Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар өчигдөр 972 айлын орон сууцанд иргэдийг хамруулах тогтоолын төслийг баталлаа. Тодруулбал, нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Буянт-Ухаа 2” орон сууцны хорооллын 972 айлын орон сууцыг нийслэлийн өмчид шилжүүлж, 30 хувийг зорилтот бүлгийн иргэдэд, 30 хувийг түрээслээд өмчлөх иргэдэд, 40 хувийг газар чөлөөлөлтөд зориулан зохион байгуулах саналыг Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар танилцуулсан.
Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан Тэргүүлэгч Ж.Батбаясгалан Буянт-Ухаа 972 айлын орон сууцаа хүлээн авах ажлыг яаравчлахыг хэлсэн. Тэгвэл Тэргүүлэгч Д.Бадарсангийн зүгээс “972 айлын орон сууцны 15 хувийг ахмадуудад өгнө гэхээр 143 ахмад л орох нь. Гэтэл маш олон ахмад хүсэлтээ өгчихсөн байгаа. Тэр олон ахмадуудынхаа асуудлыг яах вэ. Газар чөлөөлөлтөд 40 хувийг зориулах нь хэр зэрэг ач холбогдолтой вэ” гэсэн асуудлыг тавьсан. Үүнд Б.Сүхбаатарын зүгээс “Газар чөлөөлөлтөд зориулан 40 хувийг нь олгохоор тусгасан. Ингэснээр дараагийн байр, орон сууц барих, илүү олон байрыг барьж ашиглалтад оруулах боломж бүрдэнэ хэмээн тооцсон” гэлээ. Өнгөрсөн хугацаанд Ахмадын орон сууц хөтөлбөр хэрэгжсэн учраас энэ удаад найман чиглэлээр хуваарилж өгөх нь зөв гэсэн юм. Ийнхүү Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Буянт-Ухаа 2” орон сууцны хорооллын 972 айлын орон сууцыг нийслэлийн өмчид шилжүүлж, 30 хувийг зорилтот бүлгийн иргэдэд, 30 хувийг түрээслээд өмчлөх иргэдэд, 40 хувийг газар чөлөөлөлтөд зориулан зохион байгуулах тухай тогтоолын төслийг батлан гаргалаа.
Дашрамд дурдахад, Нийслэлийн орон сууцны мэдээллийн сан байгуулж иргэн, хуулийн этгээдийн зүгээс www.nosk.gov.mn цахим хуудас болон гар утасны NOSK апплекейшнээр хандан, мэдээлэл түгээх, хүлээн авах боломж бүрдүүлэхээр ажиллаж буй юм байна.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Сэтгэгдэл ( 1 )
Нийслэлд ирсэн одоо шудрага болно гэж байхгүй түрээсийн байранд оруулна гээд мөнгө аваад эхэлсэн сурагтай!!!!