Баянхонгор аймгийн 95 жилийн түүхтэй Номундалай цогцолбор сургуулийн шинэ барилгын ажил өнөөдөр /2019.06.03/ шаваа тавьсанаар эхэллээ. Баянхонгор аймаг түйн голын эрэгт, Номгон хайрханы өвөрт нүүж ирэхтэй зэрэгцэн 1961 онд тус сургуулийн барилгын суурь тавигдсан бөгөөд 1964 онд ашиглалтад орсон байдаг.
Тус сургуулийн 55 жилийн түүхтэй барилгад сүүлийн жилүүдэд суулт, нуралт зэрэг олон эвдрэл гэмтэл үүсч улмаар мэргэжлийн байгууллагаас ашиглаж болохгүй гэсэн дүгнэлт удаа дараа гарч байжээ. Иймээс хүүхэд багачуудын эрүүл аюулгүй байдалд бүхий л талаас анхаарч орон нутгийн удирдлага, УИХ-ын гишүүдийн дэмжлэгтэйгээр сургуулийн барилгын ажлыг ийнхүү эхлүүллээ. Сургуулийн шинэ барилга биеийн тамирын талбайд сүндэрлэн босох бол барилга ашиглалтад орсоны дараагаар хуучин барилгыг нурааж тэр орчныг стандарт байдлаар тохижуулан биеийн тамирын талбай болгох юм байна.
Номундалай шинэ сургуулийг улсын төсвийн 6,5 тэрбум /энэ оны батлагдсан төсөв/ төгрөгийн өртгөөр “Хаш гоёо” ХХК барьж гүйцэтгэх бөгөөд шав тавих ёслолын үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч М.Мөнхбат тэргүүтэй орон нутгийн удирдлага, тус сургуулийн хамт олон хүүхэд багачууд оролцов.
Шинэ сургуулийн хувьд орчин үеийн стандарт шийдэл бүхий 1200 хүүхдийн гурван давхар цогцолбор барилга байх бөгөөд нийт 9000 гаруй метр кв талбайг эзэлнэ. Дотроо хоёр спорт заал, урлагийн заал, стандарт гал тогоо, зоогийн газартай байх зэргээр орчин үеийн шийдлээр зураг төсөв хийгджээ. Энэхүү зураг төсвийн дагуу барилгын бүх гүйцэтгэл явагдах ба гүйцэтгэгч компанийн зүгээс нэг жилийн дараа буюу 2020 оны зургаадугаар сарын 1-нд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэйгөөр өнөөдрөөс ийнхүү ажлаа эхлүүллээ.
Сэтгэгдэл ( 0 )