Увс аймгийн Засаг даргыг хууль биелүүлэхийг шаардлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 18

Увс аймгийн Бөхмөрөн сумын иргэд болон “Гулзатын санаачилга” Төрийн бус байгууллагаас тус аймгийн Засаг дарга Д.Батсайханыг хууль бус үйлдэл хийсэн хэмээн өчигдөр  /2019.06.19/ мэдээлэл хийлээ.

“Гулзатын санаачилга” ТББ-ын хариуцаж байсан Агнуурын бүс нутгийн менежментийг Аймгийн Засаг дарга Д.Батсайханы 2017 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн захирамжаар өөр байгууллагад шилжүүлсэн байна. Гэвч Аймгийн Засаг дарга нь тус захирамждаа “Гулзатын санаачилга” ТББ нь ямар учраас орон нутгийн хамгаалалттай газрын Агнуурын бүс нутгийн менежментийг хариуцах боломжгүй болсон, ямар хууль тогтоомж зөрчсөнийг тодорхойлоогүй аж. Харин аймгийн Засаг дарга дээрх ТББ-ын хариуцаж байсан Агнуурын бүс нутгийн менежментийг ойролцоо нэртэй “Гулзатын нөхөрлөлүүдийн холбоо” ТББ-д хариуцуулсан байна.

“Гулзатын санаачлага” ТББ-ын гүйцэтгэх захирал Н.Хүрэлбаатар “Манай байгууллага 2013 онд нэг жилээр, 2015 оноос БОАЖЯ-тай хамтарч ажиллах 10 жилийн менежмент төлөвлөгөөг батлуулан үйл ажиллагаагаа явуулж байтал 2016 онд аймгийн орлогч даргаас “Н.Барссүрэн гэх хүнийг манай ТББ-ын дарга болго” гэсэн бичиг ирсэн. Манай дотоод дүрэмд тийм журам байхгүй гэхэд үйл ажиллагааг  маань цуцалсан. Шат шатны шүүхийн шийдвэр гарсаар байхад удалгүй дахин цуцалж байна. Хуулийг хэрэгжүүлж өгөхийг бид хүсэж байна” гэлээ. “Гулзатын санаачилга” ТББ-ын Агнуурын бүс нутгийн менежментийг хариуцахыг цуцалсан аймгийн Засаг даргын шийдвэрийг гурван ч шатны шүүхээс үндэслэлгүй гэж үзсэн тул хууль биелүүлж ажиллахыг иргэд, ТББ-ынхан шаардаж буйгаа илэрхийллээ.

 Н.Халиунаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top