Ц.Баатархүү: Ажлаа мэддэг хүнгүй, менежмент хийх баггүй болсон

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 20

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Сүүлийн нэг сарын хугацаанд нийслэлд хийх бүтээн байгуулалтын ажил зогссон гэж танай бүлгээс мэдээлсэн. Бүтээн байгуулалтын ажил юунаас болж зогсчихоод байгаа юм бэ?

-Нийслэлийн төсөв 12 дугаар сарын 05-ны өдрийн дотор батлагддаг. Өөрөөр хэлбэл, арванхоёрдугаар сарын 06-наас батлагдсан төсвийн дагуу бэлтгэл ажлууд хийгдээд 2-4 сард бүх тендер зарлагдаж, ажлууд эхэлсэн байдаг. Харин энэ хаваржин албан тушаалын өөрчлөлт хийсээр байтал үндсэн ажлууд нь хойшлогдчихсон. Одоо зургаадугаар сар болоод жил дундаа орчихоод байхад төсвийн задаргааг ч хийгээгүй байна. Төрийн алба ажлаа мэддэг хүмүүсгүй, менежмент хийх баггүй болсон байна. Шинээр томилогдсон нөхдүүд ажил руугаа орох гэж цаг хугацаа алдаж байна. Ер нь байгууллагад халаа сэлгээ хийх шаардлага байлгүй л яахав. Гэхдээ халаа сэлгээ хийхдээ үндсэн ажлаа явуулах системийг нь устгахгүйгээр цус сэлбэх байдлаар сэлгээ хийвэл ингэж ажил зогсохгүй байх. Хэтэрхий бодлогогүй хандаж, хэрэгтэй хүмүүсээ ажиллуулж чадахгүй байна.

-Ойрын хэдэн өдөр орсон бороо Нийслэлээс хийсэн ажлуудын чанарыг шалгасан гэж хэлж болох байх. 700 саяын үнэтэй гээд байгаа шар хашлага ямар учиртай юм бэ. Энэ талаар төлөөлөгчид ямар нэгэн мэдээлэлтэй байсан уу. Энэ мэт төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулаад байгаа ажилд төлөөлөгчид хяналт тавих боломж байдаггүй юм уу?

-Нийслэлийн төсвийн орлогын 90 гаруй хувийг иргэдийн төлсөн татвар эзэлдэг. Өөрөөр хэлбэл иргэд маань нийслэлдээ сайхан амьдрахын тулд татвараа хангалттай төлж байна. Тийм учраас иргэдийнхээ амьдрах орчны тохижилтыг сайжруулах хэрэгцээ их бий. НИТХ-аар хот тохижилтын зардлыг эрс нэмэгдүүлж 40 тэрбум төгрөг болгож баталсан. Гэтэл баталсан төсөв нь энэ мэт хашаа хайс мэтийн үр ашиггүй, тооцоо судалгаагүй ажил болж хувираад байна. Хотын удирдлагад сэтгэл дутсаных гэж үзэж байна. Энэ мэт асуудалд төлөөлөгчид иргэний төлөөллийн хувьд хяналт болж ажиллах учиртай. Төсвийн задаргааг нэг бүрчлэн үзэх бодолтой байна.

-Мод ургуулах амар ажил биш гэж та хэлж байсан. Хорооныхоо иргэдтэй хамтарч хэчнээн мод тарив. Цаашид ургуулах, арчлах гээд олон ажил бий шүү дээ?

-Хорооныхоо 200 гаруй айлын хашаанд тав, таван мод тарьсан. Багагүй ажил болдог юм билээ. Олон хүнтэй баг амралтын хоёр өдөр явж тарьсан. Тарьсан модоо ургуулахын тулд гурван жилийн арчилгаа шаардах юм билээ.

-Нийслэлд тулгамдаад буй гурван чухал асуудлыг нэрлээч. Таныхаар тэдгээр асуудлуудыг хэрхэн шийдвэрлэвэл зүйтэй бол?

