Дэлхий нийтийг байлдан дагуулах болсон "K-Pop" урсгалын томоохон төлөөлөгчид нэг хэсэг хар тамхины хэрэгт орооцолдон ихээхэн шуугиан тарьсан. Харин энэ үеэр охидын "Blackpink" хамтлаг ёстой л тэсрэлт хийж энэ шуугианыг бага ч гэсэн намжаалаа.
Тухайлбал "Big Bang" хамтлагийн дуучин Сынри хар тамхи, хүчингийн хэрэгт холбогдон өөрийн хамтлагийн болоод энтертайнментийнхаа нэр хүндийг багагүй унагасан бөгөөд үүнийг дагаад тэдний хувьцааны үнэ ч мөн унаж байв. Азаар тэдэнд "Balck Pink" хэмээх охидын хамтлаг бий. Тэд энэ сарын дөрөвний өдөр "Kill This Love" хэмээх дуугаа олон нийтэд цацсан бөгөөд хоёр долоо хоногийн хугацаанд 244 сая удаагийн хандалт авч, толгой эргүүлэм амжилт үзүүлсэн нь тус энтертаймэнтийн төдийгүй K-Pop урлагийн нэр хүндийг дахин сэргээж эхлээд байна.
Охидын "Black Pink" хамтлагийн тухайд: Тэдний харьяалагддаг "YG" энтертайнмент алдарт "Big Bang", "2NE1" зэрэг хамтлагуудыг K-Pop ертөнцөд оруулж ирэн өөрсдийн гэсэн өвөрмөц өнгө төрхийг бий болгож чадсан байгууллага. Тодорхой хугацаанд гэрээтэй ажиллаж байсан тэдний гэрээ дуусахтай зэрэгцэн эдгээр хамтлагуудын орон зайг нөхөх шинэ хамтлаг тус энтертайнметэд хэрэгтэй байсан учир дэлхий даяар сонгон шалгаруулалт зарласнаар хамтлагийн гишүүдийг цуглуулж чадсан байна.
Хамтлагийн гишүүд өмнө нь Шинэ Зеланд болон Австрали, Тайланд зэрэг улсуудад амьдарч байсан бөгөөд хамтлагт орохын тулд багагүй хугацааг зарцуулж, төрөл бүрээр өөрсдийгөө хөгжүүлж иржээ.
Ийнхүү тэд олон жил бэлдсэний эцэст 2016 оны наймдугаар сарын найманд охидын "Black Pink" хамтлагийг албан ёсоор олон нийтэд зарлан, анхны "BOOMBAYAH" болон "WHISTLE" хэмээх дуунуудыг цацаж байв. Энэ нь ч тун амжилттай болж, охидыг алдар нэрд хүргэсэн бөгөөд дөрвөн жилийн хүлээлт талаар өнгөрөөгүй юм.
Учир нь тэд энтертайнментдаа 2010 оноос хойш бэлтгэгдсэн бөгөөд 2016 он хүртэл тэднийг “охидын шинэ хамтлагийн гишүүн” хэмээн ээлж дараатайгаар олон нийтэд зарлаж байжээ.
Энэ хугацаанд тэд “Big Bang” хамтлагийн клипэнд тоглох, мөн хамтлагийн гишүүдтэй хамтран дуулах, реклам, кинонд тоглох зэргээр олонд танигдаж байсан. Энэ нь олон нийтэд ихээхэн хүлээлт үүсгэж эхэлсэн бөгөөд хамтлаг хүлээлтээс давсан амжилтыг үзүүлж чадсан юм.
Эмэгтэйлэг хэрнээ хүчирхэг байдлыг үргэлж илэрхийлж байдаг тэд бусад охидын хамтлагаас эрхгүй ялгарна. Хамтлагийн лого тус улсын төрийн далбааг санагдуулам арга, билгийг хослуулсан байх бөгөөд энэ нь олон утга санааг илэрхийлдэг. Мөн дууны клипэнд харуулж байгаа үзэгдэл бүр өөрийн гэсэн утга санаа агуулсан байдаг. Үүнийг тайлж унших гэсэн хүсэлдээ хөтлөгдөн улмаар тус хамтлагт улам бүр дурладаг бөгөөд энэ нь нэг талаараа сонсогчдоо өөртөө татах нэг арга юм.
