Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдах шаардлагатай хүнд зориулсан асаргааны үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, асрагч, асруулагчид тулгамдаж буй асуудал, хэрэгцээ шаардлагыг сонсох, шийдвэрлэх арга замыг хэлэлцэх зорилготой "Асаргааны хэрэгцээ ба шийдэл" оролцогч талуудын хэлэлцүүлэг энэ сарын 24-нд болно.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “АДРА Монгол” олон улсын байгууллагаас хамтран зохион байгуулж буй уг хэлэлцүүлгээр нийгмийн халамж, асрамжийн талаар төрөөс баримталж буй бодлого, тэргүүлэх чиглэл, эрх зүйн орчин, түүний хэрэгжилтийн талаар мэдээлэл хүргэж, БНСУ-ын асаргааны тогтолцооны тухай туршлага хуваалцана.
Мөн нийслэлийн гурван дүүргийн 60 өрх, нийгмийн халамжийн мэргэжилтнүүд, асаргааны үйлчилгээ үзүүлдэг төрийн болон төрийн бус байгууллагын дунд явуулсан асаргааны хэрэгцээний тандалт судалгааны үр дүн, "Улаанбаатар хотын зорилтот бүлэгт чиглэсэн асаргааны үйлчилгээг хөгжүүлэх" төслийн үзэл баримтлалыг танилцуулж, хэлэлцүүлэгт оролцогчдоос санал авах юм.
Хэлэлцүүлэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн нийгмийн халамжийн газар, Монголын ахмадын холбоо, Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний холбоо, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн холбоо зэрэг төрийн байгууллага болон төрийн бус байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сан, Японы олон улсын хамтын ажиллагааны агентлаг, АДРА Солонгос зэрэг олон улсын байгууллага, асаргааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газрууд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдаж буй хүн, тэдгээрийн асрагчид оролцоно.
“АДРА Монгол” олон улсын байгууллага нь 25 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй хүмүүнлэг, туслалцааны агентлаг. Бид боловсрол, эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, эдийн засгийг дэмжих, гамшгийн менежмент зэрэг чиглэлээр ажилладаг. Өнгөрсөн хугацаанд нийгмийн сайн сайхны төлөө 200 орчим төслийг үр дүнтэй хэрэгжүүлээд байна.
Сэтгэгдэл ( 1 )
Mongold huuhduud ni gadaad garaad yavchihsan heden hogshid uldeed bn.Uhehiin yed orgoj asrah baiguullaga tor zasgiin halamj anhaaral shaardaj bn.Iimd asramjiin hongovfhloh emchilgeenii gazruudiig olnoor baiguulmaar bn