Зууны дуулиант хэрэг гэж нэрлэж болох төр нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хохироосон хэрэг одоо болтол шийдэгдээгүйгээр барахгүй хэрэгт буруутгагдан шүүхээс 20 жилийн хорих ял сонсч, ялаа эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хилсээр гүтгэгдсэн хэмээн үзэж буй. Учир нь өнгөрөгч хоёрдугаар сарын 28-нд УИХ-ын гишүүдэд Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж буй бичлэгийг үзүүлж, хоёр хоногийн дараа 200 орчим сэтгүүлч, зураглаачийг утас, камер, бал, дэвтэргүй оруулан нийт 27 минут таван секундын бичлэгийг үзүүлсэн байдаг. Ийн Олон улсын парламентын удирдах зөвлөлөөс “Монгол Улсын дээд шүүхийн шийдвэрээр 2017 онд эцэслэн шийдвэрлэсэн С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүн таслах ажиллагаа нь хүний эрхийн хэмжүүр болон шударга шүүхийн зарчимд нийцээгүй” хэмээн үзэж уг хэргийг шударга шүүхээр шийдвэрлэх, цаашид ч шийдвэрлэнэ гэдгийг баталгаажуулах үүднээс УИХ дэргэдээ парламентын хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх шинэчилсэн хороо байгуулахыг уриалсан.
Энэ дагуу УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Я.Санжмятав, Ц.Нямдорж, А.Сүхбат, Ө.Энхтүвшин, Х.Нямбаатар нарын бүрэлдэхүүнтэй Түр хороог өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-нд байгуулж даргаар нь УИХ-ын гишүүн Ж.Батзанданг томилсон билээ. Тэгвэл Түр хорооны дарга Ж.Батзандан, гишүүн Л.Болд нар өнгөрөгч Баасан гарагт ШШГЕГ-ын харьяа хаалттай хорих 401 дүгээр ангийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа Б.Соднордаржаа, Т.Чимгээ нартай биечлэн уулзаж, биеийн байдлыг нь олон нийтэд мэдээллээ.
“ХЭРЭГТНҮҮД”
Захиалагч нь тодорхойгүй ч захиалгын дагуу хэрэг үйлдсэн этгээдүүдийг барьж, зохих ялыг нь үүрүүллээ, “С.Зоригийн хэрэг” илэрлээ хэмээн бараг л улс орон даяар баярлаж асан цаг тун саяхан. Тус хэргийг үйлдсэн гэх Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт эргэлзэх зүйлс байсан ч хэрэг гарах үеийн гэрчийн аман зурагтай яг тохирч байна гэцгээж байв. Эргэн сануулахад, Орхон аймгийн харьяат, 36 настай Ц.Амгаланбаатар нь хүн амины хэргээр шоронд ял эдэлж байхдаа "С.Зоригийг алсан" хэмээн мэдэгдэж, "Надтай хамт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар энэ хэргийг үйлдсэн" хэмээн мэдэгдсэн байдаг.
Түүний хувьд хэрэг гардаг үед буюу 1998 онд 17 настай байжээ. Харин энэхүү хэргийн цорын ганц гэрч гэгддэг С.Зориг агсны бэлэвсэн эхнэр Б.Булган хадан гэртээ очихоос өмнө бүх үнэнийг дэлгэе гэснээр Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар яллагдагчаар татагджээ. Ийн 2016 онд шүүх ажиллагааг эхлүүлж, 2017 онд бүх шатны шүүхээр оруулж Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарт 25 жил, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оноосон. Хамгийн сүүлд 2017 оны наймдугаар сарын 7-ны өдөр тэдний гомдлыг Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зориг өөрөө даргалж хуралдаад Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ялыг 20 жил болгон эцэслэжээ. Олон жил илрэлгүй явсан энэ хэрэг нэг л өдөр илэрч алуурчид нь олдсонд гайхах, эргэлзэх хүн цөөнгүй байв.
