ТОЙМ: Бээжингийн тэнгэрийг эзэмших хүсэл дор

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 30

Тэнгэр өөд тэмүүлэх Хятад иргэдийн тоо сая саяар нэмэгдэж, Хятад улс нислэгийн ертөнцийн боломжийг тэлсээр байна. Арав гаруйхан жилийн дотор Хятад улс агаарын тээврээр үйлчлүүлж үзсэн хэдхэн тооны иргэн бүхий үндэстнээс сая саяараа өргөн уужим газар нутгаа төдийгүй дэлхийг хөндлөн гулд нисэж туулдаг үндэстэн болтлоо хөгжсөн. Ийм хурдаар Хятад улс тийрэлтэд онгоцны эрин зуунд хөл тавьж, мөн ийм хурдаар, бүр илүү хурдтай зорчигчдын тоо нь нэмэгдэх нь дамжиггүй.

ИРГЭНИЙ АГААРЫН ТЭЭВРИЙН АСАР ТОМ ЗАХ ЗЭЭЛ

Хэдийгээр Хятад улс ойрын гурван жилд дэлхийн агаарын тээврийн хамгийн том зах зээл болох АНУ-г гүйцэж түрүүлэх бодлого барьж байгаа ч өнөөдөр тус улсын эрэлт аль хэдийнээ мэдэгдэхүйц нэмэгдэж байна.

Энэхүү хэрэгцээг хангахын тулд тус улсын засгийн газар нисэх онгоцны буудал бүтээн байгуулах өөр хаа ч байгаагүй мега хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн билээ. Дэлхийн тээврийн сүлжээнд тус улсыг шууд холбох шинэ шинэ терминал, бууж хөөрөх зурвас барихад ам.долларыг тэрбум тэрбумаар цутгаж байна. Одоогийн байдлаар, Хятад улс нийт 235 орчим нисэх онгоцны буудалтай бөгөөд ихэнх нь өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй зорчигч, нислэгийн ачааллыг дийлэхгүйд хүрээд байна. Иймээс БНХАУ-ын засгийн газар 2035 он гэхэд нэмж 450 нисэх онгоцны буудал барихаар төлөвлөж байна. Тэр цагт агаарын тээврийн шинжээчдийн тооцоолж буйгаар Хятад улс дэлхийн агаарын тээврийн нийт зорчигчдын дөрөвний нэгт үйлчлэх хүчин чадалтай болох юм. Хонконгийн агаарын тээврийн бодлого, судалгааны төвийн Хятадын  их сургуулийн бодлого хариуцсан захирал Чонг Квок Логийн хэлснээр, Хятадын агаарын тээвэрт чиглэсэн тэлэлт хэрэгцээг хангахаас гадна эдийн засгийг хөгжүүлэх зорилготой. Хятадын хот, мужуудад өрнөж буй агаарын тээврийн огцом хөгжлийг тэр бүр дуулаагүй хүнд Бээжин хотын жишээнээс л харахад хангалттай.  Энд тавдугаар сарын 14-ний өдөр анхны нислэгийн туршилтаа хийсэн олон сая ам.долларын өртөг бүхий Дашин шинэ олон улсын нисэх онгоцны буудал тод жишээ болон сүндэрлэн байна. Эдгээр супер нисэх онгоцны буудлууд XXI зууны гурав дахь арван жилд шинэ биш болно. Гэхдээ алдарт архитектор агсан Заха Хадидын Хятадын архитекторуудтай хамтран загварыг нь гаргасан Бээжингийн далайцтай бүтээн байгуулалтын хэтийн зорилго нь толгой эргүүлэм. 2019 оны есдүгээр сард ашиглалтад орох Дашин нисэх онгоцны буудал дөрвөн хөөрж, буух зурвастай байх бөгөөд терминал нь хөлбөмбөгийн 97 талбайг нийлүүлсэнтэй тэнцэхүйц хэмжээтэй байх юм.  2018 онд 100 сая гаруй зорчигчдод үйлчилсэн Бээжин хотын өнөөгийн олон улсын нисэх онгоцны буудал Хартсфилд-Жексон Атланта олон улсын нисэх онгоцны буудлын дараа дэлхийн хоёр дахь том нисэх онгоцны буудалд ордог бөгөөд бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа.  Дашин шинэ онгоцны буудал нээгдэхэд одоо ашиглагдаж буй нисэх онгоцны буудал хаагдахгүй. Харин Air China and Hainan Airlines зэрэг агаарын тээврийн компаниудад үргэлжлүүлэн үйлчилж, өсөн нэмэгдэж буй эрэлтийг хангахад өөрийн хувь нэмрийн оруулсаар байх юм.

