ZINDAA.MN: Баяр наадмын ЦОГЦ МЭДЭЭ

Админ | Zindaa.mn
2019 оны 07 сарын 12

НААДАМ - ЦОГЦ МЭДЭЭ

Мэдээллийн Zindaa.mn сайт Тулгар Төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн, Сур, шагайн асраас сурвалжлан, шуурхай мэдээлэн, сайт болон фэйж хуудсаар шууд дамжуулан хүргэж байна.

Бид уншигч та бүхнийг бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сур, шагайн харвааны мэдээллийг видео, зураг, текст хосолсон мэдээлэл болон тойм хэлбэрээр шуурхай хүргэж байгаа тул уншигч та сайтын НААДАМ-2019 цэснээс бүрэн мэдээлэл аваарай.

Мөн Zindaa.mn сайтын албан ёсны фэйж хуудсыг дагаж, хүссэн мэдээллээ хамгийн шуурхай уншина уу.

Дэлхийд данстай Монгол наадмыг дотооддоо төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт суугаа монгол түмэндээ хүргэхээр ийнхүү ажиллаж байна. 


НААДМЫН ОНЦЛОХ СЭДВҮҮД
 

ӨНЦӨГ: "THE HU" ХАМТЛАГ НЭЭЛТЭД ИРСЭН БОЛ...

Найруулагч Ц.Цоггэрэл болон уран бүтээлчдэд баяр хүргэе. Гэхдээ мэдээж хүн бүхэнд наадмын нээлт сайхан санагдаагүй байж болно. Ядруухан гэж шүүмжлэх хүмүүс ч байгаа байх. Олон улсын түвшинд хүрсэн нээлт, түүх уламжлал, ёс заншил, соёл урлагаа дэлхийд гайхуулах боломжийн тухай бид олон жил ярьж байгааг бичилгүй өнгөрөхийн аргагүй. Сая жишээ нь, хүннү рок урсгалыг дэлхийд дэлгэрүүлж яваа "The Hu" хамтлагийг хүлээсэн наадамчид цөөнгүй байсан байх.

Өмнөх жилүүдийн наадмын нээлтийн тоглолтод цэргүүдийг хэдэн зуугаар нь дайчилдаг байв. Урт урт дээлэндээ хөглөрөлдсөн, жад сэлэм барьсан цэргүүд тарж бутарч гүйлдсэн үзүүлбэр энэ жил давтагдаагүй нь сайн хэрэг. Наадмын нээлтэд Үндэсний урлагийн их театр, Улсын драмын эрдмийн театр, Дуурь, бүжгийн эрдмийн театр, Улсын филармони, Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулга, Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулга, Монголын Хүүхэлдэйн театр, Цэргийн анги, "Улаанбаатар" чуулга, "Түмэн эх "чуулга, СУИС, Хөгжим бүжгийн коллеж, Улсын цирк, Онцгой байдлын газар, Биеийн тамир спортын хороо, Монголын хүүхдийн ордон, БСШУСЯ-ны Боловсролын газар, Хүүхдийн төлөөх газар зэрэг байгууллагуудын 2000 шахам уран бүтээлч, 600 цэргийн алба хаагч, арын албанд 300 орчим хүн ажиллажээ. ДЭЛГЭРЭНГҮЙ 


ВИДЕО: НААДАМЧДЫГ УЙЛАХАД ХҮРГЭСЭН ҮРЭЭ, ХҮҮ ХОЁР

Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын шүдлэн насны морьдын уралдааны үеэр хол тасархай түрүүлж явсан зээрд халзан үрээ хадуурч, бүдрэн унасан билээ. Азаар унаач хүүхэд болон хурдан морь бэртэж гэмтээгүй ба унаач хүү босон хурдан үрээгээ унаж, гүйцэгдсэн морьдыг дайран айргийн гурваар хурдалсан нь хүмүүсийг огшоосон торгон агшин болсон. Авхаалжтай хүү Ц.Баярбаттай барианд орсных нь дараа цөөн хором ярилцсан юм. Наадамчдын нүдэнд нулимс мэлтэлзүүлж, түмний хайрыг татсан унаач хүү ийн сэтгэгдлээ хуваалцлаа.


Ц.БАЯРБАТ: БАРИА ДӨХӨХ ҮЕД ХАНАРАХААР НЬ ТАТСАН ЧИНЬ БҮДЭРЧИХЛЭЭ
 


 

-Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу. Хэдэн жил хурдан морь унаж байна?

-Намайг Цэцэгжамцын Баярбат гэдэг. 13 настай. Дөрөв дэх жилдээ хурдан морь унаж байна.

-Морь нь яагаад бүдэрчих вэ?

