Энэ оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 89 хэрэгт 186 хүн холбогджээ. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль ёсны эргэлт, шуудан илгээмж, хууль бус наймаа, урьдчилан сэргийлэх тал дээр Цагдаагийн Ерөнхий газар /ЦЕГ/ онцгой анхаарал хандуулан ажиллаж байгааг өнөөдөр /2019.06.20/ ЦЕГ-аас хийсэн мэдээллийн үеэр онцлов.
2019 он гарснаас хойшхи хугацаанд улсын хилээр нэвтэрсэн 16, худалдсан 16, хадгалсан 65, санаатай бүлэглэж үйлдсэн 12 хэрэг тус тус илэрчээ. Үүн дээр тарьж ургуулсан зэрэг бусад үйлдлүүд нэмэгдэнэ.
Орон нутгийн хэмжээнд өнгөрсөн зургаан сард Орхон аймагт долоо, Сэлэнгэ, Булган, Төв, Дорнод, Өмнөговь аймгуудад тус бүр нэг гэмт хэрэг илэрсэн бол гадаад улсын долоон иргэн энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон нь Герман, АНУ, Испани, Франц, Энэтхэг, улсуудаас иржээ. Цагдаагийн байгууллага хэрэг илрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Улаанбаатар хот дахь эмийн сан болон, эм ханган нийлүүлэх төвүүдэд гэнэтийн шалгалт хийхэд мансууруулах төрлийн бодисын орлого, зарлага тодорхой бус, хуурамч жороор худалдаалсан, сэтгэцэд нөлөөт эмийг дутаасан зэрэг гэмт хэргийн шинжтэй 17, зөрчлийн шинжтэй 76 үйлдэл илэрснийг холбогдох байгууллагууд шалгаж байгаа.
Хар тамхитай холбоотой гэмт хэрэгт холбогдогчдын 54,2 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй бол боловсролын байдлаар авч үзвэл 23,4 хувь нь дээд, 67,5 хувь нь бүрэн дунд боловсролтой байжээ. Мөн хар тамхи хэрэглэгчдийн 4.7 хувь насанд хүрээгүй хүүхдүүд, 86 хувь нь 19-35 насны залуучууд эзэлжээ.
А.ЗОЛЗАЯА
Сэтгэгдэл ( 1 )
✔ Сайн уу, эрхэм ✔ И-мэйл: