Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн нярайн их эмч Х.Оюун-Эрдэнэ 2018 оны аравдугаар сараас эхлэн сурфактант эмчилгээг орон нутагтаа шинээр нэвтрүүлж амьсгал хямралын хам шинжтэй дутуу төрсөн зургаан нярайд амжилттай хийж, амийг нь аварчээ. Шинэ эмчилгээг нутагтаа буй болгосноор энэ оны эхний таван сарын байдлаар нярайн эндэгдлийг өмнөх оноос 4.7 хувиар, улс аймгуудын дунджаас дөрвөн хувиар бууруулсан үр дүн гарчээ.
Дээрх эмчилгээ нь өртөг өндөртэй бөгөөд зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт үзүүлж, иргэдээс ямар нэгэн төлбөр авахгүй хийх боломжтой аж. Мөн дутуу төрсөн нярайн хамгийн эрт үеийн хүндрэл буюу төрсний дараа шууд үүсдэг эмгэгийн нэг нь амьсгал хямралын хам шинж юм. Сурфактант эмчилгээ нь дээрх хүндрэлээс сэргийлэх төдийгүй дутуу нярайн амьдралын чанарыг сайжруулах, орчин үеийн эмчилгээний нэг хэлбэр ажээ.
Сэтгэгдэл ( 0 )