“ХЭРГЭЭ ХҮЛЭЭ”
Хэрэг үйлдсэн этгээдүүдэд ялыг нь оноож, хэрэгтнүүд ялаа эдэлж ахуйд энэ оны гуравдугаар сарын сүүлээр С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт дахин шинэ “нөхцөл байдал” илэрлээ. Энэ хэргийг дээрх гурван хүнд тохохын тулд тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынхан, прокурор, шүүх “эрүүдэн шүүсэн” гэдэг асуудал үүсч, бараг л нотлогдов. АТГ-аас хэрэгт холбоотойгоор тагнуулын хоёр ажилтан, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хоёр ажилтныг саатуулсан ч шүүхээс тэднийг нь суллуулсан. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдуулан яллагдсан хэрэгтнүүдийг эрүүдэн шүүх ажил явагдсан. 1937 оны бүх аргыг хэрэглэсэн. Энэ нь тодорхой болсон” гэж мэдэгдэв. УИХ-ын гишүүдэд ч эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг үзүүлсэн бөгөөд бичлэгт 2015 оны есдүгээр сарын 1-6-ны хооронд болсон үйл явдлыг зарим хэсэгт хурдлуулан багтаасан байв. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг Төв аймаг дахь ШШГЕГ-ын харьяа хорих ангийн зооринд хорьжээ. Зоорийг 2000 оноос хойш ашиглахаа больсон бөгөөд энэ хэргийг хүлээлгэхийн тулд ийн тусгайлан бэлтгэсэн гэдгийг Хууль зүйн сайд Ц.Нямдорж хэлсэн. УИХ-ын гишүүд болоод сэтгүүлчдэд үзүүлсэн бичлэгээс харахад “ХЭРГЭЭ ХҮЛЭЭ” гэх үгийг хамгийн их ашигласан байв. Өөрөөр хэлбэл, С.Зоригийн хэргийг маш хурдан хугацаанд шийдвэрлэх сонирхол хэн нэгэн хүн эсвэл бүлэг этгүүдэд байсан гэдэг нь харагдаж байгаа юм.
Б.СОДНОМДАРЖАА, Т.ЧИМГЭЭ НАРЫН БИЕИЙН БАЙДАЛ МАШ ХҮНД БАЙНА
УИХ-ын гишүүн, Түр хорооны дарга Ж.Батзандан, гишүүн Л.Болд нар тэдэнтэй уулзаж, биеийн байдал нь маш хүнд байгаа тухай мэдээлсэн юм.
Ж.БАТЗАНДАН: Т.ЧИМГЭЭ, Б.СОДНОМДАРЖАА НАР БОЛ ХЭЛМЭГДСЭН ХҮМҮҮС
УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн зүгээс Б.Содномдаржаа, Т.Чимгээ нартай уулзсаныхаа дараа "Т.Чимгээгийн шулуун гэдэснээс олон сар цус алдсан байдалтай, биеийн байдал нь тун хүнд байна. Т.Содномдаржаагийн биеийн байдал ч гэсэн сайнгүй байна. Нэлээн ядарч, тамирдсан, цөхөрсөн шинжтэй байна. Ангийн удирдлагуудад "Хүний хүүхдийг хилсээр хэлмэгдүүлчихээд амийг нь битгий авчихаарай" гэдгийг хатуухан хэллээ. Нарийн шинжилгээнд хамруулах ажлыг ойрын хугацаанд шийдвэрлэнэ. Эмчилгээ хийгдэж байгаа гэж хэлж байгаа боловч тийм ч сайн биш гэдэг нь сая харагдлаа. Эрүү шүүлт гурван жил, есөн сарын хугацаанд үргэлжилсэн. Гэм зэмгүй хүнийг хорих ангид авчраад, зодож балбаад ямар ч халаалтгүй, цонхгүй өрөөнд, Төв аймгийн хорих ангийн подволд модон нааран дээр хөлдөөж алах шахна гэдэг эрүүдэн шүүлтийн том хэлбэр.