-Нэгдүгээрт, Засаглал, эрхзүйн орчны асуудал. Төсвийн мөнгө боломжийн ч төр хувийн хэвшил, судалгаа шинжилгээний хамтын ажиллагаагүйгээр юуг ч шийдэхгүй. Хотууд бие даан эдийн засаг, санхүүгийн шийдвэр гаргаж чадахгүй, Сангийн яамны төсөв бүрдүүлэгч аймаг хэвээрээ байвал Нийслэлийн асуудал шийдэгдэхгүй. Хоёрдугаарт, Ажлын байрны хомсдол. Ажлын байрыг хувийн хэвшил бий болгодог. Үүний тулд нэг удаагийн хөнгөлөлттэй зээл биш тасралтгүй уялдаатай бодлогоор хувийн хэвшлийг дэмжих нь чухал. Гуравдугаарт, Агаар, орчны бохирдол. Энэ шийдэлтэй асуудал. Мэдээж өртөг өндөртэй, Гэхдээ шийдэхээс өөр арга байхгүй.

-Цаашид таны хийхээр төлөвлөж буй ажлууд юу байгаа вэ. Залуу хүний хувьд зорьсон, хийхийг хүссэн ажил, очихыг хүссэн өндөрлөг бий байх?

-Монголд олон зүйлийг эрс өөрчлөх цаг болсон. Төрийн реформ хийх хэрэгтэй. Бие биедээ албан тушаал бэлэглэдэг, өв залгамжлуулдаг тогтолцоог өөрчилнө. Зарим иргэд нь хуулийн хүрээнд, зарим нь хуулиас гадуур амьдардагийг өөрчлөхийн төлөө явна. Бодит шийдлүүд үр дүн чухал байна. Цаашид ажлаараа, үр дүнгээрээ харуулья л гэж боддог.

-Танай нам дотор үүссэн асуудлууд нэлээн бий. Их хурлын сонгууль юу юугүй хаяанд ирчихсэн байгаа энэ үед дотоодын зөрчлөө дарах, эвлэлдэн нэгдэх асуудал илүү чухал байх. Энэ тал дээр таны байр суурь ямар байгаа бол?

-Нам нэг даргыг тойрч нэгдэх утгагүй. Дарга нараа дагаж задрах ч хэрэггүй. Үнэт зүйлс, зарчмаа тойрч нэгдэх нэгдэл л чухал. Бодлого, шийдлээ олон нийтэд танилцуулах цаг болсон. Ардчилсан нам хүлээх хэрэггүй. Хөгжлийг манлайлах хурд чухал байна. 

-2020 оны сонгуулийг та юу гэж харж байна?

-Эрх баригчид өөрсдөдөө ашигтай сонгуулийн хууль батлахын төлөө тэмцэх байх. Тэд олон түмэнд биш сонгуулийн тогтолцооны сул талыг ашиглан ялахаа бодож байна. Мэдээж иргэд, олон түмэн харин хэн нь хэн бэ гэдгийг ялгасан сонгууль болно гэж итгэж байна.

-Та тун саяхан төлөөлдөг хорооны иргэдтэйгээ уулзаж, хийсэн ажлаа танилцуулсан. Иргэд хэрхэн хүлээж авсан бэ?

-Иргэд тайлангийн уулзалтад идэвхтэй оролцсон. Нийслэлийн удирдлагаас хоосон лоозон биш бодит үр дүн хүсэж байгаагаа дамжуулсан. Дарга нар ажил санаачлаад асуудал нэмчихээд байна. Үүний оронд юу ч хийхгүй байсан нь дээр гэх хүмүүс ч байсан. Ер нь хаа хаанаа улс төрийн намууд, төр засгийн байгууллагуудад итгэх итгэл суларсан нь илт байна.

-Иргэдийн хуралд төлөөллөөр орж ирснээсээ хойш таны хийж гүйцэтгэсэн, шийдвэрлүүлсэн томоохон ажлууд юу байв?

