-ТАНГАРАГ ӨРГӨСӨН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД АМЬ БИЕЭ ХАЙРЛАЛГҮЙ ТА БИДНИЙ ТӨЛӨӨ АЛБАН ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛСЭЭР ЯВНА-
Тээврийн цагдаагийн албанаас алба хаагчдын ажил үүргийг таниулах, албан үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн алба хаагчдынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэх, үйл хэргийг нь мөнхжүүлэх, тэдний гэр бүл үр хүүхдэд хүндэтгэл үзүүлэх “Бид мартахгүй” арга хэмжээ өчигдөр /2019.07.17/ болж өнгөрлөө.
Тус арга хэмжээнд Тээврийн цагдаагийн албаны дэд бөгөөд Захиргаа удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа С.Жавхлантбаатар болон бусад албаны хүмүүс, амь үрэгдсэн алба хаагчдын ар гэрийнхэн оролцсон юм. Нийт цагдаагийн алба хаагчдаас өнгөрсөн хугацаанд 70 гаруй алба хаагч ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан байдаг. Үүнээс 15 нь замын хөдөлгөөн, аюулгүй байдлын зохицуулагч, замын цагдаагаар ажиллаж байжээ. Албан үүргээ нэр төртэй биелүүлж, мөр зэрэгцэн алхаж явсан мэргэжил нэгт нөхдөө хүндэтгэж оролцогчид арван хором чимээгүй зогслоо.
Хэдийгээр өнөөдөр дайн дажингүй энх амар цаг ирсэн ч эх орон ард түмнийхээ төлөө амь насаа хайрлахгүй хэмээн тангараг өргөсөн эгэл баатрууд бидний дунд бий гэдгийг хурандаа С.Жавхлантбаатар онцлоод, амь үрэгдсэн алба хаагчдад зориулан бүтээсэн богино хэмжээний баримтат киног танилцуулсан юм.
М.ЗАГД: АМЬ НАСАА ҮРГЭЛЖ ХАМГААЛЖ БАЙГААРАЙ
Авто замын хөдөлгөөн зохицуулагч З.Ганбат агсны аав М.Загд “Миний хүү Ганбат одоогоос 31 жилийн өмнө 1988 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хөдөлгөөн зохицуулж яваад автобусанд мөргүүлж амь насаа алдсан. Би хүүгээ анх цагдаа болоход нь сонор сэрэмжтэй байгаарай гэж захидаг байсан. Одоо ч цагдаа нартаа захимаар байна. Зам зохицуулах ажлаа хийлгүй л яахав. Гэхдээ өөрийн амь насаа үргэлж хамгаалж байгаарай” гэсэн юм.
Г.ДАШДУЛАМ: МИНИЙ ХҮҮГ ЭРГЭН ДУРСДАГ ЦАГДААГИЙН БИЕ БҮРЭЛДЭХҮҮНД ТАЛАРХАЖ БАЙНА
Замын цагдаагийн албаны зохицуулагч Г.Өнөрбаатар агсны ээж Г.Дашдулам “Миний хүү 1973 онд төрсөн. Нийслэлийн 48-р сургуульд 1989 онд төгсөж засварчин жолоочоор ажиллаж байгаад 1991 онд цагдаагийн газрын дэргэдэх курст суралцан дараа жилээс нь Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийн албанд жолооч зохицуулагчаар ажиллаж байсан. Хүү минь 1998 оны тавдугаар сарын 29-ний өдөр 25 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлж одсон. Тухайн үед таван настай хүүхэдтэй, эхнэр нь жирэмсэн байсан. Одоо таван настай байсан хүүхэд нь энэ жил 25 хүрч байгаа. Харин ээжийнхээ гэдсэнд байсан охин нь 21 хүрч байна. Хүүгээ алдаад 21 жил боллоо. Миний хүүг эргэн дурсаж байдаг цагдаагийн газрын бие бүрэлдэхүүнд талархаж байна” гэлээ.
Р.САНЖДААСАРАН: ААВ МААНЬ АЖИЛДАА ЯВААД ЭРГЭЖ ИРЭЭГҮЙ
Замын цагдаа Д.Раднаабазар агсны охин Р.Санждаасаран “Намайг зургаадугаар ангид байхад аав маань ажилдаа яваад л орой нь эргэж ирээгүй. Аавыгаа өнгөрөхөд хүүхэд байсан болохоор буцаад ирэх л юм шиг санагддаг байсан. Яагаад ч юм аав шигээ замын цагдаа хүнтэй суусан. Талийгаач аав маань явуулсан ч юм шиг санагддаг юм” хэмээлээ.
Энх цагийн эгэл баатруудыг эцэг эх ар гэрийнхэн нь ийн дурсаж, мэргэжил нэгт анд нөхөд нь тэдний баатарлаг үйлсэд дахин дахин мэхийн ёсолж байлаа. “Амар тайван амьдралын төлөө хамтдаа” уриатай Монгол Улсын цагдаагийн байгууллага, тангараг өргөсөн үе үеийн цагдаагийн алба хаагчид амь биеэ хайрлалгүйгээр өдгөө ч та бидний төлөө ажиллаж, албан үүргээ амжилттай биелүүлсээр явна.
Сэтгэгдэл ( 0 )