Сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалтын дуу таслахгүй, эрчимтэй хөгжиж байгаа аймгуудын нэг бол Дорноговь. Хамарын хийд, Хүслийн уул, Энергийн төв, босоо тэнхлэгийн авто зам, төмөр зам, хил гааль гээд орон нутгийн болон эдийн засгийн хөгжилд түшиц болох олон онцлох зүйл энэ аймагт бий. Хамарын хийд, Энергийн төвийг зоригсодын тоо жил ирэх тусам нэмэгдэж өнгөрөгч жил гэхэд гадна дотны 120 мянган жуулчин ирсэн тоо байгаа нь цаашид аялал жуулчлал хөгжихийг харуулсан хэрэг. Нөгөө талаар босоо тэнхлэгийн зам дагасан хөгжил, урьд хөрштэй хиллэдэг гээд олон давуу талыг дурдаж болно. Энэ бүх зүйлээ түшиглэн хөгжих тал дээр тойргоос сонгогдсон гишүүд болон аймаг орон нутгийн удирдлагууд нутгийнхаа өнгө төрхийг засах, их бүтээн байгуулалтын ажилд ихээхэн анхаарал хандуулж байгааг юу юунаас харж болно.
-Үйлдвэрлэлээ 320 тэрбум төгрөгт, эдийн засгаа 9.1 хувьд хүргэсэн амжилтаар шилдэг аймгаар шалгарлаа-
Тиймээс үүний хүрээнд 2017 оноос их бүтээн байгуулалтыг эхлүүлж, эдүгээ бүр эрчимжүүлж байгаа нь энэ юм. Харин аймаг орон нутгийн удирдлагууд 2019 оны “Их бүтээн байгуулалтын жил”-ийн нээлтийг зохион байгуулсан. Энэхүү нээлтийн ёслолд УИХ-ын гишүүн, Дорноговь аймгийн нутгийн зөвлөлийн дарга Б.Дэлгэрсайхан, Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, Сайншанд сумын Засаг дарга С.Одбаяр тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо. Нээлтийн үеэр Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин “Дорноговьчууд бид их бүтээн байгуулалтынхаа нээлтийг хийж байна. 2019 оныг бид “Гэр бүлийг дэмжих жил” болгон зарласан. 2017 онд эхлүүлсэн их бүтээн байгуулалтуудаа 2018, 2019 онд ч гэсэн хэрэгжүүлж байна. Дорноговь аймагт орон нутгийн, орон нутгийн хөгжлийн сангийн, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар олон бүтээн байгуулалтын ажлыг хийж байгааг та бүхэн мэдэж байгаа. Сум болгонд нийтийн орон сууц барьж байна. Сумандаа сайхан амьдрах хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд нэгдсэн халаалтын болон цэвэр бохир усны системийг бий болгож байгаа. Эрүүл мэнд, боловсролын салбарт олон бүтээн байгуулалтыг хийж байна. Аймгийнхаа нийт сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн 98 хувийг цэцэрлэгт сургаж эхэлсэн. Ерөнхий боловсролын сургуулийн хангалтын түвшин 90 гаруй хувьд хүрсэн. 2019 онд зөвхөн Дорноговь аймгийн хэмжээнд гурван эмнэлгийг ашиглалтад оруулна. Сургууль, цэцэрлэгийн 7-8 барилгыг ашиглалтад оруулах боломжтой байна. Засгийн газраас Дорноговь аймагт маш олон том бүтээн байгуулалтыг хийж эхэлсэн. Нефть боловсруулах үйлдвэр, тээвэр ложистикийн төвүүд, Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүс байна. Төмөр зам, автозамын олон бүтээн байгуулалтыг хийж байгаа” хэмээн хэлж, “Их бүтээн байгуулалтын жил”-ийг албан ёсоор нээсэн юм. Түүний дараа УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан иргэдэд хандаж үг