Одоогоор Өмнөд Солонгосын хамгийн хүчирхэг охидын хамтлагаар тодроод байгаа тэднийг хөвгүүдийн “BTS” хамтлагтай харьцуулах нь бий. Дэлхий даяар сая сая фенүүдтэй тус хамтлагийн араас хүч түрэн гарч ирж байгаа тэд “YG” энтертайнментийн хувьд “Big Bang” болон “2NE1” зэрэг хамтлагуудын амжилтыг давуулан биелүүлэх томоохон зэвсэг нь гэхэд хилсдэхгүй.
Одоогоор тус хамтлагийн “Ddu-Du Ddu-Du” хэмээх дуу Юүтүүб хуудаснаа 773 сая хандалт аваад байгаа бөгөөд K-Pop оддын хувьд энэ нь чамлахааргүй өндөр үзүүлэлт юм. Хамгийн богино хугацаанд хамгийн өндөр хандалт авдаг хамтлагуудыг тэргүүлдэг бөгөөд хамгийн богино хугацаанд хөгжмийн нэвтрүүлэгт ялалт байгуулсан хамтлагаар тодорч байсан байна. Зөвхөн Азидаа төдийгүй дэлхийн алдартай дуучдын рекордыг эвдсээр байгаа тэд инстаграмм орчинд хамгийн олон дагагчтай охидын хамтлаг болжээ. Харин хамгийн олон дагагчтай эрэгтэй хамтлагаар “One Direction” шалгарсан байдаг байна. Тэдний шинэчлэн тогтоосоор байгаа дээд амжилтууд өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа бөгөөд хамтлагийн гишүүд загварын салбарт ч мөн тун амжилттай яваа. Дэлхийд алдартай сэтгүүлүүдийн нүүр хуудсыг чимж, алдартай брэндүүдийн нүүр царайгаар ажиллах болсон тэд ийнхүү энтертайментийнхаа нэр хүндийг тэнгэрт тултал өсгөөд байна.
Үүнээс үзэхэд “K-Pop” ертөнц зүгээр ч нэг дуртай нь гараад амжилт үзүүлчихдэг салбар биш ажээ. Үүний ард маш их хөдөлмөр мөн мөнгө эргэлдэж байдаг. Үүнийгээ дагаад дэлхий нийтэд улсаа сурталчилж багагүй ашиг орлого олдог тэд тун удахгүй “Гиннессийн ном”-д бичигдэж ч мэдэх нь ээ.
Тайзны нэр: Жэнни (Jennie)
Жинхэнэ нэр: Жэнни Ким
Үүрэг: Гол реппер Туслах хоолой
Төрсөн өдөр: 1996/1/16
Төрсөн улс: Өмнөд Солонгос Өндөр: 162см
Жин: 50кг
Бэлтгэгдсэн хугацаа: 5 жил 11 сар
Тайзны нэр: Рөүс (Rose)
Жинхэнэ нэр: Пак Чаэёон
Үүрэг: Гол хоолой, бүжигчин
Төрсөн өдөр: 1997/2/11
Төрсөн улс: Шинэ Зеланд
Өндөр: 168см
Жин: 46кг
Бэлтгэгдсэн хугацаа: 4 жил 2 сар
Тайзны нэр: Лиса (Lisa)
Жинхэнэ нэр: Lalisa Manoban
Үүрэг: Гол бүжигчин, хоолой, гол реппер, хамгийн залуу гишүүн
Төрсөн өдөр: 1997/3/27
Төрсөн газар: Бангкок, Тайланд
Өндөр: 166.5см
Жин: 44.5кг
Бэлтгэгдсэн хугацаа: 5 жил 3 сар
Тайзны нэр: Жисү (Jisoo)
Жинхэнэ нэр: Ким Жисү
Үүрэг: Гол хоолой, хамтлагийн нүүр царай, жүжигчин
Төрсөн өдөр: 1995/1/3
Төрсөн газар: Сөүл, Өмнөд Солонгос
Өндөр: 162см
Жин: 45кг
Бэлтгэгдсэн хугацаа: 5 жил
Сэтгэгдэл ( 1 )
I LOVE BLACKPINK