Тавантолгой – Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын ажлыг эхлүүллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 27

Монгол Улсын Их Хурлын 2010 оны 32-р тогтоолоор “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого” баталсан. Тус бодлогын хүрээнд Монгол улсад шинээр баригдах төмөр замыг гурван үе шаттайгаар нийт 6600 гаруй км барихаар тусгасан байдаг.Төслийн I үе шатанд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414,6 км төмөр замын суурь бүтцийг барьж байгуулахаар тусгасны дагуу тус төмөр замын шав тавих, шан татах нээлтийн арга хэмжээг өнгөрсөн баасан гаригт /2019.05.24/ Мандах сумын Сэрвэн баян хошуу багийн “Будрын хөндий" хэмээх газар зохион байгууллаа.

Арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Х.Баттулга, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Зам, Тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал А.Ганбат, УИХ-ын гишүүүн Б.Дэлгэрсайхан, Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин болон сум, орон нутгийн удирдлагууд, орон нутгийн иргэд болон төмөр замын бүтээн байгуулалтад оролцох ажилтан, албан хаагчид оролцлоо. Төмөр замын бүтээн байгуулалтын ажлын захиалагчаар "Монголын төмөр зам" ХХК, Зэвсэгт хүчний Жанжин штаб төмөр замын доод бүтцийн далан, хоолойн ажлыг, "Улаанбаатар төмөр зам" ХНН төмөр замын дээд бүтцийн ажлыг тус тус гүйцэтгэж байна.

Төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улсын уул уурхайн салбарын хөгжилд гол нөлөө үзүүлж, нэмүү өртөг шингэсэн уул уурхайн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд нийлүүлж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн өсөхөд чухал нөлөө үзүүлнэ.Үүнээс гадна орон нутгийн хувьд Зүүнбаян багийн хүн амын тоо 2-3 дахин өсч, 7-10 мянган хүн амтай томоохон суурьшлын төв бий болох, төмөр замын бүтээн байгуулалтыг дагасан хүнд үйлдвэрүүд бий болж, түр болон байнгын ажлын байр бий болж иргэдийн амжиргааны түвшин дээшлэх чухал ач холбогдолтой юм.

Нээлтийн үйл ажиллагааны дараагаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон Монгол улсын Засгийн газрын гишүүдийн хамтаар Газрын тос боловсруулах үйлдвэрийн төмөр зам, авто зам, агаарын шугам зэрэг дэд бүтцийн ажилтай танилцаж, төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж байгаа Зэвсэгт хүчний 7780-р ангийн бие бүрэлдэхүүнд амжилт хүсч, талархал илэрхийллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top