НИСЭХ ОНГОЦНЫ БУУДАЛ ХЭРЭГЦЭЭТЭЙ ГАЗРАА Л БАРИГДАНА

Хятад улсын 400 гаруй нисэх онгоцны буудал барих төлөвлөгөө ер бусын санагдаж болох авч тоо нь бус, хурд нь гайхалтай. Таван мянга орчим нисэх онгоцны буудалтай АНУ-ын дэргэд энэ тоо бол юу ч биш. Нью Йорк хот гэхэд гурав, Лондон хот таван олон улсын нисэх онгоцны буудалтай байхад Бээжин энэ жил хоёр дахь олон улсын нисэх онгоцны буудлаа нээнэ. Хорин сая гаруй хүн амтай Шанхай хот гурав дахь онгоцны буудлаа барих гэж байгаа бол 17 сая хүн амтай Гуанжоу хоёр дахь онгоцны буудлаа барихаар зэхэж байна. Хятадын иргэний агаарын тээврийн газрын мэдээллээс үзвэл, 2018 онд Хятадын нисэх онгоцны буудлууд давхардсан тоогоор нийт 1.264 тэрбум зорчигчдод үйлчилсэн нь 2017 оныхоос 10.2  хувиар нэмэгджээ. Одоогоор тус улсад жилд дунджаар найман шинэ нисэх онгоцны буудал үүд хаалгаа нээж байгаа бол хуучныг өргөтгөн, шинэчлэх ажил өргөн далайцтай өрнөсөөр байна. Ирээдүйд барихаар төлөвлөгдөж буй нисэх онгоцны буудлын ихэнх нь Хөх мөрний бэлчир дагуу, Бээжин, Тянжин, Хэбэй муж, Гуандун, Хонконг, Макаогийн их хошууны бүс нутаг болон Чунчин, Чэндү хотуудад сүндэрлэх гэнэ. Хүн ам ихтэй эдгээр бүс нутагт цөөн тооны нисэх онгоцны буудалтай. Ирэх жилүүдэд бүгд дэлхийн хэмжээний нисэх онгоцны буудалтай болох юм. Жишээ нь Чэндү хотын хоёр дахь олон улсын нисэх онгоцны буудал болох Тианьфу 2020 онд хаалгаа нээж, ачааллыг хөнгөвчилнө. Мөн Хятадын баруун хэсэгт шинэ онгоцны буудлууд сүндэрлэх гэж байна. Эдгээр нь тус бүс нутгийн бизнес болон аялал жуулчлалын салбарыг хөгжүүлээд зогсохгүй, Бээжингийн алслагдмал бүс нутагт үзүүлэх нөлөөллийг нэмэгдүүлэх юм.

Эх газрын засгийн газар Хятадын баруун болон зүүн хойд зэрэг хөгжил тааруу бүс нутгийн эдийн засгийн хөгжүүлэх стратеги баримталж байгаа. Агаарын тээврийг эдгээр бүс нутагт хөгжүүлснээр илүү тэнцвэртэй хөгжих зорилтдоо хүрэхэд нэг алхам урагшилж байгаа юм.

