НҮБ-ын Хүний эрхийг хамгаалагчдын асуудал хариуцсан Тусгай илтгэгч Мишель Форст Монгол Улсад ажилласан томилолтынхоо тайланг танилцуулаад байгаа билээ. 2019 оны дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 13-ны хооронд манай улсад ажиллаж, хүний эрхийг хамгаалагчид үйл ажиллагаа явуулах бодит нөхцөл байдал ямар байгаа вэ гэдэг чиглэлээр мэдээлэл авч, тодорхой судалгаа хийсэн тэрбээр:
"Хүний эрхийг хамгаалагчдын үйл ажиллагаагаа явуулах орчин Монгол Улсад харьцангуй аюулгүй байгаа хэдий ч тэдгээрийг дэмжсэн таатай орчин бүрдээгүй байна. Хүний эрхийг хамгаалагч гэж хэнийг хэлэх тухай ойлголт дутмаг, тэднийг гутаан доромжлох байдал байгаа бөгөөд сүүлийн үед хэд хэдэн хуульд орсон аюултай нэмэлт өөрчлөлтүүд нь хүний эрхийг хамгаалагчдын дунд айдас төрүүлж, тэдний ажилд саад бэрхшээл учруулж болохоор байна. Шүүх засаглал болон прокурорын байгууллагад улс төрийн нөлөө үзүүлэх, Засгийн газраас гаргасан шийдвэрийг Захиргааны шүүхээс хянах боломжийг хязгаарлах хууль эрхзүйн өөрчлөлтүүд батлагдсан явдал нь тусгай илтгэгчийн анхаарлыг татаж байна. Эдгээр нэмэлт өөрчлөлтүүд нь авилгатай тэмцэх шүүгч, прокуроруудын урам зоригийг мохоох, улмаар иргэд ч ялгаварлан гадуурхлын эсрэг дуугарах, шударга ёсыг шаардах боломжийг хаах аюултай" хэмээлээ.
Харин энэ үеэр хүний эрхийг хамгаалагч хүүхдүүдэд ямар саад бэрхшээл тулгардаг талаар "Save The Children" олон улсын ТББ-ын дэргэдэх "Өсвөр үеийн дуу хоолой" бүлгэмийн гишүүд мэдээлэл хүргэсэн юм.
Хүүхдүүдийг жендерээр нь шүүмжлэх асуудал тулгардаг
"Save The Children" олон улсын ТББ-ын дэргэдэх "Өсвөр үеийн дуу хоолой" бүлгэмийн гишүүн Мягмарсүрэн:
Эцэг эхчүүд хүний эрхийг хамгаалах нь хүүхдэд нь ямар ач холбогдолтой байдгийг ойлгодоггүйгээс болоод "чи үүнд яваад хэрэггүй" гэх зэргээр хүүхдийнхээ хүсэл зоригийг мохоодог. Эцэг эхээсээ хүүхэд өөрөө эрхээ шаардахад "чи оролцооны ажилд яваад буруу зүйл сураад байна, дахиж явуулахгүй" гэх зэргээр оролцох эрхийг нь хязгаарлачихдаг.
Харин сургуулийн орчинд анги удирдсан багшаас эрхээ шаардахад хүүхдүүдийг дүнгээр боож, ялгаварлан гадуурхаж эхэлдэг. Багш нарын дунд нууцлалын асуудал байдаггүй учир сургуулийн захиргаанд гомдол гаргасан сурагчийг хайж олоод шийтгэхийг эрмэлздэг. Сургуулийн удирдлагууд мөн багш болон ажилчдаа өмөөрөх хандлагатай байдаг учраас "чи үүргээ биелүүлчхээд эрхээ ярь" гэдэг. Гэтэл Хүүхдийн Эрхийн Конвенцед хүүхэд бол үүрэг хүлээгч биш эрх эдлэгч гэж заасан байдаг.
Олон нийтийн орчинд хүүхдийн эрхийн хамгаалагчдыг үе тэнгийнхэн болон бусад хүмүүс хэнхэг, том толгойтой, том хүний өөдөөс олон юм ярилаа гэх зэргээр хязгаарлагдмал байдалд оруулдаг. Мөн хүйсийн байдлаар ялгаварлах үзэгдэл байдаг. Жишээ нь эрэгтэй хүүхэд эрхээ хамгаалахад мундаг улстөрч болох хүүхэд байна гэдэг бол эмэгтэй хүүхдийг тооны л асуудал ярьж байна, эмэгтэй болохоор аливаа жижиг зүйлийг хэтэрхий том болгож харж байна гэх зэргээр жендерээр нь шүүмжлэх асуудал тулгардаг.
