-2019 онд трэнд болж байгаа интерьерийн чиг хандлага-
Хүн бүхний хувьд хамгийн аз жаргалтай, халуун дотно уур амьсгалыг бүрдүүлж тав, тух бий болгохыг зорьдог орчин бол яах аргагүй өөрийн амьдарч буй гэр. Харин та гэртээ засвар хийж, амьдрах орчноо өөрчлөн, шинэ мэдрэмж авахыг хүсэж байвал дараах зөвлөгөөнд анхаарлаа хандуулаарай. 2019 онд трэнд болж буй интерьерийн чиг хандлагаар хамт аялъя.
Байгальд ойрт
Модон эдлэл интерьер дизайнд хүч түрэн орж ирж байна. Модон шал, тааз, ширээ таатай мэдрэмж төрүүлэхийн зэрэгцээ байгальтай ойр мэдрэмж төрүүлнэ. Ялангуяа гал тогооны хэрэгсэл байгалийн цэвэр мод болон модон оруулга бүхий шийдэлтэй байвал зохимжтой. Сүүлийн жилүүдэд зонхилж байсан цагаан өнгө Скандинавын орныг санагдуулам өнгө төрхөөр солигдож эхэллээ.
Муруй тавилга
Энэ жил ямар нэгэн хэлбэр дүрсэд баригдахгүй. Мөн уйтгартай бэйж өнгөөс татгалзаж, индранил цэнхэр, тод ягаан өнгийн муруй сандал, кофены ширээ, хөлийн тавиур зэргийг сонговол онц сайн худалдан авалт болно.
Модлог ургамлаар гангар
Өрөөндөө модлог ургамал байрлуулахын зэрэгцээ ханын цаас болон буйдангийн дэвсгэрээ эдгээр ургамлын зурагтай байхаар сонгох хэрэгтэй. Энэ нь танд цээж дүүрэн амьсгалах боломж өгнө.
Хүрэн шар өнгөнд дурла
Дээр дурдсан модон эдлэл болон модлог ургамалтай хамгийн сайн зохицох өнгө бол дулаан мэдрэмж төрүүлэх шаргал өнгө. Мөн яг л шатсан мэт харагдах улбар шар, шаварлаг хүрэн, бүх төрлийн ногоон өнгөнүүд интерьер дизайны салбарт томоохон орон зайг эзлээд байна.
Уламжлалт таазнаас татгалз
Ихэнх айлууд таазаа уналттайгаар эсвэл хэт лакшири хэв маягаар зассан байдаг. Харин интерьер дизайнерууд таазаа ч мөн сонирхолтой бөгөөд эко байдлаар шийдэхийг зөвлөжээ. Хана, шал зэрэг тань ямар байхаас үл шалтгаалан таазаа сонирхолтой байдлаар янзлаарай.
Ханандаа хивсэнцэр өлгө
Та гэрийнхээ ханыг яг л галлерейг санагдуулам өнгө аястай хэвээр байлгасаар байгаа юм биш биз? Тийм бол энэ хэв маяг хоцрогдож эхэлсэн шүү. Учир нь энэ жилээс эхлэн ханандаа хивсэнцэр өлгөх нь эргэн трэнд болж байна Тэртээх 1970-аад оныг санагдуулам өнгө төрх 21-р зуунд геометрийн элдэв дүрс, текст бүхий хэлбэрээр эргэн ирлээ. Содон хэлбэр дүрс, өнгө төрх бүхий хивсэнцрээр ханаа чимэхийг зөвлөе.
Хар өнгөнөөс татгалзах хэрэггүй
Хар өнгө танд тухтай мэдрэмж төрүүлдэг бол бүү санаа зов. Ханаа тэр чигээр нь хар болгосон ч болно. Харин байгалийн гэрэл өрөөнд тань хангалттай ихээр орж ирдэг байх хэрэгтэй. Мэдээж, өрөөнийхөө хаалгыг илүү гэгээлэг өнгөтэй байхаар шийдэж өгөөрэй.
Гантиган ширээгээр гангар
Сүүлийн үед гантиган шал болон ширээ эргэн трэнд болоод байна. Үнэтэй болон чамин тансагийн илэрхийлэл болсон энэ материал нь заавал жинхэнэ байх албагүй. Харин ердөө түүнийг санагдуулам өнгө болон материал бүхий эдлэл байхад л гэрт хангалттай өнгө нэмнэ.
Олон үйлдэлт тавилга
Хэрэв танай гэрийн зай бага, мөн та минималист хэв маягийг эрхэмлэгч бол олон үйлдэлт тавилга сонгохыг зөвлөж байна. Хэрэгцээтэй үед ор болдог буйдан зэрэг нь орон зай хэмнэх ухаалаг шийдэл. Санхүү мөнгийг ч давхар хэмнэх энэ төрлийн тавилга хоцрогдоно гэж бараг л үгүй.
Дугуйт тавцан
2018 онд трэнд болоод байсан дугуйтай тавцан энэ жилийн хувьд ч сонирхол татсан хэвээр байна. Хаана ч, аль ч өрөөндөө ямар ч зорилгоор ашиглаж болох энэ төрлийн тавилга олон үйлдэлт тавилгын гол төлөөлөгчдийн нэг. Гал тогоо, угаалгын өрөө, зочны өрөө гээд хаана ч ашиглаж болох тавилгыг жижиг орон зайтай газар ашиглах нь илүү тохиромжтой.
Метал эдлэлээс дур булаам байдлыг мэдрээрэй
Тансаг бөгөөд чамин хэв маягийг эрхэмлэгчдийн анхаарлын төвд метал өнгө орж ирлээ. Алт, мөнгө, гууль, зэсийг санагдуулам эдгээр метал өнгө болон материал үнэ цэнэтэй харагдана. Бас дулаан уур амьсгал бүрдүүлнэ.
Шинэ, хуучинг хослуул
Энэ төрлийн стиль хэзээ ч моданаас гарахгүй ч байж мэднэ. Хуучин болон шинэ загварын тавилгуудын донжийг олж байршуулах юм бол ёстой л “төгс” шийдэл болох нь тэр. Тэгэхээр дээр дурдсан санаануудаас гэртээ тохирох санааг сонгон, давтагдашгүй хэв маяг бий болгоорой.
Дахиад л байгаль
Бидний өдөр тутмын хэрэглээ болсон синтетик материалууд байгаль орчинд хортой нөлөө үзүүлдэг. Иймээс гал тогоондоо, гэртээ аль болох хөвөн даавуун, байгалийн гаралтай, дахин боловсруулалтад ордог материалаар хийгдсэн алчуур, бүтээлэг зэргийг сонгож хэвшихийг зөвлөе.
Төгсгөлд нь, дээр дурдсан чиг хандлагууд ердөө ерөнхий мэдээлэл гэдгийг санаарай. Таны эрхэмлэдэг хэв маяг энд дурдагдаагүй бол санаа зовох хэрэггүй. Учир нь хамгийн тав тухтай байх нандин орчноо та өөрийн хүссэнээр тохижуулах нь хамгийн зөв сонголт байдаг.
Сэтгэгдэл ( 0 )