Малчид “Малын хөлийн татварын хууль”-тай болохыг хүсч байна

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 31

Монгол Улс мал аж ахуйн орон хэдий ч малын хөлийн татварын бодлого байхгүй байгааг хаа хаанаа шүүмжилж ярих болсон төдийгүй энэ төрлийн хуулийн төсөл УИХ-ын чуулганаар удаа дараа ордог ч дэмжлэг авсан удаагүй. Өнөөдөр манай мал сүргийн тоо 70 саяд хүрч өргөн уудам нутагтай ч бэлчээрийн даац хэтэрсэн, усны хомсдол үүссэн, газрын маргаан, мах сүүний чанар, үүнээс үүдсэн хүнсний аюулгүй байдалд ч нөлөөлөх түвшинд хүрч байгаа гээд хэд хэдэн асуудал бодитоор үүсчихээд байгаа. Үүнээс гадна малын тооны араас хэтэрхий хөөцөлдөж чанарт анхаарахаа больсон. Улс, аймаг, сумын сайн малчин, “Мянгат малчин” гэх цол гуншин дагасан чанаргүй тоо олон болсныг малчид өөрсдөө ярих болжээ.

Өнөөдөр Монгол Улс 7000 гаруй мянгат малчинтай, 5000 гаруй өрх 1000-1499 мал тоолуулдаг аж. Мөн 1500-2000 малтай 1000 шахам өрх, 2000-аас дээш мал тоолуулсан 400 шахам  өрх бий гэсэн статистик тоо байдаг. Харин хамгийн олон мянгат малчинтай аймгаар Булган, Архангай, Өвөрхангай, Хэнтий, Төв аймгуудыг нэрлэдэг. Тэгэхээр мал аж ахуй эрхэлдэг орны хувьд малын хөлийн татварт анхаарал хандуулж, төсөвт тодорхой орлого төвлөрүүлдэг тогтолцоо юу юунаас чухал байна. 70 шахам сая толгой малтай улс орны хувьд нэг толгой малд оногдох мөнгөн дүнг 1000 төгрөг гэж тооцвол төсөвт жилдээ 70 орчим тэрбум төгрөг төвлөрөх боломж үүсч байна гэсэн үг. Өнгөрөгч 2015 онд УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат “Хөрөнгийн албан татварын тухай хууль”-ийн төсөлд малын хөлийн татвартай болох заалт оруулж ирснийг гишүүд унагаад авсан.

Түүний өргөн бариад байсан хуулийн төсөлд малын хөлийн татварыг орон нутгийн төсөвт төвлөрүүлдэг болгож, тэр мөнгөө юунд зарцуулахаа малчид өөрсдөө шийддэг байхаар тусгасан нь боломжийн санал байсан ч аанай л гишүүдийн дэмжлэг авч чадаагүй. Мөнхүү 2017 онд УИХ-ын гишүүн Л.Энхболд нараас малын хөлийн татварын хуультай болох санаачилга гаргасан ч дэмжлэг авсангүй. Үүнээс гадна “Бэлчээрийн тухай хууль”, “Бэлчээрийн эрх зүйн орчинг сайжруулах” тухай олон хууль яригддаг ч биелэлээ олсон нь үгүй. 2009 онд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиас малчин өрхөд хамаарах заалтыг авч хаян, малын хөлийн татварыг үгүй болгосон гэх мэт олон асуудал байдаг. Учир нь УИХ-ын гишүүд малчдад “хайр зарлаж”, малын хөлийн татвар тогтоох тухайд байр сууриа илэрхийлдэггүй. 1990-2018 оны хооронд Монгол Улсын мал сүргийн тоо огцом өссөн хэрнээ малтай өрхийн тоо 25-30 хувь буюу 70 орчим мянгаар буурсан үзүүлэлт ч татварын сайн тогтолцоо байхгүйтэй холбоотой. Өдгөө мал аж ахуй эрхэлж байгаа 200 орчим мянган малчин өрх бүгдээрээ нийлээд улсдаа төлөх энэ мөнгө бол дундаж аж ахуйн нэгжийн эх орондоо төлдөг татвартай дүйх мөнгө юм. Манай улс малаа эрүүлжүүлэх, малын үржлийн ажлыг сайжруулахад төрөөс олгодог төсөв мөнгийг жил ирэх тусам бууруулсаар өдгөө 10 гаруйхан тэрбум төгрөг л өгдөг болсон. Үүнээсээ мал зүйчдийн ажлын хөлс, багаж хэрэгсэл, вакцин, тарилга авах мөнгөө хасаад тооцохоор нэг малд дөнгөн данган 70 төгрөг л ногддог гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Тэгэхээр манай улс мах экспортлох тухайд ярилтгүй. Махны экспортоос эдийн засагт чамгүй мөнгө төвлөрч болохыг ярьцгаадаг ч мах нь эрүүл бус учраас гадныхан манайхаас мах авах сонирхолгүй байна. Махны экспорт жигд буюу 20 сая толгой бог экспортлоход жилдээ таван их наяд төгрөг олох боломж байгааг мэргэжилтнүүд хэлжээ. Энэ мэт мал аж ахуй тойрсон асуудал их байгаа ч хууль тогтоогчид маань цэгцэлж өгөхгүй байгааг малчид өөрсдөө яриад эхэлжээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Санал байна(202.179.24.57) 2019 оны 08 сарын 13

Монгол малын мах болон сүү нь цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн гэдгээрээ дэлхийд үнэлэгдэх дээд зэрэглэлийн хүнс харин бидэнд үнэт өв соёлоор өвлөгдсөн бидний амжиргаа юм.

0  |  0
ЧИНБАТ(103.240.241.110) 2019 оны 05 сарын 31

МАН-г мангартуулж байгаад энэ хуулийг батлуулчихвал АН ялж сайхан идэж уууна дааа

0  |  0
бодлын хулгайч(66.181.167.53) 2019 оны 05 сарын 31

ЭНЭ ХУУЛИЙГ НЭН ДАРУЙ БАТЛАХ ЁСТОЙ.

0  |  0
Top