ОЛОН ӨНГӨ: Байгаль эх

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 30

Аялал эхлэх цаг мөч ойртсоор, сэтгэл догдлол дээд цэгтээ хүрч байлаа. Бие маань байрандаа хэдий ч сэтгэл зүрх минь аль хэдийн хилийн дээс гараад явчихсан. Хүсэн хүлээсэн мөч ирж, болзсон газраа товлосон цагтаа хүмүүсийн эхний эгнээнд багтчихсан зогсож байв.

Таньж мэдэхгүй олон хүмүүстэй дөрөө харшуулан нутгаа орхин явлаа. Замын турш сэтгэл догдолж ийш тийш харж, сууж ядан явсаар. Анх удаа нутгаасаа гарч харийн орныг зорьж буй надад юу эс бодогдохуй. Үе үе хайртай хүнээ бодож санаа алдавч зорих газрын сайхан нь нүдэнд харагдаж бодлыг минь замхруулж байлаа. Хүний нутагт ороод ирлээ. Үнэхээр сонин, бүх юм өөрчлөгдөж байгааг цонхоор харж алмайрсаар л явлаа. Ийнхүү гайхширч алмайрсаар Байгаль далайн хөвөөнд хүрээд ирлээ. Гайхамшигтай сайхан, үзэсгэлэнтэй юм аа. Би ч хурдхан л өрөөндөө орж хувцсаа сольж далайн эрэг рүү нисэх нь холгүй гүйн очлоо. Ямар тансаг юм бэ? Орчноо харж танилцаж, мэдэрч байгаль эхтэй ярилцаж зогсоно. Ийнхүү догдолсоор далай руу шумбан орлоо. Ямар сайхан гээч, би загас шиг далайд сэлж тэрхүү богино хугацаандаа амьдарч байв. Гарах, холдохыг ч хүсэхгүй хэсэг хором жаргалаа.

Тэнд байгаа хүмүүсийн нүдэнд над шиг баярласан, догдолсон харц үгүйлэгдэж байв. Би гэхдээ тэд нараас илүү жаргалтай байсан юм. Байгаль эх чи хүний сэтгэлийг ямар ч үед цэнгүүлэн жаргаах юм даа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top