ТАНИЛЦ: Азийн урлагийн их наадмын дэлгэрэнгүй хөтөлбөр

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 02

Бүгд Найрамдах Болгар Улсад төвтэй ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциациас ардын урлагийн дэлхийн шилдгүүдийг шалгаруулах наадмын сүлжээ системийг /World Championship System of Folklore-WCSF/ дэлхий даяар нэвтрүүлж байгаа юм.

Ази тивийн салбар наадмыг Монгол Улсад зохион байгуулах албан ёсны зөвшөөрлийг 2018 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар болон “Арт–Лар ТББ” хамтран  авсан. Энэ ажлын хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/804 тоот  тушаалаар “Азийн ардын урлагийн их наадам”– ыг Улаанбаатар хотноо  зохион байгуулах, хугацаа болон зохион байгуулах хорооны дарга, гишүүдийг баталсан.  

Азийн урлагийн их наадмыг зургадугаар сарын 12-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Энэ удаагийн наадамд Малайз, БНХАУ, Япон, БНСУ, Индонези, Энэтхэг, Непал, Бангладеш, ОХУ, Буриад, Тува, Казахсктан  зэрэг 20 гаруй орны 200 гаруй ардын авьяастан хүрэлцэн ирэхээр бүртгүүлээд байгаа юм. 

Наадмын дэлгэрэнгүй хөтөлбөрийг танилцуулъя. 


Азийн ардын урлагийн их наадмын хүрээнд олон нийтэд зориулсан "АРДЫН УРЛАГИЙН БАЯР" арга хэмжээ зохион байгуулагдана.

Үүнд: Азийн улс, орнуудын хувцасны соёлыг таниулах, сурталчилах жагсаал, цам харайх ёслол, язгуур урлагийн болон зан үйлийн хамтлагуудын тоглолт, үндэсний хөгжимчдийн тоглолт, бий биелгээг сурталчлах тоглолт, ардын дуучдын тоглолт, тойрон бүжиг зэрэг олон талт арга хэмжээ зохион байгуулна.

Азийн ардын урлагийн их наадам зохион байгуулагдах өдрүүдэд иргэд олон нийтэд хандсан дараах гурван том тоглолт задгай талбайд нийтийн хүртээл болно.

Үүнд: Их наадмын нээлтийн тоглолт, азийн ардын урлагийн их наадмын шилдэг оролцогчдын нэгдсэн тоглолт, их наадмын хаалтын тоглолт, шагнал гардуулах ёслол багтана.

Азийн ардын урлагийн их наадмын хүрээнд азийн гар урлалын үзэсгэлэн, үндэсний өв соёлыг таниулах сургалт болон азийн хоолны өдөрлөгийг зохион байгуулна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top