Өчигдөр буюу 2019 оны долоодугаар сарын 16-ны өдрийн 13:00-16:00 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороонд оршин суух, 27 настай эмэгтэй Т-гийн гэрт хулгайч орж, эд зүйлс хулгайлсан хэрэг гарчээ.
Хэргийг 12 настай эрэгтэй Б, 10 настай эрэгтэй Э нар бүлэглэн үйлдсэнийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн алба хаагчид шуурхай илрүүлэн, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэргийг шалгаж байна.
Иймд, эцэг, эхчүүд бага насны хүүхдээ хаана, юу хийж байгааг хянах, хараа хяналтаа дээшлүүлэх шаардлагатайг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Мөн иргэд та бүхэн олон хоног аялал зугаалгаар явах гэж байгаа бол гэрийнхээ эд зүйлийг найдвартай хүнд захиж үлдээх, цоожоо шалгах, мөн хөршдөө захих гэх мэтээр дор бүрнээ анхаарлаа дээшлүүлэхийг онцгой анхаарах нь чухал.
ЦАГДААГИЙН АЖИЛТНЫ НЭР БАРЬЖ, МӨНГӨ АВЧЭЭ
Мөн өчигдөр “Урлан бүтээх төв" орчмын Түргэн үйлчилгээний цэгт өөрийгөө цагдаагийн албан хаагч гэж танилцуулсан залуу орж ирэн, худалдагчийг торгоно хэмээн сүрдүүлж, 40000 төгрөг, хоёр хайрцаг тамхи мэхэлж авсан хэрэг бүртгэгдсэн байна. Иргэний гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид эл хэргийг шалгахад 25 настай, эрэгтэй, У гэгч цагдаагийн ажилтны нэр барин, дээрх хэргийг үйлдсэн болох нь тогтоогджээ.
Худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд хууль зөрчилгүй үйл ажиллагаагаа явуулж ашиг хонжоо олох гэсэн иргэдийг гэмт үйлдэлд автагдахгүй байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллахыг анхааруулж байна.
Сэтгэгдэл ( 0 )