Үндсэн хуулийн Цэцийн өнөөдрийн /2019.06.26/ дунд суудлын хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг бүхэлдээ Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хянан хэлэлцлээ. Хуралдааны явцад УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх хуулийн маргаан бүхий зохицуулалтыг боловсронгуй болгох асуудал байгааг хүлээн зөвшөөрсөн байна. Маргагч талууд харилцан ойлголцож улмаар мэдээлэл гаргагч нэр бүхий иргэн Цэцэд ирүүлсэн өөрийн мэдээллийн шаардлагаас бүхэлд нь татгалзсан тул ийнхүү маргааныг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл бүрдсэн байна гэж Цэц үзлээ.
"Үндсэн хуулийн Цэцэд иргэдээс энэхүү маргаанд холбогдох асуудлаар өмнө нь олон дахин хандаж байсан бөгөөд тэдгээрийн гол үндэслэл нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим нэр томьёо тодорхой бус, олон салаа утгаар ойлгох боломжтой, мөн хуулийн зохицуулалт хоорондоо уялдаа холбоо муу зэргээс улбаалан түүнийг хэрэгжүүлж байгаа байгууллага, эрх бүхий этгээд нөхцөл байдалд тохируулан өөр өөрөөр тайлбарлан хэрэглэснээс иргэдэд хүндрэл чирэгдэл үүсгэх, эрх ашиг, сонирхолыг нь хөндөх, хохирох явдал цөөн биш удаа гарч байгаатай холбоотой байна. Мөн хуульчийн мэргэжлийн дадлага олж авсан байдлын шалгуурыг тогтоохдоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга зэрэг албан хаагчдыг орхигдуулахгүйгээр мэргэжлийн байгууллагад дадлага, туршлага, мэдлэг олж авсан байдлыг тодорхойлоход чиглэсэн хэв хэмжээг тусгах замаар хууль тогтоомжийг боловсронгуй болгох шаардлага байгааг хууль тогтоогчийн зүгээс анхаарах нь зүйтэй байна" гэж Үндсэн хуулийн Цэцийн өнөөдрийн хуралдаанаас гаргасан магадлалд онцлон тэмдэглэсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )