Увс аймгийн 16 хүртэлх насны “Баруун-Од” клубийн хөвгүүд хөлбөмбөгийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцоод буцаж явахдаа энэ сарын 01-нд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутаг Бумбатын ам гэх газарт авто осолд орж, багийн нэг тоглогч харамсалтайгаар ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.
Увс-Улаанбаатар-Увс чиглэлийн зорчигч тээврийн автобус 45 зорчигч тээвэрлэж яваад “Зил-131” маркийн автомашиныг мөргөсөн байна. Зорчигчдын тэн хагас нь “Баруун-Од” клубийн тоглогч хүүхдүүд, багийн албаны хүмүүс байжээ. Тэдэн дундаас багийн тоглогч Б.Очирбат болон автобусны жолооч амь эрсэджээ.
“Баруун-Од” клубын тамирчид 2019 оны 16 хүртэлх насны УАШТ-д оролцож, дөрөвдүгээр байр эзлэн буцаж явсан нь энэ аж. Увс аймгийн энэ насны хөвгүүд өнгөрсөн гуравдугаар сард Дархан-Уул аймагт болсон “Футзалын үндэсний цом” тэмцээнд түрүүлж, өмнөх жилүүдэд УАШТ-ээс мөнгөн медаль хүртээд байсан хүчирхэг баг юм.
"Б.Очирбат хүүд Монголын мянга мянган хөлбөмбөгчид, хөгжөөн дэмжигчдийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье. Дараа төрөлдөө мундаг хөлбөмбөгчин болон мэндлээрэй” хэмээн Монголын хөлбөмбөгийн холбооноос эмгэнэл илэрхийлжээ.
УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ
Сэтгэгдэл ( 0 )