хэллээ. Тэрбээр “Бид одоогоос гурван жилийн өмнө жил бүр “Их бүтээн байгуулалтын жил”-ийн нээлтийг хийдэг уламжлал тогтсон. Тэр үеэс бүтээн байгуулалтыг богино хугацаанд яаж хийж болдог вэ гэдгийг харуулсан. Энэ бүхэнд аймаг, орон нутгийн иргэд гар бие оролцсон. Өнөөдөр аймаг, орон нутаг ямархуу өнгө төрхтэй болж байгаа та бүхэн мэдэж байгаа. Энэ жилийн “Их бүтээн байгуулалтын жил”-ийн нээлтэд оролцож байгаадаа их талархалтай байна. Энэ жил олон бүтээн байгуулалтыг хийнэ. Тэр дундаа Засгийн газраас хэрэгжүүлж буй нефть боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт нэлээд эрчимтэй өрнөж байна. Засгийн газраас энэ ажилд маш их анхаарал тавьж байгаа. Энэтхэгээс холбогдох мэргэжилтнүүд нь ирж, ажил эрчимтэй өрнөж байна. Мөн энэ сарын 24-ний өдөр Ерөнхийлөгч ирж, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын нээлтийг хийнэ. Энэ мэтээр Дорноговь аймагт маш том бүтээн байгуулалт өрнөнө. Ингэснээр олон ажлын байр бий болох боломж бүрдэнэ” хэмээн хэлсэн юм. Түүний дараа 2019 оны “Их бүтээн байгуулалтын жил”-ийг нээж, тууз хайчиллаа. Өнгөрсөн онд “Их бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд улсын болон орон нутаг, хувийн хэвшлийн 38.8 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинэ бүтээн байгуулалт болон өргөтгөл, засварын нийт 67 ажил хийж байсан аж. Тэгвэл энэ онд улсын болон орон нутгийн 103 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 98 бүтээн байгуулалт, засварын ажил хийхээр нээлтийг нь хийж, ажилдаа ханцуй шамлан орлоо. Дорноговь аймгийн төв Сайншанд хотод спорт заал, цэвэрлэх байгууламж, хөгжлийн төв байгуулах юм. Мөн жуулчдын хамгийн их зорьж очдог Хүслийн уул буюу Ханбаянзүрх хайрхан руу автозам тавих аж. Түүнээс гадна, Алтанширээ, Даланжаргалан, Хатанбулаг, Хөвсгөл, Эрдэнэ сумын төвийн инженерийн нэгдсэн шугам сүлжээ, барилга байгууламж, Иххэт сум нийтийн эзэмшлийн орон сууцын байруудын дээвэр, гадна фасад, дулаалга, зоорийн болон гадна инженерийн шугам сүлжээний засвар, ахмадын өргөөний барилгыг барина. Мөн Алтанширээ, Сайншанд, Замын-Үүд, Мандах сумдад хүүхдийн цэцэрлэг, Эрдэнэ суманд дотуур байр, Замын-Үүд суманд 100 хүний ортой эмнэлэг, Сайншанд сумын 50 ортой төрөх эмнэлэг, Айраг, Улаанбадрах, Хөвсгөл Соёл, спорт төв зэрэг бүтээн байгуулалтыг хийх ажээ. Түүнээс гадна, Азийн хөгжлийн банкны зээлээр хэрэгжих Бүс нутгийн авто зам хөгжүүлэх төслийн Сайншанд-Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай замаас Өргөн сум хүртэлх 18.25 километр хатуу хучилттай авто замыг барих юм байна. Энэ жилийн “Их бүтээн байгуулалтын жил”-ийн нээлтийн үеэр амжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой долоон өрхөд өргөө цагаан гэр гардууллаа. Түүнээс гадна, өрхийн хэрэгцээний ногоог хашаандаа тарих сонирхол бүхий Сайншанд сумын хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настан иргэдэд нийлэг хальсан хүлэмжийг гардуулж өгсөн юм.