Дээрээс нь хэргээ хүлээ гэж эмэгтэй хүний өрөөнд эрэгтэй хүмүүсийг шалдан, нүцгэнээр нь оруулж, архи өгөөд балбаад байгаа чинь эрүүдэн шүүлт мөн биз дээ. Монгол Улсын гэм зэмгүй хоёр иргэнийг С.Зориг агсны амь насыг хохироосон гэдэг хэрэг тулгасан нь хэлмэгдүүлэлт гэдэг нь Түр хорооны олон баримтаар нотлогдож байна. Өмгөөлөгч, гэр бүлийн хүмүүсээс нь эхлээд холбогдох олон хүмүүстэй уулзлаа, хэргийн материалуудтай ч танилцлаа. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар бол хэлмэгдсэн хүмүүс. Шинээр илэрсэн баримтуудын дагуу энэ хоёр хүнийг нэн даруй суллах, цагаатгах ажлын төлөө Түр хороо явж байна. Түр хорооны ажилд саад учруулж байгаа хэдэн шүүгч нар байна, ял оноосон шүүгч нар нь бүгд хэвээрээ ажиллаж байна. Мөн хэргийн жинхэнэ захиалагч, бүлэглэлийн этгээдүүд түр хорооны ажлыг саатуулах гэж, зогсоох гэж янз бүрийн аргаар оролдож байна. Тэд үнэнд гүйцэгдэнэ ээ, үнэн ялна" гэсэн юм.
Л.БОЛД: ЭРҮҮДЭН ШҮҮСЭН БИЧЛЭГИЙГ ОЛОН НИЙТЭД ҮЗҮҮЛНЭ
Харин УИХ-ын гишүүн Л.Болд "Т.Чимгээ эрүүдэн шүүгдэж байхдаа нэг охиноо алдсан. Гурван хүүхдийн ээж хүн. Т.Содномдаржаа найман хүүхдийн аав. Тэгэхээр энэ хоёр хүнийг гэр бүл, үр хүүхэд, ойр тойрных нь хүмүүстэй нь уулзуулсан хүн ёсны уулзалт боллоо. Жилийн өмнөхөөсөө сэтгэл санаа нь дээрдсэн байна. Гэхдээ эрүүл мэндийн хувьд маш ноцтой байна. Энэ уулзалтын дараагаас энэ хоёр хүнийг цагаатгахын төлөө нийт ард түмний хөдөлгөөн өрнүүлнэ. Ингэснээрээ Монголд шударга ёсны нэг ялалт бий болно. Т.Чимгээгийн хувьд 400 хоног хоригдохдоо 100 гаруй хоногийг нь подвалд өнгөрүүлсэн. Нэг подволк, богино өмдтэй, дотуур хувцсаа ч солих боломжгүй нөхцөлд түүнийг хорьсон. Үүнийг сая Т.Чимгээ дахин нотолж байна. Охиных нь оршуулганд очуулна гэж хэлчихээд, яг тэр өдөр нь байцаалт авсан. Хэрэг хүлээлгэх гэж архи уулгасан, архинд нь мансууруулах төрлийн эм хольсон, согтож унасных нь дараа хэдэн талаас нь бичлэг хийсэн гэдгийг сая уйлаад ярьж байна. Б.Содномдаржааг зодож байгаад хавиргыг нь хугалчихаад энэ тухай байцаагчдаа хэлэхэд өнөөх нь доог тохуу хийсэн байна. Эрүүдэн шүүсэн бичлэгийг олон нийтэд үзүүлж болно гэсэн зөвшөөрлийг энэ хоёр маань өглөө. Бид зөвшөөрөгдсөн хэсгийг олон нийтэд үзүүлнэ" гэв.
ИЛ БОЛСОН МАТЕРИАЛУУДЫГ НУУЦЛАХ СОНИРХОЛ ТАГНУУЛД БИЙ
УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Засгийн газар нь хавтаст хэргийг ил болгосон гэхээр ТЕГ-ын дарга нь худал бичиг Прокурорын газар руу явуулсан. Засгийн газрынхаа эсрэг ТЕГ нь ажиллаад байна. Ил болсон материалуудыг нууцлах сонирхол тагнуулд байна. Энэ нь хууль бус гэдгийг би мэдэж байна” хэмээв. Түр хорооны ажлыг саатуулах, зогсоох сонирхол бий хэмээн дээр дурдсан. Тэгэхээр энэ хэргийг ямар нэг аргаар илрүүлэхгүй байх сонирхол хэнд байж болох вэ? Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хоёр дахь бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох үед шүүн таслах ажиллагаа болсон байдаг. Тэрбээр 2016 оны аравдугаар сарын 6-ны өдөр зарим сэтгүүлчтэй “Зангиагүй уулзалт” хийх үеэрээ “Миний анхааралд өдөр тутам байдаг нэг асуудал бол С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн эзнийг олж тэр үед ямар нөхцөл байдал үүссэнийг Монголын ард түмэнд хүргэх. Монголын ард түмэн үүнийг мэдэх эрхтэй.
