Монгол Улсын хууль тогтоомж төрийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг орон нутагтаа амжилттай сайн хэрэгжүүлэн 2018 оны ажлаараа Монгол Улсын шилдэг таван аймгийн нэгээр шалгарсан Увс аймгийн шагналыг энэ сарын 21-ний өдөр Монгол Улсын ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн аймгийн удирдлагуудад гардуулан өгч, баяр хүргэлээ. Увс аймаг нь шилдэг аймгаар шалгарахад иргэдээ ажлын байраар хангасан, эрүүл мэнд, боловсролын салбарт оруулсан хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил нь амжилттай хэрэгжсэн, шударга байдлын үзүүлэлт нь улсдаа хоёрдугаар байрт орсон зэрэг нь шилдэг аймаг болох үзүүлэлт болсон байна. Увс аймагт ажилгүйдлийн түвшин 2018 оны жил эцсийн байдлаар 10.2 хувьд хүрч 2017 оны жилийн эцсээс 2.9 пунктээр буурсан үзүүлэлтэй байна. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд ажлын байр бий болгох иргэдийн санал санаачилгад тулгуурлан 2018 онд 1202 шинэ ажлын байр бий болжээ. Авлигын эсрэг хуулийн 18.1.7-д заасны дагуу 2018 оны аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын шударга байдлын үнэлгээгээр Увс аймгийн ЗДТГ нь 74 хувиар хоёрдугаар байр эзэлсэн байна.
Увс аймагт 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 2016 онд 55 байсан бол 2017 онд 45, 2018 онд 38 болж тогтмол буурчээ. 2018 онд ЭЕШ-ийн сорил унших машинтай болсноор урьдчилсан дөрвөн удаагийн сорилд давхардсан тоогоор 12300 сурагчид хамрагдаж, Элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноогоор улсын хэмжээнд Увс аймаг 520.6 оноогоор хоёрдугаар байр эзэлсэн байна. Өмнөх онтой харьцуулахад дундаж оноо 18.3 хувиар ахиж, долоон байраар урагшилсан байна. Увс аймгийн Бөхмөрөн улсын тэргүүний сумаар шалгарсан бол Улаангом сумын Ерөнхий боловсролын Хоёрдугаар цогцолбор сургууль улсын тэргүүний сургууль, Улаангом сумын 4 болон 5 дугаар цэцэрлэг Улсын тэргүүний цэцэрлэг боллоо. Аймгийн хэмжээнд үр тарианы үйлдвэрлэгчдийг дэмжих, үрийн дотоодын хэрэгцээг хангах зорилгоор Алтайскы-75 сортын 300 тонн үрийн буудайг ОХУ-аас авч ААН-үүдэд гэрээ хийж олгосны үр дүнд үр тарианы үйлдвэрлэлд сүүлийн 25 жилд аваагүй ургац хураажээ.
Мөн 2018 оны үйл ажиллагааны хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгдсэн дүнгээр Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлагуудаас Статистикийн хэлтэс, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр халамж, үйлчилгээний газар, Стандарт, хэмжилзүйн газар, Эрүүл мэндийн газар, Ус, цаг уур, орчны шинжилгээний газар, Хүнс хөдөө аж ахуйн газар улсад тэргүүлсэн зэрэг нь Увс аймгийн Монгол Улсын шилдэг аймаг болох үзүүлэлт болсон байна.
Сэтгэгдэл ( 0 )