-Бариа дөхөх үед уяа руу ханарахаар нь татсан чинь бүдэрчихлээ. Үрээ маань дандаа л үзүүр дээр ханараад байдаг юм.

-Энэ үрээгээ өмнө нь унаж уралдаж байв уу?

-Энэ морио жил гаруй унаж байна. Өнгөрсөн жил Булган аймгийн 80 жилийн ойн уралдаанд зургаад хурдалж байсан.

-Энэ жил хэдэн насны морь унаж байна вэ?

-Бүх насны морь унаж байгаа. Хязаалан насны морьдын уралдаанд айрагдсан. Төв аймгийн Баян сумын Б.Нямжавын хээр үрээг унаж айрагдуулсан. ДЭЛГЭРЭНГҮЙ 


Г.ЦОГГЭРЭЛ: БИ ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТ ХИЙСЭН ГЭЖ ХЭЛЭХГҮЙ

Баяр наадмын нээлтийн найруулагч Г.ЦОГГЭРЭЛ

-Миний сэтгэл огшиж байна. Монголчууд омогшил, бахархал дүүрэн ард түмэн шүү дээ. Би тэрийг л харуулахыг хичээсэн юм. Үндэсний их баяр наадмыг өмнөх жилүүдэд найруулсан бүх хүнийг би мундаг гэж хэлнэ. Наадмын найруулгадаа би ард түмнээсээ санал, асуулга авсан. Энэ нээлт бол тэдний хүсэл. Хүслийг нь биелүүлсэн би ямар аз жаргалтай байна гээч. Үндэсний их баяр наадам бол Үндэсний мюзикл. Найруулгын хувьд гэхээсээ илүү технологийн хувьд илүү дэвшилттэй зүйлүүдийг харуулсан. Би дэлхийн хэмжээний нээлтийг хийсэн гэж хэлэхгүй. Гэхдээ хийж чадах нөхцөл, боломж байна гэдгийг харуулсан гэж бодож байна. Зарим зүйл дутуу байгааг үгүйсгэхгүй. Бид өнөөдөр Монголын билгэдэл болсон таван нүдэн хэлбэрийг болон дэлгэсэн тэрлэг шиг Монгол нутгаа харууллаа. Бидний омогшил, бахархал бүхнийг багтаах гэж хичээсэн. Надтай хамт талбай дээр ажилласан найруулагч, бүжигчин Э.Ган-Очир тэргүүтэй 2500 гаруй уран бүтээлчдэдээ баярласнаа илэрхийлье. Энэ жилийн наадмын төсөвт 600 сая төгрөг төсөвлөгдсөн. Гэхдээ энэ нь үнэхээр хүрэлцээгүй. ДЭЛГЭРЭНГҮЙ 


МОНГОЛ НААДАМ ҮЗЭХЭЭР 100 МЯНГАН ЖУУЛЧИН ИРЖЭЭ

Жил бүрийн долоодугаар сард Монгол Улсыг зорьж ирэх жуулчдын тоо ийм хэмжээний байдаг аж. Жуулчид гэр бүл, найз нөхөдтэйгөө болон ганцаар аялж, Монгол Улсыг, монгол наадмыг үзэж сонирхохоор ирсэн байлаа.

Тэд Монголын хээр талаар аялж, наадмын нээлт, бөх, сур болон шагайн харваа үзэж, сэтгэл оюунаа баясгаж байв. Гадны жуулчдын дийлэнх нь анх удаагаа айраг ууж, хуушуур идэж үзэж буй харагдсан. Айрагны өвөрмөц амтыг гайхах нэгэн байхад хуушуур анх удаагаа идлээ, ердөө хоёрхныг идээд цадсан гэж ярих жуулчид ч байлаа. ДЭЛГЭРЭНГҮЙ 


НААДАМ 2019: ТӨРИЙН ТҮШЭЭД, АЛДАРТНУУДЫН ГОЁЛ

Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадам эхэлж байна. Төв цэнгэлдэх хүрээлэнд төрийн их баяр наадмаа үзэхээр хүрэлцэн ирсэн төрийн өндөрлөг, түшээд, хүндэт зочдын гэрэл зургаас сонирхуулъя. ДЭЛГЭРЭНГҮЙ 


ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААНЫ МЭДЭЭЛЭЛ, ДҮЙЗ

Тулгар Төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны мэдээллийг нэгийн даваанаас, барилдааны оноолт, дүйзийг гурвын даваанаас эхлэн бүрэн танилцуулж байна. ДЭЛГЭРЭНГҮЙ 

 


ШУУД ДАМЖУУЛАЛТ ҮЗЭХ

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top