Энэ ажил нэлээд ахицтай явж байгаа гэж хэлье. Үүнтэй холбоотой шүүхийн шийдвэр ил байна гэдэгт итгэж байна” гэж байв. Харин Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан 2018 оны аравдугаар сарын 23-нд Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр “С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэж гурван хүнд ял оноосон. Хуулийн хүрээнд шүүхийн шийдвэр нэгэнт гарсан. Шүүхийн эцсийн шийдвэр гарсан учраас энэ гурван хүнийг гэм буруутай гэж үзэж байгаа. 18 жилийн дараа энэ хэрэг илэрсэн. Цаашид дахин шалгах шаардлагагүй. Хамгийн сүүлд Б.Булганы өгсөн мэдүүлэгт хэрэг бүртгэл нээгээд шалгаж байгаа” гэсэн байдаг.
Мөн ТЕГ-ын дарга Б.Хурц 2017 оны аравдугаар сарын 26-нд “Хууль зүйн сайд Ц.Нямдорж С.Зоригийг хөнөөсөн хэргийн талаар нэлээд ярьж байна. Тиймээс бид энэ асуудалтай холбогдуулж тодорхой мэдээлэл өгөх нь зөв гэж үзлээ. Ц.Нямдорж гэдэг хүн сайд болох бүртээ энэ хэргийг шалгах Ажлын хэсгийг өөрчилж, нийт дөрвөн удаа тараасан байдаг. Ажлын хэсэгт ажиллаж байсан 32 албан хаагчийг сольсон. Одоо бас сайд болонгуут дахиад энэ хэрэг рүү орж байна. Аюулгүйн зөвлөлөөс гарсан зөвлөмжид энэ хэргийн ажлын хэсэгт мэргэжлийн алба хаагчид тогтвортой ажиллах ёстой гэж заасан байдаг. Улс төрийн болон бусад зорилгоор Цэндийн Нямдорж энэ хэрэгт нөлөөлж байна” гэж байв.
Энэ хэргийг дээрх гурван хүнд тохохын тулд тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынхан, прокурор, шүүхийхэн ажиллаж “эрүүдэн шүүсэн” гэдгийг хаа хаанаа ярьж байгаа. Тэгвэл энэ хэрэг илэрсэн, алуурчдад нь ял оноосон гэх тухайн үед ЦЕГ-ын даргаар Р.Чингис, ТЕГ-ын даргаар Б.Хурц, ШШГЕГ-ын даргаар Б.Билэгт, Улсын ерөнхий прокуророор М.Энх-Амгалан, Дээд шүүхийн ерөнхий шүүгчээр Ц.Зориг нар ажиллаж байжээ. Хэргийн жинхэнэ сэжүүр хааш эргэхийг мэдэхгүй ч эдгээр хүмүүс “зохиомол сэжүүр” үүсгэсэн гэдэг нь зөвхөн “эрүүдэн шүүсэн” бичлэгээс нотлогдож байгаа юм.
Сэтгэгдэл ( 4 )
Olon niited yzyylex ni zov niigem dorgixdoo bish niigemd yu bolood baigaag,yu bolj baisaniig tsaashid yu boloxiig ard tymen medex estoi.Setgyylchid yzsen xirnee yagaad temtslee tsaashid yzeg tsaasaa niilyylj temtsexgyi baigaag oilgoxgyi l baina.
Хурц Элбэгдорж Батуул нарыг одоо буудсанч болохоор хэрэг хиисэн шуу
Хурц Элбэгдорж Батуул нарыг одоо буудсанч болохоор хэрэг хиисэн шуу
Болдыг ийм овилгогүй гэж бодсонгүй. Нийгмээ бужигнуулж яах гээд байгаа дурак вэ? Мөрөөрөө улс төрөө хийгээд явж чадахгүй байгаа юм уу...