-Нийслэл хотын асуудалд сургаар биш, судалгаа шинжилгээтэй хандахыг хичээн ажиллаж байгаа. Тэгэж байж төрийн шийдвэр гал унтраах биш, гарц гаргалгаа болж чадна. Хоёрдугаарт, зөвхөн сонгогдсон хороо дүүргийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудаас гадна Нийтийн тээврийн төлбөр тооцоог цахим болгох ажлын хэсгийг ахлан ажиллалаа. Хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр дундын тээврийн тогтолцоог нэвтрүүлэхээр ажиллаж байна. Хөрс орчны бохирдлыг бууруулахын тулд “Өрх бүр-5” мод төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

-Иргэд өөрсдөд тулгамдаж буй асуудлуудаа уулзалтын үеэр ярьсан байх. Гол асуудлууд нь юу байна. Ер нь таны төлөөлдөг хороодын амьдралын боломж, ахуй хэр байгаа вэ?

-Иргэд гэр хорооллын дахин төлөвлөлт удааширч байгаад, шахмал түлшний чанар муу байгаад, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдөр бүр өсч байгаад сэтгэл дундуур байна. Иргэдийн дийлэнх нь зээлийн хүүний дарамтад ажиллаж, амьдарч байна. Үлдсэн хэсэг нь зээл шаардлагагүйдээ биш, зээл авах нөхцөл боломжгүй учраас зээл авч чадахгүй байгаа нь харагддаг. Уг нь улсын бодлого ард иргэдээ баялагтай, хадгаламжтай болгох байтал зээлтэй, тэр нь дэндүү өндөр хүүтэй тогтолцоо бүрдүүлчихээд засаж сайжруулж дөнгөхгүй байгаа нь үе үеийн удирдлагуудын л алдаа шүү дээ. Үүнийг бид өөрчлөх цаг болсон. 

-Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан ажлын 100 хоногоо танилцууллаа. Ажлыг нь НИТХ-ын АН-ын бүлэг хангалтгүй гэж үзсэн. Яагаад тэгж үзэх болов? 

-Эхний 100 хоногт яаж ажилласнаар нь тухайн дарга ямар бодлого чиглэл баримталж ажиллах вэ гэдэг итгэл төрдөг шүү дээ. С.Амарсайхан НИТХ-ын даргаар ажиллаж байсан хүн учраас шууд нийслэлийн ажил руу орох байх гэсэн их хүлээлттэй байсан нь үнэн. Гэтэл их санасан газар есөн шөнө хоосон гэгчээр Нийслэлийн Засаг даргын ажлаа хүлээн авснаас хойш захиргааны зардлаа нэг тэрбумаар нэмэгдүүлж, бүтцийн өөрчлөлт, халаа сэлгээ л хийлээ. Одоогоор Засаг дарга зургаан орлогчтой, гурван зөвлөхтэй, шуурхай ажлын албаны даргатай, нийт 68 орон тоогоор бүтцээ нэмэгдүүлэн ажиллаж байна. Хотын захиргааны нэг хэлтсийн дарга дээрээ 12 даргатай болсон, ажил гацсан байдалтай байна. Даргын томилгооноос болоод агентлагийн дарга нар нь зургаан сар үр дүнгийн гэрээгээ ч байгуулаагүй. Энэ хугацаанд иргэнд дарамтыг нь багасгасан, иргэнд ээлтэй шийдсэн ямар ажил байна вэ гээд хайгаад ч олоогүй. Ийм дампуу байдалтай байгааг сөрөг хүчин зүгээр хараад сууж болохгүй биз дээ.

-Хотын иргэдийг цэвэр усаар хангадаг Туул гол хүнд нөхцөлд байна. Үүний гол буруутан нь Нийслэлийн Засаг дарга болон түүний ахын компани гэж яригддаг. Энэ асуудал дээр НИТХ дахь танай бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?

-Хотын даргын ахын нэр дээрх компани Туул голын бургасыг хядаж, 13 тэрбум төгрөгийн хохирол учруулсныг Байгаль орчны сайд нь өөрөө мэдэгдчихээд байхад хариуцлагын тухай авч хэлэлцэхгүй байгаа нь их ноцтой асуудал юм. НИТХ дахь АН-ын бүлэг энэ асуудлаар холбогдох этгээдүүдэд хариуцлага тооцуулахаар Монгол Улсын Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн. Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас албан бичгийн хариу өгөөгүй. Хуулийг хэрэгжүүлэх ёстой Гүйцэтгэх засаглал өөрөө наанадаж албан бичгийн ийм соёлгүй байхад хариуцлага нэхээд нэмэргүй байна даа. Байгаль орчныг доройтуулж, 13 тэрбум төгрөгийн хохирол учруулна гэдэг зөвхөн мөнгөөр хэмжигдэх хохирол биш шүү дээ. Түүнийг нөхөн сэргээлээ гэхэд анхны байдлаа эргэж олох хүртэл багадаа 150 жил зарцуулах судалгаа байдаг юм билээ.