Мөн хүний эрхийг хамгаалагч нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олон асуудал тулгардаг. Тэднийг ерөнхийдөө нийгмээс тусгаарлачихдаг. Тийм болохоор тэд эрхээ шаардах орчин нөхцлийн хувьд хязгаарлагдмал нөхцөл байдалд байдаг. Жишээ нь харааны бэрхшээлтэй хүүхдүүд брайль үсэг ашиглаг өөрсдийн эрхийг шаарддаг. Гэтэл түүнийг ямар нэгэн хүнээр дамжуулан бусдад хүргэх шаардлагатай болдог бөгөөд энэ нь учир дутагдалтай байдаг. Учир нь яг тэдний илэрхийлэхийг хүсч буй зүйл нь хүрэх ёстой хүмүүстээ яг тэр янзаараа хүрч чаддаггүй.
Хүүхдийн эрхийг хамгаалагч хүүхдүүдийн бүлгэмийг чиглүүлэгч нь насанд хүрсэн хүн байдаг. Гэтэл тэд өөрсдөө асуудалд орохоос эмээгээд хүүхдүүдийн оролцоонд хэм хэмжээ тавьж эхэлдэг. Жишээ нь хүүхдүүд жагсаал цуглаан хийх гээд тэдэнд хандахад таалагдахгүй бол шууд л боогдмол байдалд оруулдаг. Тэгээд тэднийг нухчин дардаг. Мөн ердөө хэлбэр төдийгөөр авч үздэг. Зөвхөн зураг авч, тайлан гаргах маягаар ханддаг.
Энэ бүхнийг дүгнээд хэлэхэд манай улсад хүний эрхийн хамгаалагчийн асуудал маш сул байгаа. Харин хүний эрхийн хамгаалагч нь өөрийгөө өмгөөлж хамгаалан үг хэлж чадахгүй байгаа хүүхдүүдийн хувьд маш эмзэг байдалд байгаа шүү. Ардчилсан шударга нийгмийг хүний эрхийг хамгаалагчид л бүтээдэг. Гэтэл тэднийг ингэж багаас нь нухчин дараад байх юм бол хүний эрхийг дээдэлсэн, ардчилсан, шударга нийгэм бий болохгүй. Тийм болохоор хүүхдүүдийн оролцох эрхийг хамгаалах асар том тогтолцоо хэрэгтэй байна гэдгийг хүүхдүүдийн зүгээс хүсэж байна.
"Save The Children" олон улсын ТББ-ын дэргэдэх "Өсвөр үеийн дуу хоолой" бүлгэмийн гишүүн Сумъяабазар:
Хүний эрхийг хамгаалах гэдэг ойлголтыг эцэг эхчүүд тэр бүр мэддэггүй. Тийм болохоор хүүхдүүдээ "хүний хэрэгт дурлаад байна, хүний хэрэгт битгий оролц" гэх мэтээр хүүхдээ буруутгадаг. Тийм болохоо цааш цаашдаа хүний эрхийг хамгаалах тал дээр хүүхдээ боогдуулж эхэлдэг. Сургуулийн орчинд хүний эрхийг хамгаалагч хүүхдүүд хажуудаа байгаа ангийнх нь хүүхдийн эрх нь зөрчигдсөн бол сургуулийнхаа захиргаанд хэлдэг. Харин тэд ихэвчлэн багш нарынхаа талд орох хандлагатай байдаг болохоор "энэ бол байдаг л зүйл" гэх маягаар ханддаг. Ихэнх багш нар хоорондоо найзууд байдаг учраас гомдол гаргасан хүүхдийг хайж олоод шийтгэх, дүнгээр боох зэрэг маш хүнд шийтгэлүүдийг ногдуулдаг.
Сургуулиуд хүүхдүүдийг зөвхөн олимпиад, тэмцээнд байр эзлэх, сургуулийнхаа нэрийг гаргахыг шаардахаас биш хүүхдүүд өөрсдийнхөө эрхийг хамгаалах оролдлого гаргах үед сургуулийн дүрэмд харшилсан зүйл хийж, сургуулийг шүүмжиллээ гэх зэргээр шийтгэдэг нь эмгэнэлтэй. Хүүхдийн эрх хамгаалагчдад хэн ч багаас нь зааж өгөөгүй байдаг. Хүүхдийн эрхийг ингэж хамгаалдаг юм шүү гээд хэн ч шахаж шаардаагүй байхад нийгмийн хамгийн жижиг институц болох гэр бүл болон сургуулиуд хүүхдийнх эрхийг хамгаалж байгаа хүүхдүүдийнхээ хүсэл зоригийг унтраах, дарамтлах нь ирээдүйн нийгмийн идэвхгүй иргэдийг багаас бэлдэж байна гэсэн үг. Тийм болохоор энэ асуудалд анхаарлаа хандуулах шаардлагатай байгаа.
Манай улсын хувьд нэн яаралтай хүний эрхийг хамгаалагчдын тухай хуулийг баталж, хэрэгжүүлэх шаардлагатай байгаа бөгөөд ингэснээр илүү аюулгүй, ардчилсан нийгмийг бүтээх томоохон алхам болох юм.
Сэтгэгдэл ( 0 )