ШИЛДЭГ АЙМГААР ШАЛГАРЛАА
Монгол Улсын хууль тогтоомж төрийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг орон нутагтаа амжилттай сайн хэрэгжүүлсэн аймгуудыг Засгийн газраас жил бүр шалгаруулдаг. Засгийн газрын тавдугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар ажил үйлсээрээ тэргүүлсэн шилдэг аймгуудыг тодрууллаа. Үүнд Дархан-Уул, Дорноговь, Увс, Өмнөговь аймаг, Орхон аймгууд дараалж, 2018 оны ажлаараа 21 аймгаас улсдаа тэргүүлж, Монгол Улсын шилдэг аймаг боллоо. Дорноговь аймгийн хувьд 2018 онд хүн ам 70 мянгад хүрч, өрсөлдөх чадвараа ахиулан 21 аймгаас дөрөвдүгээр байрт эрэмбэлэгдэж, эдийн засаг 9,1 хувьд хүрч, аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл 320 тэрбумд хүрч өмнөх оныхоос 23 хувиар өсч, нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн нэмэгдэж, 2600 гаруй иргэний байнгын болон түр ажлын байрыг бий болгосон байна. Мөн тус аймгаас 2018 оныг “Хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, иргэд, гэр бүл өсвөр үе, хүүхэд залуучуудыг хөгжүүлэх, тэдгээрийн идэвх санаачилгыг дэмжих, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, сурч боловсрох, хөгжин дэвших боломж нөхцөлийг бүрдүүлж, иргэдийнхээ оюунд томоохон хөрөнгө оруулалт хийсэн байна.
1000 ХҮНИЙ СУУДАЛТАЙ СОЁЛ СПОРТЫН ЦОГЦОЛБОРЫН ШАВ ТАВИВ
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин тэргүүтэй албаны хүмүүс 2019 оны “Их бүтээн байгуулалтын жил”-ийг албан ёсоор нээсний дараа Сайншанд хотод хийх олон бүтээн байгуулалтын шавийг тавьсан юм. Юуны өмнө 1000 хүний суудалтай соёл спорт цогцолборын барилгын шавийг тавив. Сайншанд сумын хоёрдугаар багийн нутагт босох энэхүү соёл спорт цогцолборыг “Болор аграмба” компани барих юм байна. Улсын төсвийн 5.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барих энэхүү соёл спорт цогцолбор ашиглалтад орсноор сайншандчууд стандарт спорт заалтай болж, бөх, бокс, гимнастик, аэробек, шатар, даам, теннис зэрэг олон төрлийн дугуйлан секц хичээллэх танхимууд ч нээгдэх аж. Хамгийн гол нь аймгийн иргэд, хүүхэд, залуучууд стандартад нийцсэн, ая тухтай орчинд спортоор хичээллэх, цаашлаад Сайншанд хотод улсын болон Олон улсын чанартай тэмцээн, уралдаан зохион байгуулах боломжтой болох юм. Нээлтийн үеэр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “Болор аграмба” компанийн хамт олонд хандаж, спорт цогцолборын барилгыг цаг хугацаанд нь ашиглалтад оруулахыг сануулж байлаа. Спорт цогцолбор энэ оны арванхоёрдугаар сард ашиглалтад орох юм байна. Мөн энэ үеэр нэгэн томоохон бүтээн байгуулалтын шавийг тавьсан нь шинэ цэвэрлэх байгууламжийнх байлаа.
ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БАРИХААР БОЛЛОО
Сайншанд сумын одоогийн ашиглаж буй цэвэрлэх байгууламж нь анх 1986 онд ашиглалтад орсон аж. Ийнхүү 30 гаруй жилийн хугацаанд тоног төхөөрөмж нь муудаж, эвдэрч, 1993 оноос технологийн дагуу ажиллах боломжгүй болсон бөгөөд өнөөг хүртэл 26 жил бохир ус шингээх даланд татан төвлөрүүлж, картын системээр дамжуулан тунгааж байгальд хаяж ирсэн юм байна. Харин орон нутгийн зүгээс энэ асуудлыг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн төсөлд хамруулан шийдвэрлэж, хоногт 3000 метр куб бохир цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийг шинээр барихаар болж, шавийг нь тавьсан нь энэ юм. Цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлыг Азийн Хөгжлийн Банкны 3.6 сая ам долларын хөрөнгө оруулалтаар Турк улсын “NHC” ХХК гүйцэтгэх ажээ. Цэвэрлэх байгууламж нь хоногт 1000 метр куб саарал ус боловсруулах хүчин чадалтай бөгөөд саарал усыг ногоон байгууламжийн усалгаа, үйлдвэрлэлийн технологийн үйл ажиллагаанд ашиглах боломжтой. Цэвэрлэх байгууламж гэдэг томоохон хот, суурин газрын нэн тэргүүнд шийдвэрлэх бүтээн байгуулалт байдаг. Харин Сайншанд хот шинэ цэвэрлэх байгууламжтай болж байгаа нь томоохон суурьшлын бүс болоход бэлэн гэдгийг нь харуулж байна. Аймаг, орон нутгийн удирдлагууд, тойргоос нь сонгогдсон гишүүний хамтаар энэ өдөр олон бүтээн байгуулалтын шавийг тавьсан. Тухайлбал, Сайншанд сумын 4, 7-р багт иргэдийн хөгжлийн төв, 320 хүүхдийн сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, өрхийн эрүүл мэндийн төв, “Мандах наран-3” хорооллыг барьж, шинээр цогцолбор хотхоны барилгын ажлыг эхлүүлээд байгаа аж. Эдгээр бүтээн байгуулалт руу чиглэсэн төв замаас цогцолбор хүртэлх 0.3 км хатуу хучилттай авто замыг шинээр барихаар, шавийг тавилаа. Замын ажлыг орон нутгийн хөгжлийн сангийн 290 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Дорноговь АЗЗА” ТӨХК барьж, энэ оны есдүгээр сард ашиглалтад оруулахаар ажлаа эхэллээ. Мөн “Их бүтээн байгуулалт-2019” нээлтийн хүрээнд Сайншанд сумын гурав болон тавдугаар багийн Иргэдийн хөгжлийн төвийн нээлтийг хийж, шавыг нь тавилаа. “Иргэдийн хөгжлийн төв”-д багийн ажлын алба, багийн Иргэдийн Нийтийн Хурлын танхим, Цагдаагийн хэсэг, Өрхийн эмнэлэг байрлах бөгөөд иргэдэд төрийн үйлчилгээг нэг цэгээс түргэн шуурхай, чанартай хүргэх нөхцөл бүрдэх, төрийн байгууллагын анхан шатны нэгжийн ажилтан албан хаагчдын ажиллах орчин нөхцөл, ажлын уялдаа холбоо сайжирч байгаа юм.
ХҮСЛИЙН УУЛТАЙ ЗАСМАЛ ЗАМААР ХОЛБОГДОНО
Хамарын хийд, Ханбаянзүрх хайрханыг зорих дотоодын жуулчдын тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Тэгвэл Сайншанд-Хамрын хийд чиглэлд хатуу хучилттай замтай болсноор иргэд ая тухтай зорчиж буй. Харин Хүслийн уул буюу Ханбаянзүрх хайрхан хүртэл дэржигнүүртэй замаар сэгсчүүлдэг цаг ард хоцрох нь.
