-Хээнд дурла, манго жимс шиг харагд, сүлжмэл эдлэлд татагд!-
Зун боллоо. Бүсгүйчүүд хөнгөн, нимгэн, сэтгэл сэргээсэн хувцсаа шүүгээнээсээ гаргаж, урин дулааныг аз жаргалтайгаар угтаж байна. Гэхдээ та цаг үетэйгээ хөл нийлүүлж, загварлаг харагдах ёстойгоо анзаарахгүй өнгөрч болохгүй. Энэ зуны улиралд юу таныг хамгийн загварлаг, дэгжин, трэнди харагдуулах талаар судалсан байх нь бүсгүйчүүдийн загварын мэдрэмжийн илэрхийлэл байх болно.
2019 он өмнөх жилүүдийг бодвол мода хамгийн ихээр эргэсэн жил байлаа. Энэ зун гэхэд тэртээх 2000 оны үед залуусыг байлдан дагуулж байсан стилиэр хувцасласан байхад хэн ч таныг хуучинсаг гэж нэрлэхгүй. Харин ч эсрэгээрээ орчин үеийн мэдрэмжтэй, загварлаг харагдана.
Үсэг бүхий гоёл чимэглэл
Өмнөх жилүүдэд бүтэн нэрээ бичүүлсэн хүзүүний зүүлт моданд орж байсан бол энэ жил ердөө нэгхэн үсэг бүхий гоёл чимэглэлүүд хүч түрэн орж ирлээ. Өөрийнхөө болон хайртай хүмүүсийнхээ нэрний эхний үсэг, эсвэл танд чухал санагддаг зүйлсийг илэрхийлэх зүүлтийг хэмжээнээс нь шалтгаалан юун дээр ч, хэзээ ч зүүж болно.
Манго жимсний шар өнгө
Яг л манго жимсийг санагдуулам хэт хурц биш шар өнгө бүхэлдээ энэ жилийн трэнд. Ийм өнгөөр хувцасласан байх үедээ гоёл чимэглэл зүүж, анхаарал татахуйц гутал өмсөх ямар ч шаардлага байхгүй. Харах төдийд хайр мэдрэгдэх энэ өнгө тун ч дотно, дулаан, тачаангуй мэдрэмжийг төрүүлэх шидтэй. Тэгэхээр шүүгээндээ дор хаяж нэг ширхэг ийм өнгийн хувцастай байх хэзээд илүүдэхгүй нь ээ.
Хээн тулаан
Таны хувцсан дээр байгаа хээнүүд яг л хоорондоо тулалдаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлж байвал та санасандаа хүрлээ гэсэн үг. Өнгө өнгийн цэцэг, хээ хуар, геометрийн дүрс гээд энэ төрөлд сонголт маш олон бий. Тэр болгоныг бүр ямар ч эмх замбараагүй өмсөх тусмаа сонирхол татна.
Амьтны арьсыг санагдуулам хээ
Энэ жил та шүүгээндээ хадгалсан барын эрээн хээтэй хувцаснуудаа баатарлагаар өмсөж болно. Учир нь өнгөрсөн жилээс эхэлсэн бар, тахь, ирвэс, могойг санагдуулам хээ энэ жил байр сууриа хадгалсан хэвээрээ байгаа. Бүр хүчтэй өрсөлдөгчдийн тоонд орно. Таны хувцсанд энэ төрлийн хээ багахан хэмжээгээр орсон байсан ч загварын мэдрэмжтэйг тань тодхон илэрхийлж өгнө гэсэн үг. Цаашлаад толгойноосоо хөл хүртэл амьтдын хээгээр өвч гоёсон ч буруудахгүй.
Дотуур хувцсыг санагдуулам даашинз
Торгон болон силкэн материал унтлагын хувцсанд гайхалтай тохирдог. Унтлагын хувцсыг санагдуулам загвар болон материалтай даашинзыг гадуур өмсөхдөө огтхон ч санаа зовоо зүйлгүй. Дээгүүр нь загварлаг хүрэм өмсөхөд л та үдшийн болзоонд бэлэн болох нь тэр.
