Дипломат ажилтнууд эх орныхоо нэр хүндийг сэвтээж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 07

Хар тамхины хэргээр дипломат ажилтнууд саатуулагдав. Дахиад л. Сүүлийн гурван жилд гурван ч удаа Монголын дипломат албаны нэр хүндэд сэв суув. Хамгийн сүүлийнх нь олны анхаарлын төвд ороод байна. Истанбул дахь Ерөнхий консулын газрын нэг дипломат ажилтан, нэг жолооч бүтэн 70 килограмм хар тамхийг “Мерседес бенз” машиндаа тээвэрлэж яваад Дрезден хотод саатуулагджээ.

Европын холбооны ихэнх улс хар тамхи тээвэрлэсэн тохиолдолд 2-15 жилийн хорих ял оноодог хуультай. Гэтэл тэд зохион байгуулалтад орсон байгууллага шиг 70 килограммыг тээж яваад ийнхүү баригдлаа. Истанбулын Ерөнхий консулын ажилтан чухам ямар учраас ХБНГУ-д явж байв, ийм их хар тамхийг ямар шугамаар, яаж олж авсан бэ гэдгийг тогтоохоор яг одоо ажиллаж байгаа аж. Ингэхэд тэднийг гэнэт баривчилсан зүйл биш. Хоёр, гурван жилийн өмнөөс Монголын тагнуулынхны хараанд өртсөн байна. Истанбулын Консулын газрын ажилтан хэд, хэдэн удаа хил гарч сэжигтэй үйлдэл хийж байсан тул тагнуулын байгууллага, Гадаад харилцааны яам хамтран гүйцэтгэх ажиллагаа явуулж байсан аж. Улмаар Европын холбоотой хамтран мөрдөн шалгах ажиллагаа зохион байгуулжээ.

Дипломат албаны нэр хүнд, монгол төрийн нэр хүнд олон улсад ийнхүү сэвтэж байна. ХБНГУ-ын Хил хамгаалах газрынхан шалгах явцад сэжигтнүүдийн машинаас 500 граммын жинтэй, 140 боодол хар тамхи илэрсэн байна. Эдийн засгийн хэмжүүрээр нь үзвэл гурван сая евротой тэнцэх хар тамхи тэдний машинд байсан гэсэн үг.

"Хар тамхины хэрэгт холбогдсон этгээд Истанбул дахь Ерөнхий консулын газарт чухал албан тушаал хашдаг нь үнэн. Гэхдээ яг энэ тохиолдолд суугаа улсын хууль тогтоомжийг зөрчсөн бол тухайн Консулын газрын асуудал болдог юм. Консулын чиглэлээр бид ажлаа хийж байгаа. Ямар нэгэн байдлаар мэдээллийг нуун дарагдуулах зүйл байхгүй. Чухам ямар учраас Истанбулын консулын газрын ажилтан Германд ажиллаж байсан талаар шалгаж байна" гэж Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг ярьсан юм. Монгол төрийн алтан жолоог харийн нутагт атган, олон улсад нэр хүндээ өргөж, цэвэр шударга ажиллах ёстой дипломат албаны нэр хүнд сүүлийн гурван жилд гурван удаа сэвтсэн нь тоохгүй орхих зүйл гэж үү.

Одоогоос гурван жилийн өмнө ОХУ-ын Буриад улсад суугаа консулын газрын ажилтан “Z” нэртэй шөнийн цэнгээний газар согтолтын зэрэг өндөр байхдаа хоёр ч хүнд гар хүрч хэдэн сар саатуулагдаж байлаа. Улаан-Үдийн танхайн хэрэг намжаад удаагүй байтал 2017 оны дөрөвдүгээр сард дипломат паспорттай Монголын иргэн Украин-Унгарын хилийн Лужанка боомт дээр саатуулагдав. Хэрэгт холбогдсон этгээд Д00000949 дугаарын дипломат паспорттай О.Лхагвацэрэн нь дипломат албаны машинд хууль бус тамхи тээвэрлэж байгаад баригдсан байдаг. Тухайн үедээ О.Лхагвацэрэн нь дипломат паспорттай байсан ч дипломат албаны ажилтан биш гэдгийг Гадаад харилцааны яамнаас мэдээлж байлаа. Харин Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа ТЗ-14-3 зэрэглэлд хамаарах дипломат паспорт авч байжээ. “Дипломат ажилтны нэр төрийг өндөрт өргөн, өргөсөн тангарагтаа үнэнч байж, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд мөрдөн эх орныхоо эрх ашгийг дээдлэн төр, засгийн албан ёсны байр суурьт нийцсэн үйл ажиллагаа явуулах” гэж Дипломат ажилтны сахилгын тухай дүрмийн 3.1.1.т заасан байдаг. Олон улсын тавцанд нэр хүндээ өргөх ёстой энэ хариуцлагатай алба болчимгүй үйлдэл гаргасан ганц нэгхэн хүний үйлдэл, эс үйлдлээс болж сэвтэх ёсгүй.

Тиймгүй байхын тулд Дипломат албаны тангаргаа, төрийн албан хаагчийн тангарагтай хамт өргөн үүрэгт ажилдаа ордог. Европын холбооны нэг улсад ийм алдаа гаргасан бол цаашид бусад улсууд Монголын дипломат ажилтны талаар таагүй сэтгэгдэлтэй болно. Япон, Тайланд, Энэтхэг зэрэг азийн бусад улсад энэ мэт алдаа гаргавал дипломат болон төрийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасаж, 20-30 жилийн хорих ял оноох хууль эрх зүйн зохицуулалттай байдаг. Харин Монгол Улсад дипломат албанаас нь халах бөгөөд сахилгын шийтгэл оноосон бол эрүүгийн болон бусад хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж журамласан байдаг. Журам хэдийгээр есөн жилийн өмнө батлагдсан ч сүүлийн гурван жил гарсан энэ мэт асуудлыг зохицуулж чадахгүй байгаа юм. Дипломат албаны нэр хүнд цаашид хэдэн жил энэ мэт үйлдлээр сэвтсээр байх вэ?

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(64.119.25.155) 2019 оны 06 сарын 09

Төрийн чухал албанд ажиллах ажилтанаа төр нь биш төрийн эрхийг булааж авсан нам-тэр намын өнгө мөнгөнийхөн төрд томилогдож төрийн нэрийг сэвтээж байгаа нь үнэн,одоо ер нь монголд үнэн юм,шудрага юм,хууль ёс гэж байгаа юм уу?

0  |  0
Zochin (109.89.138.79) 2019 оны 06 сарын 08

Diplomat nertei xar tamxinii naimaachid l baina shyy dee !

0  |  0
Zochin(94.2.165.100) 2019 оны 06 сарын 07

Yu vee mongold ni yal edluulehiig sudalj bn gene end avchirval yag yal edelj haragdaachee araibl denduu yumaa.Omno ni hichneen ch udaa yu ch hiisen yum shalgalj baridaggui l bsn bizdee. Gadaad yavdkiin yam boliosoi

0  |  0
Уншигя(80.42.116.202) 2019 оны 06 сарын 07

Мөнгөний төлөө юу ч хийхэд бэлэн амьсгаанууд төрийн дээд албан тушаалд заларч бдагийн нотолгоо энэ дээ..,

0  |  0
Mongol(202.126.89.216) 2019 оны 06 сарын 07

MANduulj b a da! MANduulj b a da!

0  |  0
Зочин(64.119.22.87) 2019 оны 06 сарын 07

Улсын нэр бузарласан амьтдыг амьд байлгах хэрэггүй дээ.

1  |  0
Top