Мишель Форст: Монгол Улс хүний эрхийг хамгаалагчдын үйл ажиллагааг хязгаарлаж болохгүй

2019 оны 05 сарын 13

НҮБ-ын Хүний эрхийг хамгаалагчдын асуудал хариуцсан Тусгай илтгэгч Мишель Форст  Монгол Улсад  ажилласан томилолтынхоо тайлангаас өнөөдөр /2019.05.13/ танилцууллаа.

Тэрбээр 2019 оны дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 13-ны хооронд манай улсад ажиллаж, хүний эрхийг хамгаалагчид үйл ажиллагаа явуулах бодит нөхцөл байдал ямар байгаа вэ гэдэг чиглэлээр мэдээлэл авч, тодорхой судалгаа хийсэн байна.

Мишель Форст хэлэхдээ “Засгийн газар, иргэний нийгмийн байгууллагууд болон бусад талуудаас авсан мэдээллийг сайтар тунгааж үзээд, Монгол Улс нь хүний эрхийг хамгаалагчдын хувьд харьцангуй аюулгүй орон юм гэсэн дүгнэлтийг хийлээ. Хүний эрхийг хамгаалагчдын эсрэг халдлага гарч, шахалт дарамт ирж байсан зарим тохиолдлууд бүртгэгдсэн байдаг ч миний ажигласнаар хүний эрхийг хамгаалагчдын эсрэг зохион байгуулалттай халдлага үйлдэх үзэгдэл Монголд байхгүй байна. Хүний эрхийг хамгаалагчдын үйл ажиллагаагаа явуулах орчин Монгол Улсад харьцангуй аюулгүй байгаа хэдий ч тэдгээрийг дэмжсэн таатай орчин бүрдээгүй байна. Хүний эрхийг хамгаалагч гэж хэнийг хэлэх тухай ойлголт дутмаг, тэднийг гутаан доромжлох байдал байгаа бөгөөд сүүлийн үед хэд хэдэн хуульд орсон аюултай нэмэлт өөрчлөлтүүд нь хүний эрхийг хамгаалагчдын дунд айдас төрүүлж, тэдний ажилд саад бэрхшээл учруулж болохоор байна.

 

 

Шүүх засаглал болон прокурорын байгууллагад улс төрийн нөлөө үзүүлэх, Засгийн газраас гаргасан шийдвэрийг Захиргааны шүүхээс хянах боломжийг хязгаарлах хууль эрхзүйн өөрчлөлтүүд батлагдсан явдал нь тусгай илтгэгчийн анхаарлыг татаж байна. Эдгээр нэмэлт өөрчлөлтүүд нь авилгатай тэмцэх шүүгч, прокуроруудын урам зоригийг мохоох, улмаар иргэд ч ялгаварлан гадуурхлын эсрэг дуугарах, шударга ёсыг шаардах боломжийг хаах аюултай.

 

 

Монгол Улсад ажиллах хугацаандаа хүний эрхийг хамгаалагчид, үүн дотор ЛГБТИ, хүүхдийн эрхийг хамгаалдаг хүмүүсийг гутаан доромжилдог, гадуурхдаг, дарамт, шахалтад оруулдаг тухай сонслоо. Байгаль орчны хамгаалагчид, авилгын хэргүүдийг эрэн сурвалжилдаг сэтгүүлчдийг айлган сүрдүүлдэг, дарамт шахалт үзүүлдэг тухай ч сонслоо. Эдгээр хүмүүсийн зарим нь амь насаа алдсан тохиолдол гарсан бөгөөд ямар нөхцөл байдлын улмаас амь насаа алдсан болохыг нь мөрдөн байцааж, дүн шинжилгээ хийх хэрэгтэй байна. Монголын хүн ам цөөн. Ялангуяа орон нутгийн хүмүүс нэг нэгнийгээ сайн таньдаг учраас иймэрхүү дарамт шахалт нь айдсыг дагуулдаг тул болж бүтэхгүй байгаа зүйлийг ил гаргах хүсэлтэй хүний эрхийг хамгаалагчдын зоригийг мохоох эрсдэлийг бий болгодог.

 

 

Хүний эрхийг хамгаалагчдын тухай хуулийг батлах явдал нь хүний эрхийг хамгаалагчдын хийж буй хууль ёсны чухал ажлыг дэмжих, хүлээн зөвшөөрөх, мөн тэдний эсрэг халдлага үйлдэж буй этгээдүүдэд шийтгэл оноох чухал бөгөөд тодорхой алхам болно “ гэлээ. Тэрбээр Хүний эрхийг хамгаалагчдын тухай хуулийг баталж, хэрэгжүүлэх  анхны орон болохыг манай улсад уриаллаа.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
МУИРГЭН(66.181.179.195) 2019 оны 05 сарын 13

ЭСГИЙ ХИЙХ ГАЗАР НОХОЙ ХЭРЭГГҮЙ ГЭДЭГДЭЭ. БАРУУНЫХАНЫ БООЛОО БАЫЛГАХ НЭГЭН СЭДЭВ ЯАЛТ Ч ҮГҮЙ ЭНЭ МӨНӨӨСӨӨ МӨН.

0  |  0
Top