“Холливуд Монголд” кино уран бүтээлчдийн анхдугаар наадам эхэллээ

Админ | Zindaa.mn
2019 оны 05 сарын 02

“Хануй Филм”-ээс санаачлан “Холливууд Монголд” Олон Улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадам энэ 1-7-ныг хүртэл зохион байгуулагдахаар боллоо.

Тус наадмын нээлт энэ мягмар гарагт “Корпорет конвеншин центр”-т нээлтээ хийж Холливудын мэргэжлийн уран бүтээлчид Монголд зочилж байна. Анхдугаар фестивал Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.

Үндэсний язгуур урлагийн хөгжимчид, Монгол Улсын Фелармонийн Морин хуурын чуулга, СУИС-ийн Хөгжмийн урлагийн хамт олон, Радио Телевизийн “Медиа” урлагийн оюутнууд тус тус оролцож, үндэсний болон орчин үеийн гайхамшигт тоглолтоо үзүүлж, гадаадын зочид төлөөлөгчдийн мэлмий сонорыг баясгав.

Нээлтийн найруулгыг “Монгол Синема” продакшин дэглэсэн тухай УДТ-ын найруулагч Н.Наранбаатар хэлж байв. Тус арга хэмжээнд Монголын кино урлагийн үе үеийн уран бүтээлчид хуран чуулсан байлаа. Наадмын гол зорилго болох тэднийг чадавхижуулах сургалтын ажиллагаа гурван хэсэгт өөр чиглэлээр явагдаж байв. Жүжигчид өөрсдийн сонирхсон сэдвээр илтгэл хэлэлцүүлэгт суух нээлттэй байлаа. МУСТА жүжигчин Г.Ундармаа “Уран бүтээлч бүхэн сайн уран бүтээл хийх юмсан гэсэн хүсэл эрмэлзэлтэй байдаг. Энэ Мастер сургалт бол цаг үеэ олсон зүйл боллоо гэж маш их олзуурхаж байна. Залуус маань олноор иржээ. Бүгд энэ арга хэмжээгээр ахисан түвшинд чадавхижна гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ. Энэ үеэр Холливуудын “А” зэрэглэлийн жүжигчдийн дасгал­жуулагч, мэргэжлийн зөвлөгч Ивана Чаббакийн туурвисан “Дүр бүтээх увидас” ном нээлтээ хийв. Киноны зохиогч Ивана Чаббак “Дэлхий ертөнцийн урлагийн түүхэнд хамгийн том хувь нэмрийг оруулдаг хүмүүс бол яах аргагүй жүжичид юм” гэв.

Герман улсаас ирсэн “EFILM” ком­панийн технологи хариуцсан захирал, өнгө хувиргагч ЖОХИМ ЗЕЛ

-Танай оронд анх удаа ирлээ, монголчууд маш эелдэг найрсаг юм аа. Монголын тал нутаг, үзэсгэлэнт байгалийг үзэхийг тэсэн ядан хүлээж байна. “Blad Runner”, “X-Men”, “Sicario” зэрэг олон арван кинонд мэргэжлийн талаас хамтран ажилласан. Оскарт таван удаа нэр дэвшиж байсан. Ер нь киночдын гаргадаг дийлэнх алдаа бол дууны эффект, өнгөны хувиргал байдаг. Уран бүтээлийн анхны гараагаас эхлээд өдгөө хүртэлх ажлын туршлага, алдаа оноо гээд түүхээ хуваалцана. Мөн киноны дуу дүрсний чанарыг хэрхэн сайжруулах, өнгөний стандартыг хэрхэн тогтоох тал дээр зөвлөгөө өгнө.

Холливуудын шилдэг инжене­рүүдийн нэг ГРЕГ ПИ РУСЭЛ

Монголд анх удаа ирж байна, биднийг угтан авахаас эхлээд үйл ажиллагааны зохион байгуулалт маш өндөр, сэтгэгдэл үнэхээр сайхан байна. “Spider-Man” 1,2, “Black Rain, Transformers” 1,2,3 гэх мэт 200 гаруй уран бүтээлд ажилласан. 17 удаа Оскарын шагналд, “Шилдэг дуу найруулга” төрлөөр, 11 удаа “Синема Аудио” нийгэмлэгт, хоёр удаа “Бафта”-д тус тус нэр дэвшиж, нэг удаа Эммигийн шагнал хүртсэн. Миний хувьд дууны инженер мэргэжлээрээ 35 жилийн туршлагаасаа хуваалцах, мэргэжлийн дагуу киноны дууны найруулга хэрхэн хийх, юун дээр анхаарах тал дээр зааж зөвлөнө. Одоогоор “Bloodshot” кинон дээр ажиллаж байгаа. Мөн Бээжинд хийгдэх “Project X-Factor” төсөл дээр ажиллахаар төлөвлөсөн.

А.СҮГЛЭГМАА

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top