаг татвар хангалтгүй гэж үзсэн тохиолдолд өндөр ашгийг төрд авч үлдэх, улмаар түүгээрээ иргэдийн боловсрол, эрүүл мэндийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд зарцуулдаг. ТӨК байснаар бусад дотоодын компаниудад бизнесийн туршлага, ноу хау, технологийн туршлагыг шилжүүлэх мөн төр засгийн мэдлэг, туршлагыг нэмэгдүүлэх, судалгаа шинжилгээ, институцийг бэхжүүлэхэд үлэмж ач холбогдолтой байж болдог. Ийм жишээ ч олныг дурдаж болох юм. Гэхдээ үүнийг ТӨК-иуд хамгийн бага минималист зардлаар хийхийг эрмэлзэх учиртай. “Эрдэнэс Монгол” ХХК нь дээрх зарчмаар үйл ажиллагаагаа явуулахыг эрмэлзэж хариуцлагатай уул уурхайн шаардлагаар охин болон хараат компаниудынхаа үйл ажиллагааг үнэлж сайжруулах ажлыг хийж байна гэж ойлгож болно. Ийм төрлийн ижил зөвлөх үйлчилгээ дотоодын зах зээлд 5-7 дахин үнэтэй, олон улсын зах зэлд үүнээс өндөр өртөгтэй байдаг” гэж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top