Өөрийнхөө хадгаламжид хийхээр цуглуулж байсан бүх мөнгөө сагсан бөмбөгч О.Дөлгөөний эмчилгээний зардалд хандивласан бяцхан охины мэдээлэл цахим орчинд нийтлэгдэж, тэр даруйдаа олны хайр шингэсэн сэтгэгдлээр нийтэд түгжээ. “Хүүхэд багаасаа санхүүгийн боловсролтой болчихвол зүгээр гэж боддог учир хүүхдээ мөнгө хуримтлуулахыг нь дэмжин, цуглуулсан мөнгийг нь удахгүй хадгаламжийн дансанд хийх гэж байсан. Харин охин маань О.Дөлгөөн гэж тамирчин өвдөж, эмнэлэгт хэвтсэн гэдгийг ойлгож мэдээд, өөрийн цуглуулсан мөнгөө хандивлая гэж хүссэн юм. Мөн захиа бичих санаагаа ч өөрөө гаргасан. Би хажууд нь суугаад захиа бичихэд нь тусалсан” гэж түүний аав Э.Чагнаасүрэн ярив.
Сайхан сэтгэлт, бяцхан охин Ч.Удвалыг бид урьж ярилцлаа.
-Ч.Удвал хэдэн настай вэ?
-Би 7 настай.
-Аль сургуульд, хэддүгээр ангид сурдаг вэ?
-"Олонлог"академийн хоёрдугаар ангид сурдаг.
-Мөнгө хуримтлуулдаг гэсэн. Хэзээнээс цуглуулж эхэлсэн юм бэ?
-Жилийн өмнөөс мөнгө цуглуулдаг болсон. Аав, ээжийнхээ өгсөн бутархай мөнгийг амттай юм авч идэлгүй цуглуулж сурсан.
-Хуримтлал нь хэдэн төгрөг болчихсон байсан бэ?
-Би 24656 төгрөг цуглуулсан.
-Цуглуулсан мөнгөө юунд зарцуулна гэж боддог байсан бэ?
-Би ирээдүйд гадаад явж, сургуульд сурна гэж мөрөөддөг. Бас аавдаа гоё бэлэг, ээждээ авахыг хүсдэг даашинзыг нь авч өгнө гэж боддог байсан.
-О.Дөлгөөн ахынхаа хандивын аянд нэгдэж, хуримтлуулсан мөнгөө өгсөнд томчууд, олон олон ах эгч нар нь чамаар их бахархсан. Түүнийг өвдсөн гэдгийг яаж мэдсэн бэ?
-О.Дөлгөөн ах Америкт сагс тоглож байгаад өвдөж, эмнэлэгт хэвтсэн гэж аав маань надад хэлсэн. Тэгээд би өрөвдөөд, хадгаламждаа хийх гэж байсан мөнгөө өгье гэж аавдаа хэлсэн юм. Аав шууд зөвшөөрсөн. Хүн хүндээ туслах ёстой гэж аав хэлсэн. Би ч гэсэн тэгж боддог.
-Хандивын аянг зохион байгуулж байгаа ах, эгч нартаа өөрөө очиж хандиваа өгсөн үү?
-Аав, дүү хоёртойгоо Хаан банкны АТМ орж, О.Дөлгөөн ахын хандивын данс руу мөнгөө шилжүүлсэн.
-Ч.Удвал ирээдүйд ямар мэргэжилтэй болно гэж боддог вэ?
-Би ирээдүйд эмч болно гэж боддог.
-Зуныхаа амралтыг яаж өнгөрөөж байна?
-Би зуслан дээр очиж, өвөө, эмээдээ тусалж байгаа. Эмээдээ аяга, тавгийг нь угааж өгдөг. Харин өвөөгийнхөө хий гэсэн болгоныг нь хийж өгч тусалдаг. Бас долоон сард багтааж гэрийн даалгавраа хийж дуусгах ёстой.
-О.Дөлгөөн ахыгаа эдгэвэл аавтайгаа очиж, тоглолтыг нь үзнэ гэж захиа бичсэн байсныг нь уншсан?
-Би аавтайгаа хамт сагс үздэг. Аав маань сагс үзэх их дуртай. Тийм болохоор О.Дөлгөөн ахыг эдгээд ирэхээр нь Спортын төв орж, аавтайгаа хамт сагсны тэмцээн үзнэ гэж бодож байгаа. Удахгүй биелэх байх аа.
-Ярилцсанд баярлалаа. Ухаантай, сайн хүн болоорой. Чамаар хүн бүр бахархаж байгаа шүү.
Сануулахад, Монголын оюутны сагсан бөмбөгийн лигийн тамирчин О.Дөлгөөн АНУ-д NBA-н шувтаргын тоглолтыг үзэн, аялж байхдаа хүндээр өвдөж, АНУ-ын Калифорни мужийн их сургуулийн эмнэлэгт элэгний B вирусын идэвхжил, салхин цэцэг гэсэн давхар оноштойгоор эмчлүүлж байгаа. Түүнд туслах хөдөлгөөн фэйсбүүк орчинд энэ өдрүүдэд эрчимтэй өрнөсөөр байна.
Та #Pray4Dulguun хандивын аянд нэгдэхийг хүсвэл түүнд дараах дансаар сэтгэлийн өглөг өгөх боломжтой.
ХАС БАНК - 5002942199 - Л.ОЧБАДРАХ (О.Дөлгөөний аав)
ХААН БАНК - 5721081225 - Л.ОЧБАДРАХ
Сэтгэгдэл ( 2 )
saihan setgeltei uhaantai mundag ohin baina. Ireeduin irged maani iim humuujiltei biye biye hairlaj tuslJ DEMJIJ BAIVAL Mongoliin ireedui gereltei oodrog baina
#Pray4Dulguun. Ямар хѳѳрхѳн, сүрхий охин бэ.