Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Үндэсний Зөвлөл, Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам, Монголын Хүнсчдийн Холбоо, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран Хүнсний салбарын сүлжээний бүхий л оролцогчдыг хамарсан “Хүнсний аюулгүй байдал, хангамж” сэдэвт “Хүнсчдийн онц чуулган”-ыг зохион байгууллаа. Чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн биеэр оролцсоноос гадна боловсрол, эрдэм шинжилгээ судалгааны байгууллагууд, 17 мэргэжлийн холбоод, хөдөө орон нутгаас 21 аймгийн 60 гаруй төлөөлөгч, Монголын хүсчдийн холбооны гишүүн 100 гаруй хүнс үйлдвэрлэгчдийн төлөөлөл оролцсон юм. Чуулганаар Монгол Улсын Хүнсний аюулгүй байдал, хангамжийн өнөөгийн түвшин, Хүнсний салбарт тулгамдаж буй асуудал, Хүнсний салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга зам гэсэн гурван үндсэн агуулгаар чуулж байна.
Энэхүү чуулганыг угтан Хүнсний сүлжээнд оролцогч төрийн болон төрийн бус байгууллагууд, хүнс, хоол үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд чиглэл бүрээрээ дахин дахин уулзаж, салбар хуралдаануудыг зохион байгуулж өөрсдийн салбарын өнөөгийн байдал, түвшингээ тодорхойлон, тулгамдаад байгаа асуудлаа гаргаж, энэхүү тулгамдаад байгаа асуудлаа шийдвэрлэх арга замыг тодорхойлон гаргаж ажилласан байна. Тухайлбал Монголд үйл ажиллагаа явуулж байгаа Хүнсний сүлжээнд хамаарал бүхий Төрийн бус байгууллагууд 3 удаа хуралдсан, Махны салбарынхан дөрвөн удаа, Сүүний салбарынхан гурван удаа, Гурил үйлдвэрлэгчид, тариалан эрхлэгчид хоёр удаа, Гурилан бүтээгдэхүүний салбарынхан хоёр удаа, хүнсний ногоо, жимс, жимсгэнийн салбарынхан гурван удаа, Исгэлт, амтат ундаа үйлдвэрлэлийн салбар хоёр удаа хуралдсан байна. Мөн тус хурлын зохион байгуулах ажилд зориулан төрийн болон төрийн бус байгууллага, үйлдвэрлэгчдээс бүрдсэн “Бодлого боловсруулах ажлын хэсэг” “Зохион байгуулах ажлын хэсэг” –ийг тус тус томилон ажиллажээ.
Чуулганд “Монгол Улсын Хүнс, Хөдөө аж ахуйн салбарын бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээ” сэдвээр УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн Сайд Ч.Улаан, “Монгол Улсын Хүнсний салбарын өнөөгийн байдал, тулгамдаж бай асуудлууд, шийдвэрлэх арга замууд” сэдвээр УИХ-ын гишүүн, МХХ-ны Ерөнхийлөгч Д.Тэрбишдагва, “Монголын хүн амын хүнсний бодит хэрэглээ, чиг хандлага” сэдвээр ШУТИС-ийн Үйлдвэр технологийн сургуулийн захирал, Доктор, Дэд профессор Ж.Туяацэцэг, “Хүнсний салбарын бизнес эрхлэгчид нэгдэж бизнесийн орчноо сайжруулах нь” сэдвээр МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгч О.Амартүвшин нар тус тус илтгэл хэлэлцүүллээ.
Хүнсний салбарын сүлжээнд оролцогчид сэтгэл зорилго нэгдэн хамтран чуулж Монгол Улсын Хүнсний салбарын бодлого, эрх зүйн баримт бичгүүдийн хоорондын уялдаа холбоог сайжруулах, цаашид хэрэгжүүлэх ажлын зорилго чиглэлийг тусгасан зөвлөмжийг боловсруулан Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн тамгын газар, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл, Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Мал эмнэлэгийн ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн газар гээд Монгол Улсын Хүнсний салбарын сүлжээнд оролцогч бүхий л төрийн байгууллагуудад гардуулан өглөө.
Сэтгэгдэл ( 0 )