Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлаар Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам баталжээ.
Энэхүү журамд тусгаснаар түрээсийн орон сууцанд залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, гачигдалтай иргэн, төрийн албан хаагч, хувийн хэвшилд ажиллагсад, өрх толгойлсон эцэг, эх, 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрхүүдийг хамруулах аж. Ингэхдээ түрээсийн орон сууцны нэг ам.метрийн үнийг сарын 6000 төгрөгөөр тооцож, гурав хүртэлх жилээр түрээслүүлэхээр тусгасан байна. Тэгвэл түрээслээд өмчлөх иргэдийн хувьд нийт тав хүртэлх жилийн хугацаанд түрээслээд өмчлөх боломжтойгоор тусгаж өгчээ.
Иргэдийн зүгээс түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтээ Нийслэлийн орон сууцны корпорац ХК-ийн цахим мэдээллийн санд хүсэлтийн хамт ирүүлэх бөгөөд үүндээ иргэний үнэмлэхийн хуулбар, гэр бүлийн гишүүний хамт ТҮЦ машины тодорхойлолт, орлого тодорхойлох баримт бичиг зэргийг хавсаргах юм.
Орлого тодорхойлох баримтад нийгмийн даатгалын болон тэтгэвэр тэтгэмжийн дэвтэр, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн орлого нотлох баримт зэргийг оруулж байгаа юм. Мөн өөрийн өмчлөлийн инженерийн хангамжтай, эсхүл нийтийн зориулалттай орон сууцгүй болохыг тодорхойлсон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, залуу гэр бол гэрлэлтийн лавлагаа, ахмад настан бол тэтгэврийн дэвтрийн хуулбар, гачигдалтай иргэн бол гамшгаас хамгаалах төрийн захиргааны байгууллагын дүгнэлт, акт, тухайн дүүргийн тодорхойлолт зэргийг мөн бүрдүүлэх ёстой юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний тухайд халамжийн дэвтэр, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоосон акт бүрдүүлэх бол өрх толгойлсон эцэг, эхийн тухайд өрх толгойлсон болохыг нотлох баримт бүрдүүлэхээр тусгажээ. Тэгвэл 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш насны хүүхэдтэй гэр бүлийн тухайд хүүхдүүдийн гэрчилгээ холбогдох баримт бичгийг бүрдүүлэхээр журамд тусгажээ.
Түрээсийн орон сууцыг олгохдоо тодорхой хуваарилалтын дагуу олгох бөгөөд залуу гэр бүлд 20 хувь, төрийн албан хаагчдад 25 хувь, хувийн байгууллагын ажилтнуудад 20 хувь, 18 хүртэлх дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлд таван хувь, өрх толгойлсон эцэг эхэд таван хувь, өндөр настан тэтгэвэр тогтоолгосон ахмадуудад таван хувь, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүлд 50 хувь, гамшигт аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэдэд таван хувийг олгохоор квот тогтоогоод байгаа аж.
Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтээ ирүүлсэн иргэдийн сонгон шалгаруулалтыг явуулахдаа нийслэлийн засаг даргын захирамжаар сонгон шалгаруулах комисс байгуулах бөгөөд тус комисс нь сугалаа болон эрэмбэлэх хэлбэрээр шаардлага хангасан иргэдийг сонгон шалгаруулахаар тусгасан байна. Ингээд сонгон шалгаруулах комиссын шийдвэрийг үндэслэн орон сууц түрээслэх эрх нь баталгаажсан иргэдэд НОСК-аас түрээсийн батламж олгох юм. Батламж авах эрхтэй болсон иргэн эхний сарын түрээсийн төлбөр, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, элэгдлийн санг тооцсон гурван сарын түрээсийн зардалтай тэнцэх хэмжээний барьцаа төлбөр төлөх юм. Ингэснээр төлбөр төлсөн иргэн, НОСК хоёр түрээсийн гэрээ байгуулснаар эрх нь баталгаажих юм.
Сэтгэгдэл ( 1 )
Шууд цахимаар хүсэлт авна гээд бсан чинь бас баахан цаас өгөх гэж хүмүүсийг алалцуулах юм уу? Цахим гэдгийг би арай өөрөөр бодож блаа