Учир нь 2019 оны их бүтээн байгуулалтын хүрээнд Ханбаянзүрх хайрхан хүртэл 6.8 км хатуу хучилттай авто замыг барихаар болж, нээлтийг нь хийлээ. Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар “NDTK” ХХК барьж, ирэх есдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөн ажлаа эхэлжээ. Энэхүү ажлыг улсын төсвийн 4.1 тэрбумын хөрөнгө оруулалтаар хийх юм байна. Нээлтийн үеэр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “Өнгөрсөн жил Засгийн газар Дорноговь аймагт хоёр удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилласан. Улмаар Засгийн газрын тэмдэглэл гарч, Ханбаянзүрх хайрхан чиглэлийн 6.8 километр хатуу хучилттай зам. Төв замаас Өргөн сумын чиглэлд барих 18.6 километр асуудлыг шийдэхээр болсон. Энэ бүтээн байгуулалтын ажлыг хийхээр өнөөдөр шаваа тавьж байна. Энэ замыг барьснаар Дорноговь аймаг төдийгүй Монгол Улсын аялал жуучлалд том хөрөнгө оруулалт болно. Хамрын хийд, Ханбаянзүрх хайрханыг зорьж байгаа жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа. Энэ зам ашиглалтад орсноор Хамрын хийдийг зорих жуулчдын тоо илүү нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ. Харин аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин “Энэ зам ирэх намар гэхэд ашиглалтад орж, Дорноговь аймаг, Хамрын хийд, Ханбаянзүрх хайрхан, Энергийн төвийг зорих аялагчид ая тухтай зорчих боломж бүрдэж байгаад баяртай байна. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт Хамарын хийдээс Хаянбаянзүрх хайрхан, цаашдаад Зүүнбаян баг хүртэлх авто зам барихаар тусгасан. Үүний эхлэл болж, Ханбаянзүрх хайрхан хүртэлх 6.8 км зам энэ жил ашиглалтад орох нь ээ. Дараа жил Зүүнбаян хүртэлх автозам барих төсвийг улсын төсөвт суулгахаар хөөцөлдөнө. 2017, 2018, 2019 онд Дорноговь аймагт бүтээн байгуулалт оргилж, дэд бүтцийн ажлуудыг хийж байна. 2020 онд ч гэсэн үүнээс олон бүтээн байгуулалтыг хийнэ гэдгийг хэлье” хэмээлээ. 2019 онд хийх их бүтээн байгуулалтын нээлт үүгээр дуусаагүй. Зөвхөн аймгийн төв, Сайншанд хотод бүтээн байгуулалт өрнөхгүй. Дорноговь аймгийн тавдугаар баг буюу Зүүнбаянд ч бас олон бүтээн байгуулалтыг хийх юм. Түүний эхлэл болгож “ Иргэдийн хөгжлийн төв”-ийг нээж, шавийг нь тавьсан. 448.2 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Зүүнбаян багийн иргэдэд үйлчлэх хөгжлийн төвийг барихаар боллоо. Энэхүү бүтээн байгуулалт мөн энэ онд ашиглалтад орох учиртай. Мөн үеэр Зүүнбаянгийн усан бассейныг шинэчилж, засварлах ажлыг ч нээлээ.
ТӨМӨР ЗАМАА БАРЬЖ ДУУСЛАА
Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт Газрын тос нэрэх үйлдвэр баригдаж байгааг бид мэднэ. Тэгвэл өнгөрөгч лхагва гарагт Монгол Улсын томоохон бүтээн байгуулалт болох Газрын тос боловсруулах үйлдвэрийн төмөр замыг тавьж дууссан. Одоогийн байдлаар холбоо, дохиолол, эрчим хүч, барилгын ажил үлдээд байгааг ашиглалтад өгөхөөр шамдаж байгааг дуулгасан.
Сэтгэгдэл ( 9 )
Маш мундаг сэтгэлтэй удирдлагатай
Маш мундаг сэтгэлтэй удирдлагатай
Маш мундаг сэтгэлтэй удирдлагатай
Маш мундаг сэтгэлтэй удирдлагатай
Амжилт хүсье
Амжилт хүсье
Амжилт хүсье
Амжилт хүсье
Сайхан болсон байна лээ