ӨДӨРЛӨГ: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын бүх үйлчилгээг үзүүлж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 30

Олон улсын хөдөлмөрийн байгууллага үүсэн байгуулагдсаны 100, Монгол Улсад хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага байгуулагдсаны 60 жилийн ойн хүрээнд Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, иргэдэд цогц үйлчилгээг нэг дороос үзүүлэх зорилготой нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр /2019.04.30/ Сүхбаатарын талбайд болж байна.

Өдөрлөгт ХНХЯ, ХХҮЕГ, НДЕГ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт, Мэргэжлийн боловрол, сургалтын үнэлгээний төв, Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбор, “Өнөр бүл” хүүхдийн төв, Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв, Ахмад настны үндэсний төв болон тус яамны харъяа аймаг, нийслэл, дүүргийн газар, хэлтсүүд, МСҮТ-ийн байгууллагуудаас гадна ОУХБ, ЦЕГ, хөдөлмөрийн хувийн биржүүд, аж ахуйн нэгжүүд, бичил бизнес эрхлэгчид зэрэг 120 гаруй төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл  оролцож байна.     

Өдөрлөгийн үеэр иргэдэд төрөөс хөдөлмөр, нийгмийн хамгаалал, хүн амын хөгжил болон бусад холбогдох чиглэлээр явуулж буй бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулахаас гадна нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчилсэн найруулга хийхээр боловсруулж байгаа хуулийн төслүүдэд санал авах юм.

Мөн 60 томоохон ажил олгогч, 10 хөдөлмөрийн хувийн биржийнхэн ажлын байр санал болгон оролцож ажил зуучлах үйлчилгээ үзүүлэхээс гадна хөдөлмөр эрхлэлт, нийгмийн даатгал, халамж, хүүхэд хамгаалал, залуучуудын хөгжил, ахмад настны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагууд иргэдийн санал бодлыг сонсох уулзалт зохион байгуулж, иргэдэд нэг цонхны үйлчилгээгээр зөвлөгөө, лавлагаа өгөхийн зэрэгцээ санал хүсэлтийг газар дээр нь шийдвэрлэж байна. Түүнчлэн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын үйл ажиллагааг сурталчилж, иргэдэд мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө, мэдээлэл өгч суралцагч төгсөгчдийнхөө бүтээлээр үзэсгэлэн дэлгээд байна.  

Өдөрлөгийг улс орон даяар буюу 21 аймаг, нийслэлийн хэмжээнд нэгэн зэрэг зохион байгуулж байгаа юм. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өдөрлөгийг нээж хэлэхдээ “Олон Улсын хөдөлмөрийн байгууллага нь НҮБ-ын дэргэд анх байгуулагдсанаас хойш 100 жилийн хугацаанд эгнээндээ дэлхийн 187 орныг нэгтгэж хөдөлмөр, хөдөлмөрийн хүрээний олон улсын хэм хэмжээ, стандартыг тогтоож, хөдөлмөрчдийг тэгш эрхтэй, зохистой хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлдэг бөгөөд бүхий л шийдвэр, бодлогын үйл ажиллагааг Засгийн газар, хөдөлмөрчид болон ажил олгогчдоос бүрдсэн гурван талт зөвлөлдөх бүтцээр дамжуулан гаргаж, хэрэгжүүлдэг байгууллага юм. Дээрх ойн өдрүүдийн хүрээнд манай яамнаас иргэд, олон нийтэд чиглэсэн хэд хэдэн томоохон үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсний нэг нь энэхүү нээлттэй хаалганы өдөрлөг юм” гэдгийг онцоллоо. 



НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГА 2018 ОНД САНГИЙН ОРЛОГЫГ 178.8 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ДАВУУЛАН БИЕЛҮҮЛЖЭЭ
 

Нийгмийн даатгалын байгууллага 5.1 мянган ажил олгогч, 37.5 мянган албан журмын даатгуулагч, 18.2 мянган хувиараа хөдөлмөр эрхлэгч, 14.3 мянган малчныг сайн дурын даатгалд шинээр хамруулжээ. Ингэснээр нийт 45.9 мянган ажил олгогч, 1 сая 104.7 мянган иргэнийг нийгмийн даатгалд хамруулан, 638.5 мянган иргэнд 1 их наяд 791.8 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, төлбөр зардал олгож, үйлчилгээ үзүүлдэг гэсэн үг юм. 

Өдөрлөгийн үеэр Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд дарга Г.Сарантай уулзлаа. Тэрбээр “Энэ жил нийгмийн даатгалын ерөнхий газар танд ойрхон-найрсаг үйлчилгээний жил болгон зарласан байгаа. Өнгөрсөн жил бид цахим үйлчилгээг хөгжүүлэх жил зарласантай холбогдуулаад иргэдийг нийгмийн даатгалын үйлчилгээ авахад илүү төвөггүй байдлаар олон зүйлийг хийж байна. Үүний нэг нь бидний гаргасан гар утасны аппликейшн, интернэт орчинд холбогдсон бүх газраас архивын лавлагаа өөрт холбоотой мэдээллийг авдаг болсон байна. Нийгмийн даатгалын байгууллага цайны цаггүй боллоо. Мөн урьдчилсан үйлчилгээнүүдийг үзүүлж эхэлж байна. Энэ нь юу вэ гэвэл тэтгэвэр тогтоолохоос урьдчилан материал өгч хянуулах боломжтой болсон. Энэчлэн Нийгмийн даатгалын ерөнхий газраас олон шинэ шинэ үйлчилгээг иргэдэд зориулан гаргаж байна" гэж ярилаа. 

Нээлттэй хаалганы үеэр нийгмийн даатгалын үйлчилгээ авах гэсэн иргэд олон байлаа. Нийгмийн даатгалын ерөнхий газрын Үйл ажиллагааны хөгжлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Мөнхбаяраас иргэд түлхүү ямар үйлчилгээ сонирхон зөвлөгөө авч байгаа талаар тодруулахад “Урьд өмнөхөө бодвол иргэд нийгмийн даатгалын үйлчилгээний талаар тодорхой мэдээлэлтэй байдаг болжээ. Өнөөдөр ирсэн үйлчлүүлэгчид ихэвчлэн тэтгэврийн насны хүмүүс байгаа юм. Тэдгээр хүмүүс тэтгэвэрт гарах материалаа бүрдүүлсэн байх төдийгүй дутуу материал юу байна, материалаа зөв бүрдүүлсэн эсэх зөвлөгөө авч байна. Мөн дээрээс нь нийгмийн даатгалын шинээр гарсан үйлчилгээнүүдийн талаар иргэд маш ихээр асууж байна. Тухайлбал, нийгмийн даатгалын аппликейшнээс хэрхэн мэдээлэл авах, яаж суулгах вэ. Мөн манай байгууллага нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй байна үүнийг би хэрхэн хянах вэ зэрэг өөрт тулгамдаж буй асуудлаа зөвөөр шийдвэрлүүлэхээр хүрэлцэн ирж байна. Иргэдийн идэвх маш өндөр байгаад талархаж байна” гэлээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
baigalmaa(202.126.89.204) 2019 оны 05 сарын 16

sain baina uu niigmiin daatgaliin dewteriig nohon olgoh ymar negen oorchlolt orohuu jishee n 10 jil boglood baisn shig... tiim oorchlolt hiiwel zvgeer bn

0  |  0
Top