ОЛОН ӨНГӨ: Ээж, аавдаа баярлалаа

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 05

Өнөөдөр миний төрсөн өдөр.  Хүмүүн хэмээх ховорхон заяаг олон ижий аавдаа инээд хөөр, аз жаргал бэлэглэн мэндэлсэн өдөр маань. Энгэрээс минь цагаан сүү асгардаг болсноос хойш урьд урьдынхаасаа уяхан болсон юм болов уу. Нас нэмэх тусам ухаажиж яваа юм болов уу мэдэхгүй юм. Өглөө босоод ээж аавдаа баярлалаа, баярын мэнд хүргэе гэхээс өөр юм хэлж чадсангүй. Уйлах гээд. Уг нь өчигдөр орой ээж аавдаа хязгааргүй их хайртайгаа, ямар их баярлаж явдгаа хэлнэ дээ гээд бодож бодож унтсан юм.

Ээж болсон тэр л агшинд ээжийнхээ мэдэрсэн өвдөлт, ээжийнхээ мэдэрсэн хайрыг биеэрээ мэдэрч улам ихээр таныгаа хайрлаж билээ. Та хоёр маань миний энэ л насан дээр яг л над шиг  хөөрхөнтэй байжээ. Миний одоо мэдэрч байгаа аз жаргалыг мэдэрч, өглөө бүхнийг инээмсэглэлээр угтахыг,  өвдөх эрхгүй амьдрахыг, хүсдэг бүх хүсэл нь зөвхөн надтай холбоотой болж, ямар ч шуурганд зогсож болохгүй гэдгийг ухаарч байжээ гэж бодохоор сайхан санагдана. Хатуухан үгээр зэмлэж биш ухааруулж, хайрын дээдээр өсгөсөн болохоор та хоёрын тухай бодох агшинд л өөрийн эрхгүй нулимс урсах юм. Та хоёр минь эрүүл энх байж, урт удаан наслаарай. Өнөөдөр миний баяр та хоёрын минь баяр шүү. Хариу нэхэлгүй энэ дэлхийн хэнээс ч илүү хайрлаж, хамгаалж, дэмжиж байдагт тань баярлалаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top