ӨМНӨГОВЬ: "Тост, Тосон бумба" хэлэлцүүлэг болно

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 07 сарын 29

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших төрийн тусгай хамгаалалттай Тост, Тосон бумбын нуруу орчимд уул уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулж буй нь байгаль орчны эко систем болон нутгийн уугуул иргэдийн эрх ашигт хор хохирол учруулж буй эсэх, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн эсэх асуудал өрнөөд буй. Тиймээс Өмнөговь аймгийн иргэдийн санаачилгаар тал бүрийн тайлбар, мэдээлэл, байр суурийг харилцан солилцож, ойлголтын зөрүүг багасгах, улмаар үүсээд буй асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх зорилгоор “Тост, Тосон бумба” үндэсний хэлэлцүүлгийг зохион байгуулах болсон билээ.

“Эрс шинэчлэл хөдөлгөөн”, “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” төрийн бус байгууллага хамтран зохион байгуулж буй цуврал хэлэлцүүлгийн эхнийх өнөөдөр /2019.07.29/  Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотод болно. 

Хэлэлцүүлэгт нутгийн иргэд, байгаль орчны мэргэжилтэн, судлаачид болон энэ чиглэлд үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, компаниудын төлөөлөл, шийдвэр гаргах түвшний нийт 300 гаруй хүн оролцоно. 

"Тост, Тосон бумба" үндэсний хэлэлцүүлгийг мэдээллийн ивээн тэтгэгч "ТV8" болон "ТV5" телевиз үзэгчдэд шууд дамжуулан хүргэнэ. Мөн Zindaa.mn сайт сошиал орчинд шууд хүргэнэ. 

Энэхүү үндэсний хэлэлцүүлэг нь нийгэмд үүсээд буй ойлголтын зөрүү, талцал, бухимдалд эцсийн хариултыг өгч, Монгол Улсын хуулийн дагуу асуудлыг шийдвэрлүүлэх зорилготой.

Хэлэлцүүлгийн хоёрдугаар шат 2019 оны наймдугаар сарын 09-нд Улаанбаатар хотноо Төрийн ордонд товлогдсон бөгөөд уг хэлэлцүүлэгт шийдвэр гаргах түвшний албан тушаалтнууд, УИХ-ын гишүүд, салбар яамд, төрийн байгууллагын төлөөлөл, төрийн бус байгууллагууд, эвсэл холбоод, нутгийн иргэд зэрэг нийт 120 хүнийг хамруулахаар болжээ.

Хэлэлцүүлгээр уг асуудалд холбогдох болон асуудлыг харьяалах бүхий л байгууллагын мэдээллийг нээлттэй сонсч, харилцан санал солилцох юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top