Заавал хоёр мөртэй байх албагүй
Өнгөрсөн жилүүдэд off shoulder буюу мөргүй хувцаснууд моданд орж, охид бүсгүйчүүд өөрсдийн мөр болон хүзүүг эдгээр загварын хувцсаар тодотгож байсан билээ. Харин энэ жилээс эхлэн нэг талын мөрөө гаргасан цамц, даашинзууд таны шүүгээнд заларч эхлэх нь ээ.
Ажлын хувцас бол ажлын хувцас биш
Өөр төрлийн хувцас өмсөх шаардлагагүй байдаг нь жампсүйтийн нэг давуу тал гэж хэлж болно. Энэ жил ажлын хувцсыг санагдуулам материал болон загвар бүхий жампсүйт трэнд хэвээр байна. Ажлын хувцас зөвхөн ажлын хувцас биш. Загварын том тоглогч болсныг хэлүүлэх юун.
Салаатай углааш
Бидний салаатай хэмээн нэрлэж заншсан углааш трэнд болж байна. Өнгөрсөн жилүүдэд үслэг оруулгатай углааш бүсгүйчүүдийн зуны гангараа байсан бол энэ жил салаатай углаашийг хаана ч, хэзээд ч, гол нь ажил хэрэгч хослол дээрээ ч өмсөж болно.
Нарийн оосортой сандаал
Нарийн оосортой, дөрвөлжин хоншоортой сандаал танд заавал байх ёстой. Хэсэгтээ мартагдаад байсан эдгээр загварууд эргэн ирж, загварын ертөнцөд өөрсдийн өнгө төрхийг гайхуулж эхэллээ.
Сүлжмэл цүнхтэй найзла
Өнгөрсөнзун трэнд болж байсан сүлжмэл цүнх өнөөдөр эрэлттэй хэвээрээ байгаа. Аль ч төрлийн хувцаслалт дээр өнгө нэмж, амь оруулах энэ төрлийн цүнх танд эрх чөлөөтэй, биед эвтэйхэн мэдрэмж төрүүлнэ. Дээр нь нэмээд сувд болон шүрээр хэлхсэн гар хийцийн мэт цүнхийг анхааралдаа аваарай. Геометрийн хэлбэр дүрстэй, бага хэмжээтэй цүнх жилийн эхнээс трэнд болж байгааг мөн анхааралдаа авсан гэдэгт найдаж байна.
Үүнээс үзэхэд энэ зун байгальтай илүү ойр загварууд трэнд болох нь. Харин эдгээрээс өөр төрлийн мэдрэмжийг эрэлхийлэгч бол анхаарлаа нааш хандуулаарай. Энэ жил неон өнгө трэнд болж байгаа. Яг л харанхуйд фосфортож буй мэт мэдрэмж төрүүлэх энэ өнгийг та futuristic style-тай хослуулж, дахин давтагдашгүй хэв маягийг бүрдүүлэх боломжтой. Уран зөгнөлт, ирээдүйгээс ирсэн мэт сэтгэгдэл төрүүлэх энэ төрлийн хувцаслалтыг содон хэлбэртэй нарны шил улам чимэх болно.
Харин та минималист хэв маягийг эрхэмлэгч бол бэйж өнгийн хувцсаар толгойн оройгоос хөлийн ул хүртлээ гоёж болно. Цагаан өнгөөр дагнах нь загварлаг гэдгийг тань үргэлж илтгэнэ.
Гутлын цуглуулгадаа цагаан өнгийн элдэв хээ хуаргүй кет нэгийг байлгах нь зүйтэй. Юутай ч хослуулж болох энэ төрлийн гутал тийм ч амархан байр сууриа тавьж өгөхгүй.
Сэтгэгдэл ( 0 )