ИРЭЭДҮЙГ ХАРСАН НИСЭХ ОНГОЦНЫ БУУДЛУУД

Орчин цагийн өндөр технологийн шаардлагад нийцсэн нисэх онгоцны буудлуудыг зэлүүд газар барьснаар тээврийн дэд бүтцийг оновчтой төлөвлөхөд өргөн боломж олгодог. Энэ төрлийн барилга байгууламжийг гол гол автомашины болон өндөр хурдтай галт тэрэгний төмөр замтай холбож барих асуудал дээр тус улсын засгийн газар онцгой ач холбогдол өгч байна. Үүний тод жишээ нь удахгүй ашиглалтад орох Дашин олон улсын нисэх онгоцны буудал ба энэ нь хоттой 350 км/ц хурдны хүчин чадалтай төмөр замтай холбогдож байгаа. Эхэн үедээ Дашин жилд 72 сая зорчигч, хоёр сая тонн ачаа нэвтрүүлэх хүчин чадалтай ажиллах бөгөөд бүрэн хүчин чадлаараа ажиллах үедээ 100 сая зорчигчдод үйлчилж, дөрвөн сая тонн ачаа нэвтрүүлэх гэнэ. Дашины өвөрмөц шийдэл нь зорчигчдод гарцаа төвөггүй олох боломжтой байхаар төлөвлөгджээ. Хэдийгээр АНУ-тай хийж буй худалдааны дайн тус улсын эдийн засгийн өсөлтийг хойш нь чангааж, Хятад улсын мега хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тотгор учруулж байгаа ч Хятад улс дэлхийн тэргүүлэгч гүрнүүдийн нэг болох замдаа эргэлт буцалтгүй орсон гэж Чонг Квок Ло үзэж байна. 2035 онд гэхэд дэлхийн зорчигч тээвэр жилд 3.5 хувиар өсөх төлөвтэй байна. Хятад улсын эдийн засгийн өсөлт 5-6 хувь буюу дэлхийн дунджаас дээгүүр байх боломж байна.

Үүний сацуу тус улс ирэх арван жилд хүн амын дундаж давхаргыг 500 саяд хүргэх зорилт тавиад байна. Дундаж давхарга Хятадын агаарын зорчигч болон ачаа тээврийн хөгжлийг дэмжихэд гол үүрэг гүйцэтгэх учиртай. Гэсэн хэдий ч Чонг Квок Ло хүний нөөцийн хувьд зарим бэрхшээл үүсэхийг үгүйсгэсэнгүй. Түүний хэлснээр, иргэний агаарын тээврийн өнөө үеийн мэргэжилтнүүд ирэх арван жилд тэтгэвэрт гарна. Тиймээс хүний нөөцийн хомсдол бий болох магадлал өндөр байгаа юм. Дээрээс нь Хятадын засгийн газар энэ асуудалд төдийлөн анхаарал хандуулахгүй байгаа гэнэ. Үүнтэй зэрэгцэн байгаль орчны нөлөөллийн асуудал мөн сэтгэл түгшээсэн асуудал болж байна. Энэ оны эхээр НҮБ олон улсын иргэний агаарын тээврийн салбарын нүүрстөрөгчийн хий “үйлдвэрлэж” буй асуудалд онцгой анхаарал хандуулан нүүрстөрөгчийн хийг багасгах, нөхөн сэргээх олон улсын агаарын тээврийн механизмыг эхлүүлээд байгаа. Энэ сарын 6-ны байдлаар, үүнд 80 улс орон сайн дурын үндсэн дээр элсээд байгаа бөгөөд нүүрстөрөгчийн хийн томоохон “үйлдвэрлэгчид” болох АНУ, Хятад улс элсээгүй байна. 2027 онд гэхэд энэхүү механизмд бүх улс орон элсэх үүрэгтэй болох юм. Хятад улсын иргэний агаарын тээврийн салбарт тулгарч буй бас нэг асуудал бол нислэг байнга цуцлагддаг явдал юм. Тус улсад иргэний агаарын тээвэр агаарын замын дөнгөж 20 хувийг ашигладаг бол үлдсэн 80 хувь нь цэргийн хяналтад байдаг. Иймээс агаарын зам дахь түгжрэл ноцтой асуудлын нэг болох магадлалтай. Гэхдээ тус улсын 13 дахь таван жилийн төлөвлөгөөнд агаарын орон зайн менежментийг либералчлах, бүтцийн өөрчлөлт хийх зорилт туссан.

Ямартаа ч иргэний агаарын тээврийн өргөн сонголт тус улсын өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангаж, эдийн засгийн өсөлтийг дэмжих цаг ойртож байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.189.124) 2019 оны 05 сарын 31

italiin injener popoviin niseh ongotsnii onoliin turshiltiig mongol injeneruud urgeljluulj hyatadtai orsold

0  |  0
Top