-“Тианжин фүүдс” компанид 50 га газар олгож өгөөч гэсэн хүсэлтийг Нийслэлийн Засаг дарга НИТХ-ын хуралдаанд оруулсан ч хүлээж аваагүй гэсэн. Тухайн үед нөхцөл байдал ямар байсан бэ. Төлөөлөгчид уг асуудлыг хэрхэн хүлээж авсан бол?

-НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар энэ асуудлыг оруулж танилцуулаад Тэргүүлэгчид тухайн үед хүлээн аваагүй юм билээ. Тэргүүлэгчид хүлээн аваагүй, эрх өгөөгүй байхад Засаг дарга дураараа бичиг явуулсан нь өөрөө асуудал.  Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын шийдвэргүйгээр Засаг дарга ажил явуулах хууль эрх зүйн үндэс байхгүй. Үүнийг Засаг дарга мэдэхгүйдээ биш, зориуд 50 га газрыг олгох гэж нууцаар бэлтгүүлсэн хэрэг болов уу гэж бодож байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ходд(115.195.38.109) 2019 оны 06 сарын 24

Чи муу ийм юм гуцаад хуцаад байвал дараагийн Сонгуулиар засагмдарга болчино гэж зүүдлээд байгаа бол ацанд чинь үмхий баас аманд чинь өгжирсөн шүд байглгүй дээ хө

0  |  0
Бат(202.9.42.138) 2019 оны 06 сарын 22

Одоо монгол улс хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо

0  |  0
matilda(41.138.91.137) 2019 оны 06 сарын 21

Сайн уу, ээж ээ И-мэйл: matildalecoustre@gmail.com* Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * - 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * * - имэйл: matildalecoustre@gmail.com* wathsapp: 0022 995 414 913

0  |  0
matilda(197.234.221.188) 2019 оны 06 сарын 20

✔ Сайн уу, эрхэм ✔ И-мэйл:

0  |  0
гунгаа(183.177.100.210) 2019 оны 06 сарын 23

энэ мэдрэл залууд өөр хийх юм байхгүй юм байх даа. дандаа хар юм ярьдаг хүн хог

0  |  1
Дамиран(202.131.245.14) 2019 оны 06 сарын 20

AN ch bas deerdede baikh zuilgui.gehdee bas ene nukhriin helsen bas unen...bukhel buten 4 hunii altan ami ersdeed baikhad USUG iin darga bolovsrolgui,gazryn naimaachin Turkhuug tolgoig n ileed suuj baigaag unekheer gaihaj bna.unekheer mergejliin yamarch ur chadvargui humuuseer gazar,heltsuudee udirduulaad l ...

0  |  0
zochin(64.119.20.207) 2019 оны 06 сарын 23

ODOO ENE AN-YN DURAKUUDYG KHARAKHAAR DURGUY KHURDEG BOLCHIKHOJEE

0  |  1
zochin(64.119.20.207) 2019 оны 06 сарын 23

ODOO ENE AN-YN DURAKUUDYG KHARAKHAAR DURGUY KHURDEG BOLCHIKHOJEE

0  |  1
зочин(203.91.116.118) 2019 оны 06 сарын 20

АН гэж бүхнийг харлуулж, хойшлуулж, сүйтгэж байвал болоо ш дээ, АН-ын үед хотын иргэдийн мөнгийг хогний уут , шээдэг гүүр, 1 наст цэцэг гээд баахан хулгай хийгээ биз дээ, Иргэд бид мартаагүй л байна,,,Хотын дарга гэж нэг эргүү амьтан хүүхэдтэйгээ нийлж олон айлыг орон гэргүй болгоо бизд ээ

0  |  0
Top